Шүүх засаглалыг халааслах сонирхол хэнд байна вэ!

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа. Гэвч нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан УИХ-ын нэр бүхий 62 гишүүн болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэх үеэс нэлээд заалтад иргэдийн эрх ашиг хөндөхөөр болж, төрх нь өөрчлөгджээ.

Энэ талаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр зарим гишүүн үгээ хэлж байлаа.Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан“Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан.Түүнд гишүүд өнөөгийн төр нийгмийн тулгамдсан асуудал болох шүүхийн хараат бус хяналттай, хариуцлагатай, шударга болох зэргийг тусгасан байсан. Би ч шүүхийг шудрага болгох юм байна, Засгийн газрыг харьцангуй бие даасан байдал байна, УИХ-ыг хариуцлагатай болгох нь гэдэг байдлаар хандсан.Эргэлзээтэй зарим асуудал буюу намын жагсаалт, байгалийн баялагийг зүй зохистой болгох зэрэг зүйл заалтыг илүү оновчтой болгох зэрэг зүйл заалтыг ойлголцсоны үндсэн дээр гарын үсэг зурсан байсан. Гэвч яг хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулж ирэхэд 62 гишүүний өргөн барьсан төсөл нэлээд өөрчлөгдчихжээ. Өөрөөр хэлбэл, нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал нь нэлээд хөндөгдсөн байна” гээд өөрчлөгдсөн заалтуудыг задалж, тайлбарласан.

Наадмын өмнө иргэдэд танилцуулж байхад эерэгээр хүлээж авч байсан. Гэтэл Ерөнхийлөгч төслөө өргөн мэдүүлснээс хойш, зөвшилцлийн ажлын хэсгийнхэн ажилласны дараа өнөөдөр хэлэлцэж байгаа төсөл нь анхныхаасаа өөрчлөгдсөн байгаад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж байсан. Мөн анх хуулийн төслийг өргөн барихад хөндөгдөөгүй заалтыг хэлэлцэхгүй гэх хуулийн заалт бий. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хоёр төслийг зэрэг хэлэлцэх, нэгтгэн хэлэлцэх зэргийг хориглосон хуулийн заалт бий. Тийм байтал 62 гишүүний өргөн барьсан төслийг Ерөнхийлөгчийнхтэй “хутгалдсанаар” анх тусгагдаагүй заалтуудыг хэлэлцэж байгааа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүний тоо, бүрэн эрхийн хугацаа зэргийг анхны төсөлд тусгаагүй юм. Дараагийнх нь шүүх засаглалтай холбоотой асуудал байлаа.Т.Аюурсайхан гишүүний тайлбарласнаар “шүүх өнөөдөр Ерөнхийлөгчөөс бүрэн хараат байгаа. Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг томилдог. Бүр хугацаагүйгээр, бүх насаар нь томилчихдог. Энэ нь үе, үеийн Ерөнхийлөгчийг Монголын ард түмний эсрэг болгочихдог шүү дээ. Шүүх засаглал хараат бус, авлигажсан, шударга бус, гажуудалтай, захиалгатай байх нөхцөл дээрх томилгоотой холбоотой. ШЕЗ-д олон нийт, мэргэжлийн хуульч гээд олон талын төлөөлөлтэй байлгаж, Ерөнхийлөгч шүүгчийг зөвхөн батламжилдаг байхаар төсөлд тусгасан ч одоо бол бүгдийг хасчихсан байна. Шүүхийн шатанд олон асуудал гацсан байгаа. Эрдэнэттэй холбоотой, Б.Хурц тэргүүтэй эрүүдэн, шүүсэн, Жаст, Оюутолгой хэрэг зэрэг томоохон асуудлууд шүүхийн шатанд таг болчихсон. Нэр бүхий гишүүд тодорхой шүүгч нарыг солихыг олон удаа хөндсөн. Гэвч хараат байдлаас нь болоод чадахгүй байгаа.Эдгээрийг өөрчлөхийн тулд шүүхийн реформыг оруулсан ч Ерөнхийлөгч өөрийнхөө оруулж ирж, түүнийгээ хамгаалан энд хэлэлцүүлж байна.” хэмээж байлаа.    

Тэгэхээр өнөөгийн төрийн эрхэнд байгаа болон төрд нөлөө бүхий эрхмүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа шүүх засаглалыг хараат байлгаж, халааслах хүслээ агуулсаар байна. Мэдээж аль ч салбарт алдаа, оноо бий. Гэхдээ тогтолцоог нь, суурийг нь өөрчлөхгүй, зөв болгохгүй бол тэр л хэвээрээр байсаар байдаг. Яг түүнтэй адил шүүх засаглалд ч реформ хийж байж, цаашид шударга ёс, хараат бус байдал ярьж болохоор байгаа. Гэтэл тэр тогтолцоог бий болгож хуулийг нь батлах учиртай УИХ-ын гишүүд нь өөрсдөө буруу тогтолцоог нь дэмжээд сууж байгаа нь харамсалтай. Өөрсдөө шүүх засаглалыг “атгасан” хууль баталчихаад,  шүүгч, прокуроруудаас хэрэгжүүлэхийг шаардах нь зөв тогтолцоо гэж нэрлэх ямар ч боломжгүй юм.

Тиймдээ Т.Аюурсайхан гишүүний хэлснээр УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан анхны төслийн “төрх” нь өөрчлөгдчихсөн байхад гишүүд төслөө хамгаалахгүй, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоо, шүүх засаглалтай холбоотой заалтаа хамгаалсан ч байгалын баялагтай холбоотойг ойшоохгүй байгаа зэрэг нь хоёр төслийг нэтгэж, зөвшилцөх нэртэй ажлын хэсгүүдийн тохиролцоо гэх хардлагагы төрүүлж байгаа юм. Тэдэнд шүүх засаглал л хэрэгтэй. Тиймээс байгалийн баялаг, УИХ, Засгийн газар, шүүхийн хариуцлагын талаар юу ч, ямар ч заалт байлаа гээд шүүхээс гацааж, өршөөгдөж, уучлагдаж болох учраас ийн нэг хүний мэдэлд орхихыг хүсч байгаа бололтой.


Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан