Аймгийн харцага, начингууд хүртэл шинэ цолны мялаалга наадам хийдэг болжээ
Төрийн ордонд болж өнгөрсөн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр энэ жил өвөлжилт хүндэрч магадгүйг албаны хүмүүс сануулсан. Наймдугаар сард орсон их борооны улмаас ургац хураалт хойшлох, болц удаашрах зэрэг шалтгаанаас хамаарч ургац алдах нөхцөл бүрдсэнийг салбарын яамнаас тариаланчдад анхааруулсан бол наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр цас орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй гэх мэдээллийг цаг уурын байгууллагаас өглөө. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх найр, наадмын сар дууссаныг сануулж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг шат шатныханд хатуу анхааруулсан. Гэвч эрхэм сайдын үгийг нохой хуцаж байгаан чинээ ч тоох хүн алга. Долдугаар сарын аравдаар улс орон даяар эхэлсэн их найр наадам хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн өнөө үед ч үргэлжилсээр. 21 аймаг, 330 сумын наадам ч яахав болдгоороо болоод өнгөрсөн. Харин албан ёсны наадмын дараах албан бус бэсрэг наадмууд бараг хоёр сарын турш үргэлжилсэн хэрнээ дуусах яагаа ч үгүй байна. Наадам хэссэн монголчуудын тоос шингэрэх ч янз алга.
Улсын баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүд түүнийхээ мялаалга наадмыг хийдэг уламжлалыг байх ёстой зүйл гэж үзье. Гэтэл сүүлийн үед аймгийн цолтнууд хүртэл нүсэр том мялаалга наадам хийдэг болжээ. Тэр ч байтугай аймгийн харцага, аймгийн начин цол хүртсэн нөхөд хүртэл бэсрэг наадам хийж, бөх барилдуулж, морь уралдуулж, сур харваа зохион байгуулж байгааг юу гэж ойлгох вэ. Тун удахгүй сумын заан цолны мялаалга наадам гэж сонсогдоход гайхах зүйл алга.
Жил бүр 120 орчим бөх шинээр аймаг, улсын цол хүртдэг гэх ерөнхий багцаа бий. Энэ жилийн тухайд аймгийн начин 70 гаруй, аймгийн харцага 20 орчим, аймгийн заан тав, аймгийн арслан цолыг 20 шахам бөх хүртжээ. Үүн дээр улсын баяр наадмын шинэ цолтнуудыг нэмбэл 120 гэсэн дундаж тоонд дөхөж очихоор байна. Харин энэ олон цолтнуудын ихэнх нь мялаалга наадмаа хийдэг болсон гэж тооцвол найр наадмын хөл есдүгээр сар гарсан ч тасрахгүй бололтой.
Бөхчүүд цолны мялаалга наадмаа хийнэ үү, болино уу бидэнд ямар хамаатай юм гэж зарим нь бодож магадгүй. Тийм биш юм аа. Учир нь шинэ цолтон бүр мялаалга наадмаа тухайн аймаг, сумын захиргаатай хамтран зохион байгуулдаг. Сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд энэ хэдэн өдөр бүхэлдээ наадмын зохион байгуулалтад дайчлагдана. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс чамгүй мөнгө зарцуулчихна. Бусад сумынхан шинэ цолтны наадмаа сайхан хийгээд байхад бид юунаас нь дутдаг юм гэх монгол зан үүнд нэрмээс болно.
Зөвхөн бөхийн тухайд ярихад ийм байна. Үүнээс гадна харваачид, шинэ цолны болзол хангасан уяачдын наадам гээд цааш үргэлжилнэ. Тийм харваачийн мэргэн цолны мялаалга наадам, ийм уяачийн алдрыг тэмдэглэх наадам гээд зөндөө л сонссон байх. Тэр ч байтугай хүүхдийн сэвлэг үргээх баярт зориулан бэсрэг наадам хийж, морь уралдуулах үеэр нэг нөхөр хоёр настай хүүхдээ морин дээр баглаж уяад уралдуулсан гэх дуулиан өнгөрсөн жил гарч байлаа. Аав нь тухайн үед торгуулаад өнгөрсөн санагдана. Гэхдээ даахины найранд зориулж бэсрэг наадам хийнэ гэдэг арай л дэндүү аархал уу.
Жижиг хэмжээний ганц наадам зохион байгуулахад хамгийн багадаа 20 сая төгрөгийн зардал гардаг гэх багцаа бий. Бөх, морь, сур харвааны бай шагнал, дуучдын үнэ хөлс, ирсэн зочдыг дайлж цайлах мөнгө болон зохион байгуулалтын бусад зардал багтаад энэ. Арай том, хөлтэйхөн наадам хийнэ гэвэл энэ зардал улам өсөх нь тодорхой. Өнгөрсөн зун манай нэгэн алдартай аваргад зориулсан наадам баруун аймгийн төрсөн суманд нь болж өнгөрлөө. Хамгийн гол нь эл наадмын бүх зардал тухайн сумын төсөрхөн төсвийг шавхаад зогсохгүй сумын албан хаагчдын цалингаас татаас авч байж нэг юм зохицуулсан тухай чих дэлслээ.
Ингэж наадамлаад цэнгэл авдаг гэвэл нэн харамсалтай биш гэж үү.
Гэтэл ийм хэмжээний зардалтай наадам 21 аймаг, 330 суманд жил бүр хэд хэдээрээ болж байна гээд төсөөл дөө. Ямар их үргүй зардал урсаж байгаа бол. Наадам хийж буй энэ мөнгөөр сумандаа ганц боловсон жорлон барьчих сэтгэл даанч алга даа.
Наадмын маргааш намар гэж монголчууд ярьдаг. Наадамлаж дууссан бол намар, өвлийн бэлтгэлээ эртхэн базаахыг сануулсан үг. Хотынхон ч яахав, дулаан хувцсаа зэхсэн байхад өвлийн бэлтгэл ерөнхийдөө болоод явчихна. Харин хөдөөгийн малчдын хувьд хадлан тэжээлээ бэлдэхээс авахуулаад хийх ажил мундахгүй. Гэтэл зуны сарыг зургаа юм шиг санаж наадамласаар анхны цас унахтай зэрэг гэнэт ухаарсан мэт сандардаг арчаагүй малчин өчнөөн бий. Тэгээд өвөл нь болохоор хотоо харлуулчихаад зуд турханд хамаг буруугаа чихээд сууж байх вий.
Сүүлийн үед малаа саадаггүй залхуу малчин олширсон гэж ярьдаг нь үнэний ортой. Одоо хот байтугай хөдөөд цагаан идээ нүдний гэм болсныг хүн бүр хэлдэг. Бидний багад захын нэг малчныхаар ороход цагаан идээгээр бялхаж байдаг сан. Хотоос ирсэн хамаатнууддаа даавуун уут дүүрэн хийж өгөөд явуулна. Харин одоо ингэж цагаан идээгээр халгиж цалгисан айл хэр олон байгаа билээ. Монгол 60 сая малтай хэрнээ 15 мянган төгрөгөөр ганц кг мах авч, ааруулын үнэ 20 мянгыг давж, сүүнийхээ 80 хувийг импортоор авч буй нь эмгэнэл биш гэж үү. Гэвч энэ бүгдийг тоож, анхаарлаа хандуулах ч сөхөөгүй наадамлаж, өдөр хоногийг өнгөрөөсөөр. Ерөнхий сайд анхааруулсаар байтал ийнхүү үл тоосон наадамчин монголчууд байгаль эхийн ниргэлт амсаж байж оройд нь орох гээд байх шиг санагдах юм.
Г.Баярсайхан
Эх сурвалж: Ubinfo.mn