МАН-ын генсек Д.Амарбаясгалан сонгуулийн СУРТАЛЧИЛГААГАА эхлүүлж, Говь-Алтайд бэлэг тарааж явна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж,сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Тэрбээр Говь-Алтайн 18 суманд ажиллаж, иргэдтэй уулзах шахуу хөтөлбөртэй явж байгаа аж.
МАСК ПРОДАКШНЫ ЖҮЖГИЙГ ҮЗҮҮЛЖ, ГАРЫН БЭЛЭГ, СЭТГҮҮЛ, НОМ ЗЭРГИЙГ ТАРААСАН НЬ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА МӨН ҮҮ
Д.Амарбаясгаланг дагалдан түүний зөвлөх Д.Очирбат, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, “Маск” продакшны жүжигчид тэргүүтэй 50 орчим хүн явж байна.
Тэрбээр нэг жилийн өмнө “Төрөлх Алтай” ТББ-ыг байгуулан Говь-Алтай руу чиглэсэн ажлыг санхүүжүүлж байгаа аж. Тиймээс уг төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг сая иргэдтэй уулзахдаа тайлагнажээ. Уулзалтад сумын төвийн иргэдээс гадна малчдыг урьж дуудсан байна.
Иргэдтэй уулзахдаа “Эмнэлгийн салбарыг дэмжиж тоног төхөөрөмж өгнө. Сүүлийн жилүүдэд ЭЕШ-ын оноогоор сүүл мушгиж буй Говь-Алтай аймгийн сурагчдын үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд боловсролын салбарт хөрөнгө оруулалт, шинэчлэлтийн ажлыг хийхэд анхаарна. Алтай нутгаа хөгжүүлнэ” гэж ярьсан байна.
Харин уг уулзалтын төгсгөлд “Маск” продакшныхан нутгийн иргэдэд зориулан хошин урлагийн тоглолтыг тогложээ. Тэр бүү хэл “Маск” продакшны жүжигчин  Ж.Мөнхсайхан “Энэ хүний санаачлагаар та бүхэн сайхан тоглолт үзэх гэж байна” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр уулзалтын дараа сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргааны байраар орж танилцаж тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээ илэрхийлжээ.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тэргүүлдэг “Төрөлх Алтай” ТББ сум бүрт төлөөлөгчтэй болж буй бөгөөд уулзалтын үеэр төлөөлөгчийг сонгон томилж байгаа юм байна.
-АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЬ “ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖЭЭРЭЙ”ГЭЖ ЯРЬЖ ЯВАХ НЬ ХЭР ЗӨВ БЭ-
Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж “Манай нутгаас төрсөн хүмүүсээс төрд хамгийн өндөр албан тушаал хашиж буй хүн бол Д.Амарбаясгалан юм. Тэгэхээр та бүхэн нутгийн хүүгээ дэмжээрэй” хэмээн ярьсан байна.
Бүхэл бүтэн нэг аймгийн иргэдийг төлөөлдөг төрийн албан тушаалтан сонгууль болоогүй байхад улс төрийн ажил хийж хэн нэгнийг илт дэмжин, дэмжихийг бусдад уриалж буй нь хэр зөв үйлдэл вэ. Энэ хүндээ ямар хариуцлага тооцох вэ У.Хүрэлсүх сайдаа.
-ИРГЭДИЙГ ЗУРАГ АВЧ, БИЧЛЭГ ХИЙХИЙГ ХОРИГЛОЖЭЭ-
Уулзалтын зургийг авч, бичлэг хийхийг оролдсон иргэдийн утсыг хурааж авчээ. Зургийг нь авсан хүмүүсийг “Боль” гэж загнасан гэх ч мэдээлэл байна. Тэрбээр мөн уулзалтын дараа иргэдэд гарын бэлэг өгсөн байна. Тодруулбал, ахмад настнуудад халууны шил, даралтны аппарат, дуран, аяга, цай өгсөн бол иргэдэд дуран, сэтгүүл, ном, гар чийдэнг өгсөн байна. Харин хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл цүнх зэргийг өгчээ. Дээрхээс гадна зарим сумдын багийн дарга нарт хурдан удмын азарган үрээг хүртэл бэлэглэжээ.
Түүний сэтгүүлийн нүүрт Д.Амарбаясгалангийн дээлтэй зураг, “Алтай нутаг минь уудам. Хийх ажил их байна” гэсэн бичиг байна.
Д.Амарбаясгалан Солонгосын алдарт Дэү корпорацийн захирал Ким Ү Жиний “Хорвоо дэлхий уудам. Хийх ажил их байна” гэдэг алдарт үгийг өөрчилж, өөрийн болгосон нь энэ.
Ийнхүү 2020 оны сонгуулийн сурталчилгаа эрт эхэлснийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн энэхүү үйл ажиллагаа харууллаа.

Т.Хулантахь     
Эх сурвалж: isee.mn   
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан