Наадмаа аваръя гэвэл цагаан сарын барилдааныг допингийн шинжилгээтэй болгочих

Их Д.Нацагдорж “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж шүлэглэсэн байдаг. Энэ их учиртай. Эрийн гурван наадам дан ганц тэмцээн уралдаан гэхээсээ илүү бидний дэлхийн түмэн янзын соёлоос ялгах ондоошил юм.
Хорвоод монголчуудаас өөр хэдэн арван км-ийн цаанаас хурдан морио тавьж, жин харгалзуулахгүй барилдуулж, сур харваж нааддаг ард түмэн байхгүй. Эрт цагийн эрэлхэг түүхийн гэрч нь, энэ. Тиймээс бид хэдий дийлэнх нь хот газар суурин суух болсон ч наадмын өдрүүдэд аль болох монгол хувцаслаж, үндэс язгуураараа бахархдаг билээ л. Харин энэ жилийн наадам зарим ялзралыг ил гаргалаа.
Наад зах нь, хурдан морины уралдаан холион бантан болоон гэж уяачид халаглаж байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймгаас УИХ-д тав сонгогдсон болохоор улс төрийн хонжоо хайсан уу, эдийн засгийн боломж харсан уу мэдэх юм алга.
Түүний ивээл дор байгуулагдсан морины шинэ холбоо өнгөрсөн наадмыг зохион байгуулсан. Ингэхдээ эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн уриатай мэт байсан боловч эсрэгээрээ эрлийз морьдын эзнийг нь харж уралдуулсан гэх хэл аманд орчихоод байгаа.
Зарим уяач олон нийтийн сүлжээнд монгол морийг эрлийз гэж уралдуулахгүй хорьсон, эрлийз морьдыг мөнгө авч мордуулсан тухай ярьсныг олон хүн харсан байх. Хурдан морины хувьд товчхондоо ийм байна. Харин хүчит бөхийн барилдаан болоод үндэсний сурын харваанд допингийн асуудал дэгдлээ. Сурын харвааны түрүү допинг хэрэглэсэн нь батлагдаж бай шагналаа хураалгасан гэх.
Дээр нь энэ жилийн наадмын шөвгийн 16-н бөхийн допингийн шинжилгээний хоёр нь сөрөг гарсан тухай мэдээлэл байна. Тэрний нэг нь наадмын түрүү бөх Э.Оюунболд.
Тэрбээр “Монгол үндэсний бөхийн хоёр холбооны тэмцэл эцэстээ хүрсэн нь монгол бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Би 14 наснаасаа хойш аварга багшийнхаа шавь болж өдий хүрсэн. Аварга багш минь архи битгий уугаарай, допинг битгий хэрэглээрэй гэдэг хоёр зүйлийг захидаг байсан. Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Тэр допинг илэрсэн гэх шээс миний ДНК-тай тохирч байгаа эсэхийг ч шалгуулмаар байна. Бөхчүүдийн жалга довны үзэл дээд хэмжээнд хүрсэн. Бүгдээрээ монгол хүн байж нутгархахаа болъё. Би допинг хэрэглээгүй. Өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гэж байлаа.
Харин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос уржигдар түүнийг допинг хэрэглэсэн гээд зарлачихлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бөхийн салбар хороо хуралдана. Тэрний дараа Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдана. Тэгээд тэндээсээ шийдвэр гараад Ерөнхийлөгчид Э.Оюунболд аваргын цолыг хураах санал хүргүүлэх эсэх асуудлаа шийдвэрлэнэ. Журмаараа тэгж явдаг. “Б” сорьцийн шинжилгээ эсэхээ шийдэх хугацаа дууссан.
Шинжилгээ өгөх хариу өгөөгүй учраас зарлагдаж байгаа байх. Ямар ч байсан лабораториос тийм хариу ирчихсэн. Нэгэнт лабораторийн хариу ирчихсэн учраас түүнийг л үндэслэнэ.
Шээсний шинжилгээг авахдаа бөхчүүдийг зөвхөн улавч, дотуур хувцастай оруулдаг. Эргэн тойронд нь камер тавьчихсан байгаа. Бөхчүүд өөрсдөө таглаад өгч байгаа шүү дээ. Солих холих ямар ч юм байхгүй. Уг нь болдог бол наана нь бүх бөхөөс шинжилгээ авмаар байгаа юм.
Гэхдээ 512 бөхөөс авах боломжгүй, энэ арван хэдэн бөхийг шинжлэх гэж сарын хугацаа өнгөрч байна шүү дээ. Гадаад орны бусад тэмцээн ч гэсэн өмнө нь биш дараа нь допингийн шинжилгээ авч байгаа. Тийм учраас энэ бол цэвэр бөхчүүдийн хариуцлага, ёс зүйн асуудал” гэж ярьсан байна.
Бөхийн холбоо хуваагдчихсан юм уу, Бөхийн өргөөгөө булаацалдаад байгаа юм уу мэдэхгүй. Нэг талаас МҮБХ, нөгөө талд “Гацуурт”-ын Л.Чинбат нар л толхилцоод ганц байгаа бөхийн ордныхоо хаалга үүдийг өшиглөж эвдээд баахан л юм болж байна. Ийм увайгүй байдал дундаас ямар ч заль мэх гарч мэднэ. Тийм болохоор залуу аварга Э.Оюунболдын асуудалд бас хүлээцтэй хандахад буруудах юм байхгүй. Бас түүний хэлээд байгаа 2010 оноос хойших бөхчүүдийн шинжилгээний хариуг ил болго гэж шаарддаг ч учиртай.
Ерөөсөө элдэв төрлийн юм хэрэглэх байдал монгол бөхөд бугшаад уджээ гэж ойлгогдоод байна. Ноднин хоёрдугаар сард байх аа, Монголын үндэсний бөхийн холбооныхон Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтарч “Допинггүй монгол бөх” аяныг зохион байгуулж байлаа. Бөхчүүдээс санал авсны эцэст түүврийн аргаар үндэсний бөхөөр барилддаг 35 бөхөөс шинжилгээ авсан байдаг.
Харамсалтай нь, тэдний таваас нь буюу улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрсэн тухай мэдээлж байв.
Тухайн үедээ баахан хэл ам гараад өнгөрсөн уг явдлаас тэгвэл сургамж авсан газар байна уу. Их дэлгүүрийн ард нэг эмч юм уу, юу юм мэдэхгүй нөхөр гурван сая төгрөг өгвөл өргөн, өндөрт чинь тус бүрт нь таван см нэмэх тариа хийгээд өгье гээд сууж байдаг тухай сумын цолтнууд хүртэл ярьж байна.
Тэгэхээр одоо үндэсний бөхөө улмаар наадмаа аваръя гэвэл допингийн шинжилгээг барилдаан бүрээс авдаг болъё. Тухайлбал, цагаан сарын барилдаан байна. Түүнд түрүүлсэн бөх улсын наадамд аваргалсан адил хүндэтгэл хүлээдэг. Тэр жилийнхээ өнгийг бөхөөр нь тодорхойлох нь ч бий.
Хүү төрвөл цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхийн нэрийг өгдөг хүн цөөнгүй. Хэрэв энэ барилдаанаас допингийн шинжилгээ авдаг болчихвол жилдээ хоёр удаа шинжилдэг болно гэсэн үг. Ингэж байж энэ допингийн асуудлыг шийднэ. Түүврээр гуч гаруй хүнээс авахад таваас нь илэрч байна гэдэг чинь нөмөрчихсөн байгаа хэрэг биз дээ.
Жилдээ ганц удаа шинжилгээ авдаг болохоор элдэв төрлийн эм бодисын хэрэглээ хавтгай байгаа хэрэг. Олон улсын чанартай биш үндэсний спортууд ер нь допингийн шинжилгээ хийдэггүй л дээ.
Жишээ нь, сумогийн бөхчүүд допингийн шинжилгээ өгдөггүй. Гэхдээ өв уламжлал нь ёс суртахуун, дэг жаяг нь чанга. Манай үндэсний бөхийн хувьд бараг жалга, довныхоо баатрууд нь. Уламжлал болоод явж ирсэн зам нь ийм болохоор буруутгаад яах вэ. Харин шударга барилддаг болох нь чухал байна.
Ерөнхийдөө заалны барилдаанд дээгүүр явсан бөхчүүд л наадамд өнгөлдөг. Тэр нь энэ жилийн наадмаас ч харагдсан. Тэд асуудалгүй болчихвол наадам асуудалгүй явна гэсэн үг. Тэгэхээр ийм байна. Түрүү бөхийн допингийн асуудал дэгдсэнтэй зэрэгцээд Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны хурал болсон.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх, сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна” гэжээ.
Мөн тэрбээр допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Ерөнхийлөгчид уламжлахаа илэрхийлсэн тухай Засгийн газрын хэвлэлийн албаны албан мэдээнд дурджээ.
Үүний оронд дээр дурдсан Цагаан сарын барилдаан болоод бусад томоохон барилдаанууд допингийн шинжилгээтэй болчихвол улсын наадмаар элдэв асуудал гарах нь хязгаарлагдана.
Бөх хүн элдэв бэлдмэлд биш бэлтгэлдээ найддаг болох юм. Дагаад эрийн гурван наадмын нэр хүнд өсөж, монгол түмэн элдэв сэжиггүйгээр өв уламжлалаараа бахархаж, цэнгэн баясах билээ.

Ж.Сайхан
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
 


скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан