Төрийн албан тушаалтнууд шат шатандаа шонхорын наймаа хийгээд байна уу

Төв аймгийн Эрдэнэсант суманд сар гаруйн өмнөөс Арабууд том хэмжээний отог байгуулж, тэндээ шонхор шувуу олноор нь барьсан тухай мэдээлсэн. Тэгвэл энэ тухай тус аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил “БОАЖЯ-аас соёлын зориулалтаар шонхор барих зөвшөөрөл өгсөн. Тэр дагуу шонхор барьж байгаа отог. Үүнтэй холбоотой мэдээлэл гарсны дагуу Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулж, газар дээр нь очиж шалгасан. Зөвшөөрлийнхөө дагуу л үйл ажиллагаа явуулж байсан. 35 бил үү 45 шонхор барих зөвшөөрөлтэй юм билээ. 89 шонхор гэдэг мэдээллийг сайн мэдэхгүй байна. Шонхор барих чинь учиртай. Эхлээд барихад янз бүрийн л шонхор баригдана. Хөгшин, залуу, ашиглаж болох, болохгүй гээд. Тэндээсээ сонгоод, зөвшөөрөл авсан тоогоороо шонхороо аваад явдаг, бусдыг нь тавьдаг юм. Түүнээс биш 89 шонхор барих зөвшөөрөлгүй. Өмнө нь ч ийм маягаар л авч яваад, бусдыг нь тавьдаг. Бид хяналтаа тавина, аймгийн МХГ ч хянана. Цаашлаад хил гаалийнхан нарийн хяналт тавьдаг. Одоохондоо тэнд байгаа хүмүүс ямар нэг хууль зөрчөөгүй, ном журмынхаа дагуу л ажлаа хийж байгаа. Засгийн газраас соёлын зориулалтаар шонхор барихыг зөвшөөрсөн тогтоол гаргасан. Үйлдвэрлэлийн зориулалтаар барихыг бол хориглодог” гэсэн тайлбарыг хэвлэлд өгч байжээ.
Харин БАОЖ-ын сайд Н.Цэрэнбат “Манай яаманд иргэдийн зүгээс гомдол гаргаагүй. Хамгийн сүүлд Араб иргэдийн зүгээс “Албан ёсоор шонхор барих зөвшөөрлөө авчихсан байхад сумаас нь их хэмжээний мөнгө нэмж нэхээд байна. Монгол Улсын Засгийн газар шийдэж өгнө үү” гэсэн гомдол ирсэн. Жил бүр яг ийм технологиор  хэл ам гардаг. Өнгөрсөн жил Баянхонгор аймаг ийм асуудал гарч, Арабууд сая тэнд буухаас татгалзсан. Тэгээд ч шонхор өөрөө нүүдлийн шувуу учир арабууд жил бүр өөр, өөр аймагт ирдэг. Цагдаагийнхан ажиллагаа явуулах гэхээр дээгүүрээ хаачихдаг гэх яриаг олон нийтийн дунд зориуд тараах нь ч бий. Ер нь зөвшөөрөлгүйгээр шонхор барьж, хилээр гаргах боломжгүй.” гэх тайлбарыг өгчээ.
Энд онд уг нь Засгийн газрын шийдвэрийн дагуу арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргах квотыг 395-аар тогтоосон байдаг.
Гэтэл тус сумын Засаг дарга Ө.Машбаяр нь арабуудтай “Отог байгуулах гэрээ” гээчийг хийхдээ сарын хугацаа зааж, 15 шонхор барихыг зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ идлэг шонхор барих төлбөр хураамжийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.2-т заасны дагуу 40 хувийг орон нутгийн дансанд тушаах хэмээн заажээ. Үүнийгээ ердөө 96 сая төгрөгөөр үнэлсэн байгаа нь нэг шонхорыг хэдээр үнэлж байгааг нь төвөггүйхэн гаргаад ирэх боломжтой юм.
Үнэн хэрэгтээ аль 2016 онд нэг шонхор бэлэглэхээр гаргахад нөхөн төлбөр болгож орон нутгийн төсөв 6 сая 400 мянган төгрөг, тэмдэгтийн хураамж гурван сая 200 мянган төгрөг авна гэж заасан байдаг.
Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар энэ удаагийн барьсан отог нь өдөртөө 10 шонхор барьдаг, ойролцоогоор 900 хол давсан гэж байгаа. Харин аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил “барьсан шонхруудаасаа сонголт хийдэг” гэх утгатай зүйлийг ярьсан. Тухайн отог байгуулсан газар нь махчин шувуудын үржлийн селекци явагддаг, дэлхийд нэлээд дээгүүрт бичигддэг газар гэдгийг шувуу судлаачид хэлдэг. Гэтэл тийм дагшин, орон нутгийн хамгаалалт бүхий газраа арабуудад отог бариулчихаад, сонголт хийлгэнэ гэж суугаа нь эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй.
Эх сурвалжуудын хэлж буйгаар шонхор шувуу бэлчээрийг үлийн цагаан оготноос хамгаалахад хамгийн их үүрэг, оролцоотой. Гэтэл малчид нь бэлчээргүй болох аюултай нүүр тулаад байхад орон нутгийн удирдлагууд нь ашиг хонжоо хайж, шонхор шувуу бариулсанд гомдолтой байгаагаа дуулгалаа.
Иргэдийн хувьд дээрх гомдлоо Ерөнхий сайдын чихэнд дуулгахаар болсон байна. Учир нь хэдий Засгийн газрын өмнөх шийдвэр байлаа ч хэрэгжүүлэгч шатандаа буруугаар ашиглагдаж, байгаль орчинд халтай, ердөө л ашиг олох хэрэгсэл болж хувираад байгаа аж. Түүгээр ч зогсохгүй БОХЖ-ын сайд Н.Цэрэнбат зөвшөөрөлгүйгээр шонхор барьж, хилээр гаргах боломжгүй гэж байгаа ч анх барьсан шувуудаасаа сонголт хийж, заримыг нь үлдээж байгаа гэдэгт хэн хяналт тавьж байна вэ. Хуучин цагт байгууллагын нярвууд 4 дугуй цохоход талыг өгөх гэдэг байсан хэмээдэг шиг шонхрын наймаа эсрэгээрээ хуваагдах биш үржигдэж, албан тушаалтнууд мөнгө олох хэрэгсэл болгосоор байгаа юм биш биз дээ.

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан