Н.Энхбаяр улс төрийн тайзнаа дахин “уригдаж” вальс эргэх үү

Энэ бол МАХН-ын амлаад буй бараг үнэгүй гэгдэх байранд орохоор цугласан иргэд. Н.Энхбаяр  даргатай МАХН-ынхан  хүүгүй ипотекийн зээл олгоно гэх зарыг тараасны дараа иргэд МАХН-ын төв байрны гадаа цугласан нь энэ. Н.Энхбаярт Монголын улс төрд жинхэнэ утгаараа “хаан” байсан үе бий. Тэр 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-ыг нь МАХН-д авч чадсан. Тухайн үедээ ялсан намын тэргүүний хувьд Ерөнхий сайдаар томилогдож ажилласан байдаг. Хэдийгээр  2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас наймдугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан. Түүгээр ч зогсохгүй 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Харин түүний “хаанчлал” 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар төгсгөл болсон. Тэр үүнээс хойш улстөрд мартагдсан нэгэн болов.  Улмаар Н.Энхбаяр 2012 онд  БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарийн намын удирдлагуудтай нэгдэж эв нэгдлийн санамж бичигт гарын үсэг зурж, таван сум багцлан сүр дуулиан болж байсан. Гэвч түүнийг баривчлагдсаны маргааш нь Б.Жаргалсайхан нь нүүр буруулсан. Гэсэн ч МАХН МҮАН-тай эвсэж “Шударга ёс” эвсэл байгуулан УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдсөн нь чамлахааргүй амжилт олов. Үнэндээ УИХ-д 11 суудал авсан нь тэдний хамгийн том амжилт байлаа. Тухайн үед АТГ-ынхан сүр дуулиан болж Н.Энхбаярыг баривчилсан. Үүний дараа Н.Энхбаяр төмөр торны цаана олон хоног өлсгөлөн зарласан.
Тухайн үед Н.Энхбаярыг өсгөлөн зарласны хүчинд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудалтай болсон тухай егөөдөл ч гарч байв.  Үнэхээр ч 2012 оны сонгуулийн дараа Н.Энхбаярыг дагасан бүхэн албан тушаалтай болсон.  Гэвч 2016 оны сонгууль МАХН-д ээлээ өгсөнгүй. УИХ-д ганцхан суудал авсан О.Баасанхүү нь ч намаасаа гарч буйгаа мэдэгдэв.  Харин одоо МАХН 2020 оны сонгуульд орох бэлтгэлээ базааж эхэлжээ. Ингэхдээ иргэдийн эмзэг цэгийг олоод харж. Нийслэлчүүдийн хувьд хямд үнэтэй, хүү багатай байр бол мөрөөдөл. Харин нийслэлчүүд энэ хүслээ биелүүлэхийн тулд 2020 оны сонгуулиар МАХН-ыг дэмжих ёстой.
МАХН-ынхны хувьд хүн амын тэн хагас нь аж төрдөг нийслэлийн иргэдийг “байртай болгох” аянаа өнгөрсөн долоо хоногт эхлүүлэв. Бүртгэл долоо хоногийн бүрийн амралтын өдөр үргэлжилнэ. 2012 оны сонгуулиар өргөст торны цаана өлссөний хүчинд намдаа 11 суудал авсан Н.Энхбаяр энэ удаад байртай болох иргэдийн хүсэл дээр тулгуурлан улстөрд эргэн ирэхээ “зарлав”  Нэг үгээр Н.Энхбаяр иргэдийн эмзэг цэг дээр дөрөөлөн Монголын улс төрийн тайзнаа дахин “уригдаж” вальс эргэхээр зэхэж байна.   

О.Онон   
Эх сурвалж: Оллоо.мн   
 
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан