УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долдугаар сарын 24-нд Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад "МАНАН бүлэглэлтэй тэмцэх зорилгоор хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг сольсон. Үүнээс хойш ямар ажлууд хийсэн талаар албан бичиг ирүүлнэ үү” гэх утгатай албан тоот явуулсан билээ.Түүний албан тоотын хариунд 114 хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар дурджээ. Мөн 2016 оноос өмнөх асуудлыг ЦЕГ, 2016 оноос хойшихыг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг зориулалтын бусаар зарцуулсан. Үндсэндээ хуурамч төсөл өгч, санхүүжилт аваад, өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Зориулалтын бусаар зарцуулсан 38.2 тэрбум төгрөгөөс 3.3 тэрбумыг нь мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлж, 20 аж ахуйн нэгжийн дансыг битүүмилсэн байна. Үүнээс 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт нь огт тодорхойгүй, алга болсон гэдгийг ч хариундаа өгчээ. Зээл авсан аж ахуйн нэгжийн жагсаалтын 34 нь ХЗХ, ББСБ, ломбардтай байсны 11 нь албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд байжээ.
Манай УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий байгаа юм. Эндээс өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан 8 үйлдэл тогтоогджээ. О.Баасанхүү гишүүний хувьд "Албан тушаалтантай холбоотой гэхээр их хурлын гишүүд л гэсэн үг шүү дээ. Манайх чинь 49 ЖДҮ-чинтэй. УИХ-ын гишүүдийг 4 ангилж болж байна. 1. Өөрийнхөө ААН-д зээл авсан. 2. Хүнд зуучилж өгөөд дундаас нь 200 сая төгрөгийн хахуул авсан. 3. 3 хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэйгээр мөнгө угааж, бусдад зээл өгсөн.4. Худлаа төсөл бичиж, зарим нь төсөл бичихгүйгээр шууд мөнгийг нь авсан.” хэмээн задаргаа хийснээ олон нийтэд зарласан. Одоогоор мөрдөн шалгалтын явцад дээрх найман үйлдэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Н.Учрал нарыг шалгагдаж байсан гэх мэдээлэл бий. Гэхдээ хуулийн байгууллага албан ёсоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой нэрсийг одоо болтол зарлаагүй байгаа. Уг нь УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарт прокурорын газраас гишүүнээс нь түдгэлзүүлэх санал хүртэл ирүүлж байсан. Юутай ч зээлсэн мөнгөө өндөр хүүтэй хадгаламжид оруулсан байх магадлалтай.
1.УИХ-ын гишүн Г.Солтан "Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл авсан. Түүний 100 хувь эзэмшдэг тус компанийн нэр дээр зээл авсан ч түүний эхнэрийн дансаар орж, банкинд хүүлэгдсэн гэх мэдээлэл гарсан.
2.УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Сапфир стоун” ХХК Мянганбаярын Бат гэх хүний мэдэлд байдаг. Гэхдээ үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг. Мөн зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн нь тодорхойгүй.
3.УИХ-ын гишүүн Л.Энхболд "Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан. Зээл авсан үйлдэл нь олон удаагийнх бөгөөд ХОМ-тээ мэдээлснээр, "Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагын тодорхой хувийг эзэмшдэг.
4.УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банкинд хүүлэгдсэн гэдэг.
5.УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд түүний аавынх нь эзэмшдэг "Хүннү” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан. "Хүннү” групп 2014 оноос "Нью Хүннү Финанс” банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж эхэлсэн. Энэхүү зээлээ нийтэд ил болмогц хугацаанаас өмнө төлсөн.
6.УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр "Өгөөдэй Ази” ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх. Ямартай ч эдгээр нэр бүх нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn