“Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” байх ёстой Гаалийн ерөнхий газрын дарга өөрөө буян, бузар 2-оо шууд утгаар нь хүлээж аваад байдаг тухайг хэвлэлүүд олонтаа онцолж байсан удаатай. .
Сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэг тоогоо алдлаа. Ингэхдээ бүр хил дээр бус тагнуулынханы мэдээллээр илэрч баригддаг болсон нь нууц биш. Мэдээллүүдийг нягтлаад үзвэл Эрүүгийн цагдаа, ТЕГ-ынхан л хар тамхины хэрэгтнүүдийг илрүүлж байна. Мэдээж гаалийн салбарт 1-2 удаагийн илрүүлэлт бий. Тэр нь мөн л бусад байгууллагын мэдээллээр ажилласны үр дүн байв.
Энэ оны 1-р сард их хэмжээний хар тамхи илгээмжээр хүлээн авч хадгалан, тээвэрлэсэн Нигери улсын 31 настай Шон гэх иргэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан. Түүнийг 300орчим сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хар тамхи тээвэрлэсэн хэмээж байсан. Мөн хоёр ч хамтрагчтай байв. Тэд “Ice” буюу мөс хэмээх мансууруулах бодисыг Тайландаас олон улсын шуудангаар дамжуулан хилээр нэвтрүүлснийг тогтоосон тухай мэдээлж байсан.
Бүхэл бүтэн улсын хилээр энэ хэмжээний хар тамхи оруулж ирж байхад гаалийнхан юу хийж байсан байх вэ. Түүгээр ч зогсохгүй дээрх Нигерийн иргэд өмнөд хөршид хар тамхи борлуулж байгаад хууль хүчнийхэнд илчлэгдсэн учраас манай улсыг зорьсон гэх мэдээлэл ч байдаг. Гэтэл бид тавтай морил гэж хилээрээ угтан аваад, залууст англи хэл заалгаж байсан гэхээр гунигтай гэхээс өөр юу ч гэх вэ.
Энэ бүх тохиолдолд ГЕГ-ын дарга Б.Асралтын хувьд бүр байгаа эсэх нь тодорхойгүй, чимээгүй болсон. Арга ч үгүй биз. Тэр хүн ямар нэгэн дорвитой “сайн” ажил л хийхгүй бол албан тушаалд томилуулж өгсөн ах, эгч нарынхаа нэрийг “баастсанаа”, албан тушаалаа ашиглан хууль бус, орон тоо хэтьрүүлсэн томилгоо хийсэн зэрэг нь ил болох биз.
Б.Асралт Сү.Батболд эхнэр Х.Отгонтуяагийн хамаатан учраас өдгөө энэ суудалд тухалж байгаа нэгэн. Түүнчлэн АТГ-аас өмнө нь Б.Асралт гэдэг хүн нэг, хоёрын зэрэг бус бүр 100 хол давсан хууль бус томилгоог хийсэн тухай мэдээлж байсан. Тодруулбал, Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлж, 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын даргаар томилсон. Мөн Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Сакейн Хавалын ХАСУМ-ийг хянаад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэж энэ тухай мэдэгдсээр байхад томилж л байжээ.
Үндсэндээ түүнд хууль, хуулийн сануулга огт хамаагүй бололтой. Тиймээс Ерөнхий сайд аа, хариуцлагын сэлэм чинь хэзээ эргэж энэ мэт нөхдийг, хэзээ төрийн албанаас зайлуулах вэ.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn