Техас мужийн офицерууд хар арьст гэмт этгээдтэй зүй бус харьцсандаа уучлал хүсэв

АНУ-ын Техас мужийн Галвестон хотын цагдаагийн газрын дарга Вернон Холл тус улсын цахим орчинд тархаж, хүчтэй шүүмжлэл дагуулаад буй морьтой хоёр цагдаагийн албан хаагч гав зүүсэн хар арьст гэмт этгээдийг олсоор чирч яваа зургаас болж албан ёсоор уучлал гуйлаа. Тэрээр “тус цагдаагийн офицерууд гэмт хэрэгтэнг баривчлахдаа тун муу шийдвэр гаргасан. Гэхдээ тэд ямар ч буруу бодол болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах өнгө аясаар үүнийг хийгээгүй болохыг хэлмээр байна” гэсэн юм. 
Энэ хэрэг явдал өнгөрөгч бямба гаригт Галвестон хотын төвд болсон байна. Хоёр цагдаагийн офицер бусдын өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх дуудлагын дагуу хар арьст сэжигтэн Доналд Нэллиг саатуулан, баривчилсан аж. Ингээд тэд цагдаагийн хэсэгт очихын тулд гавтай сэжигтнийг ойролцоогоор найман гудамжны турш гавнаас нь оосорлон алхуулсан байна.   Энэ талаар Галвестон хотын цагдаагийн газрын дарга Вернон Холл “энэхүү үйлдлийг зарим тохиолдолд морьт цагдаагийн алба хаагч нарт зөвшөөрдөг. Гэхдээ энэ тохиолдолд бол буруу шийдвэр байсан” гэсэн байна.
Мөн тэрээр “Бид ноён Нэллигээс албан ёсоор уучлал гуйж байна. Тэр ийм шаардлагагүй үл хүндлэл, доромжлолыг хүртэх ёсгүй байсан. Баривчилгаа явагдах үед манай офицерүүд буруу шийдвэр гаргасан. Мөн бид нэн даруу арга хэмжээ авч энэхүү баривчилгааны арга техникийг цаашид хэрэглэхгүй байхаар тогтсон” гэсэн юм.  Техас мужийн Хьюстон хотын цагдаагийн газрын дарга Жеймс Доуглас “Тус хоёр цагдаагийн офицерт сахилгын хариуцлага хүлээлгэх болно. Хэдий дүрэм журамд баривчилгааны энэ техникийг ашиглаж болно гэж заагдсан байдаг ч энэ тохиолдолд бол цэвэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж харагдаж байна.
Энэ бол 2019 он болохоос 1819 он биш” гэжээ. Харин Галвестон хотын Шүүхийн зөвлөл тус офицерууд албан үүргээсээ чөлөөлөгдөнө гэж “New York Times” сонинд мэдээлжээ.  Тус мужийн Мексиктэй хил залгаа орших Эл Пасо хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэмт этгээд зэвсэгт халдлага үйлдэн 20 хүний амь насанд хүрсний дараагаар АНУ даяар Ерөнхийлөгч Доналд Трамп болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид, цагаачдын асуудалд эсрэг байр суурьтай байдаг хүмүүсийг чиглэсэн хүчтэй шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөх болсон. Зарим нэр хүндтэй хэвлэлүүд Ерөнхийлөгч Доналд Трампыг арьс өнгөөр ялгаварлах үзлийг өөхшүүлж, дэврээн, гэмт этгээдүүдэд зэвсэгт халдлага үйлдэх сэдлийг төрүүлж байна гэж шүүмжилсэн юм. 

О.Мөнхбат
Эх сурвалж: Time
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан