Манай ихэс дээдэс завшиж болох бүх зүйлээс мөнгө "салгах” аргыг хэрэглээд, сүүлдээ шинэ аргад суралцсаныг жирийн иргэд олон түмэн тэр бүр сайн мэддэггүй бололтой.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, тосон бумбын нуруу орчимд тусгай зөвшөөрөлтэй байсан нь илэрч түүнийгээ Ерөнхий сайдаас буухаасаа өмнө өөр хүнд шилжүүлэн өгсөн ноцтой баримт саяхан ил боллоо.
Тэрээр 2017 оны есдүгээр сарын 13-нд Засгийн газрын тогтоол гаргаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицол гэгчийг баталсан байна.
Үүнээс хамгийн ноцтой нь Ж.Эрдэнэбат энэхүү тусгай зөвшөөрлөө өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж авсан баримт өдгөө ил болоод байна.
Үүний дараа сар гаруйн дараа буюу 2018 оны тавдугаар сард нэгэн шинэ компани байгуулагдсан нь "Бэст лэнд майнинг" бөгөөд тус компанийн цорын ганц үүсгэн байгуулагч болоод хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Х.Бат-Эрдэнэ гэгч байжээ.
Энэхүү Х.Бат-Эрдэнэ гэгч нь компаниа байгуулаад мөн л сар гаруйнхны дараа буюу 2018 оны долоодугаар сарын 5-нд Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа гаргасан тогтоол бүхий шинэ тусгай зөвшөөрлийг өөрийн болгосон байх бөгөөд энэхүү ажиллагааны үр дүнд "Хэрх Илч" компани Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" компанид бүх тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байдаг байна.
Энэ явдлаас харвал, Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу огцорсны дараахан эрх мэдлээс салахынхаа өмнөхөн амжиж Тост, тосон бумбын нуруу орчимд ашигт малтмалын шинэ тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын тогтоолоор баталж, "Элбэг Орд" гэдэг компанид эзэмшүүлсэн нь өдгөө бүрэн тогтоогдоод байгаа юм.
Улмаар тэрээр дараа нь "Элбэг Орд" ХХК-иас тусгай зөвшөөрлөө өөрийн хувь эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж аваад гурван сарын дараа Х.Бат-Эрдэнийн компанид шилжүүлсэн нь нэгэнт илэрхий болсон байна.
Ийнхүү хугацааны хувьд аажуу тайвнаар, хоёр компани дамжин шинэ тусгай зөвшөөрөл эзэндээ хүрсэн ба энэ бүхний эцэст өгүүлэхэд өнөөдөр Монгол улсын төр засаг тэр чигтэй авлига хээль хахуульд автагдсаныг энүүхэн энгийн жишээ баримтаас та бүхэн бэлэхнээ харж болох юм.
Б.Чингис
Эх сурвалж: Guren.mn