Б.Хурц хэзээ ч буруугаа хүлээдэггүй

Судлаач Ж.Батболдын цуврал сонирхолтой нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Тэрбээр зөвхөн энэ хуудсаар дамжуулан уншигчдад хүргэхийг хүссэнийг ойлгож хүлээж авна уу.
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц Ардчилсан хувьсгалаас хойш 30 гаруй жилийн хугацаанд Монголын тагнуулын байгууллагын удирдлагаар ажилласан тагнуулчдаас төрийн бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээнд улс төрд байр сууриа бэхжүүлж чадсан цорын ганц тагнуулч. Түүнийг дэлхийн шилдэг тагнуулын албадтай Герман, Франц, Англи зэрэг орны нутагт дэвсгэрээр дамжуулан хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тагнуулчдын багийн гишүүн байсан хэрэгт буруутгадаг. Гэвч Чингисийн үеийн тагнуулын үйл ажиллагааг биширдэг байсан барууны ертөнцөд XIII зуунаас хойш сураггүйд тооцогдож байсан Монгол хэмээх Азийн жижигхэн буурай орны тусгай албаны үйл ажиллагааны арга тактик, заль мэх, мэргэжлийн ур чадварыг бишрүүлж бас гайхшруулж чадсан юм.
Хошууч генерал Б.Хурц орчин үеийн тагнуулын ажилтанд байх зарим ховор шинжүүдийг эзэмшиж чадсан. Тэрбээр мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудлыг тал бүрээс нь харж шийдлийг олж, шийдвэрлэх чадвар сайтай. Нөхцөл байдлыг мэдэрч түүнийг өөрт ашигтай байдлаар удирдаж, давуу байдлаа удаан хугацаанд хадгалж чаддаг. Муу хөзрөөр ч ухаалаг сайн тоглогч байж чаддаг тагнуулч. Нийтэч, нээлттэй зан чанартай. Багаар хамтран ажиллах чадвартай сайтай. Бусдыг сонсож, үзэл бодлыг нь "уншиж" чаддаг. Нөхөрлөлдөө үнэнч, бусдын итгэлийг даах чадвартай.
Өрсөлдөгч болон дайсагнагч харилцаатай хүмүүсийнхээ сул тал дээр чадварлаг тоглож, өөрт хэрэгтэй мэдээллийг цуглуулж, ашиглаж чаддаг. Өөрийн хүрээллээ, өөрт нь үнэнч ажиллах хүмүүсээр бүрдүүлж, тэдэнд албан тушаал, эрх мэдэл, цол хэргэм зэргийг харамгүй өгч, хувийн сонирхлоор нь өөртөө үнэнч ажиллуулж чаддаг. Үл хүндлэл, шүүмжлэлийг хэзээд тэвчдэггүй. Маргаанд ялагдах дургүй.  Үзэл бодлоо зоригтой илэрхийлж чаддаг. Хардамтгай, сэжиглэмтгий зантай. Буруугаа хэзээ ч хүлээдэггүй. Бусдад үзэл бодлоо тулгах, аялдан дагахыг шаарддаг.
Хошууч генерал Б.Хурцын үнэн худал ярьж буйг ялгахад бэрх. Гэхдээ тэрбээр үнэн ярих үедээ “Яг л ийм асуудал болсон” гэх зэрэг үг хэллэгийг ашиглаж, мэдээ, баримт сэлтэд тулгуурлан өөртөө итгэлтэй байдлаар ярьдаг. Энэ үед түүний нүүрний болон баруун гарын хөдөлгөөн нь эрс идэвхждэг. Харин худал ярих үедээ үг хооронд түр зогсолт хийх, үг сонгохдоо удааширах, үл ялиг тэвдэх, өгүүлбэрийг төгсгөлгүй орхих, нүүр нь улайх, асуултаас бултах зэрэг үйлдэл, шинж тэмдгийг гаргадаг болох нь түүний оролцсон телевизийн нэвтрүүлгээр ил болж байсан.
Эхний байдлаар Б.Хурцын сэтгэлзүйн зураглалыг мэргэжлийн үүднээс товч сонирхуулахад ийм байна. Дараагийн удаад Ерөнхий сайд асан С.Баярын сэтгэлзүйн зураглалыг уншигчдадаа сонирхуулах болно.

Судлаач Ж.Батболд 
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан