Арсланг тавгандаа хөхтэй гэх Америкийг гурав дахь хөрш гэх

Бидний хэдэн нөхөд 3 гэсэн цифрийг, 3-ын тоог бэлгэдэл мэт эрхэмлэдэг. Үүнээс үүдэлтэйгээр "Ертөнцийн гурав"-ыг бишрэнэ. Ардын билиг оюунаар шүүгдэн гарсан "Ертөнцийн гурав"-уудын дотор илт худлаа мөр тааралддаг боловч энэ нь 3-ыг эрхэмлэхэд бидэнд ер саад болохгүй. Ертөнцийн гурван хачинд:
Амрагийн дээд аав ээж хоёр золгодоггүй нэг хачин
Амтай атлаа шилээрээ дуугардаг голио нэг хачин
Арслан тавгандаа хөхтэй байдаг нэг хачин гэж байгаа. Нэгдүгээр мөрийн хачин, он оны Цагаан сараар шинэлэхэд, хоёр дахь мөр нь жил жилийн зун намраар хөдөө нутаар явахад үнэн болох нь батлагдана. Харин гурав дахь нь үнэн бус, огт худал гэдгийг наанадаж телевизийн "Амьтны ертөнц" нэвтрүүлэг, зэрлэг амьтдын тухай britannica-аас, цаанадаж Амьтны хүрээлэнгээс мэдэж болно.
Хүн төрөлхтөний эртний уг өвөг-мич, бич (эдгээр нь генетикч Ж.Батсуурь докторын гаргасан нэр томьёо)-нээс нааших эдүгээ хүртэлх цагийн алслалд Монгол газар шорооноо арслан гэдэг амьтан нутаглаж байгаагүй юм билээ. Хэдийд ч юм бэ, хэн нэгэн монгол хүн анх удаа Энэтхэгт араатны хаан арсланг харсан байх. Араатны хааны эмэгчинг нь эрслэн гэх бөгөөд зулзагыг нь гүег гэдэг.
Эрслэн ээжийнх нь хөлийн хумсан завсар хавчуулагдаж хоцорсон, ангийн махны үлдэгдлийг долоож шүлэнгэтэн хөхөж буй Симба гүегийг харсан тэрхүү монгол хүн "Арслан тавгандаа хөхтэй байдаг юм байна" хэмээн эндүүрсэн хэрэг. Ердөө андуурсан ойлголт.
Энэ мэтийн эндүүрэл, андуурал байлаа ч "3" бол бидний хэдэн нөхдийн эрхэмлэдэг цифр билээ.
Нар сар одон гурав юу вэ?
Чандмань эрдэнэ
Навч цэцэг жимс гурав юу вэ?
Чандмань эрдэнэ
Аав ээж бидэн гурав юу вэ?
Чандмань эрдэнэ
Гурван гурвын есөн хүсэл
биелэв үү дээ гээд дуулах ч бас гоё шүү. Хоолон дээр жишээ авъя. Цагаан, шар, хүүхдийн, хөц, буудай, бог гэх мэтийн тодотголтой олон төрлийн будаанаас Гурвалжин будаа сэтгэлд ойр, идэхэд илүү шингүүртэй, шингэсэн хойноо гоожуургүй байх жишээтэй.
Монгол Улсын гадаад харилцаа ярихад урд хойд Улаан Кремль, Цагаан хэрэмний хөршөөс илүүтэйгээр 3 дахь хөрш нь анд нөхөр мэт итгэл төрүүлдэг юм. Социализмын үед Монгол ардын Нам, Сайд нарын зөвлөл, Ардын Их хурлын тэргүүлэгчид гэсэн 3 газраас Баруун Европын социалист орнуудыг манай улсын гурав дахь хөрш гэж бидэнд ойлгуулдаг байв. Одоо болохоор Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн 3 газраас АНУ-ыг манай улсын гурав дахь хөрш гэж бидэнд ойлгуулахаар пиардаж байгаа. Чин үнэндээ АНУ нь манай улсын жинхэнэ "гурав дахь хөрш" мөн ч юм уу, биш ч юм уу, бүү мэд. Цаашид зөвхөн манай хоёр улсад хамааралтай төдийгүй, бөмбөрцөг дээр болох үйл явдлын орчил л америкуудын тарыг таниулж бидний монголчуудын итгэл даах гурав дахь хөрш эсэхийг харуулах биз ээ.
Ямар ч болов одоохондоо бид бүгдээрээ, дээр үед арсланг тавгандаа хөхтэй гэж шүлэглэж явсан шигээ Америкийг гурав дахь хөрш хэмээн ярьж яваа. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Америкийн иргэн Жастин Капла, болон Филиппиний хоёр иргэн, нийт гурван хоригдолд уучлал үзүүлэн суллалаа. "Саусгоби сэндс" компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла нь татвараас зайлсхийсэн хэргээр шүүхээс 5.6 жилийн ял сонсон хоригдож байсан юм. Уншигчдадаа сонирхуулахад АНУ-ын гурван Ерөнхийлөгч Монгол Улсад, монголчууд бидний "гишгэж яваа анхлилуун ногоон газар" дээр хөл тавьсан байдаг. Харин АНУ-ын Миннесота мужийн Жастин Капла шиг газар ухаж "мөнгөний цэцэг тариагүй" юм билээ,
АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч ГУВЕР
Кларк Герберт Гувер нь герман үндэстэний гэр бүлд 1874 онд төрсөн. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж сонгогдон 1929-1933 онд Ерөнхийлөгчийн алба хашсан билээ. Уул уурхайн инженер энэ эрхэм бага залуугаасаа мэргэжлийнхээ чиглэлээр бизнес эрхэлж явсан нэгэн. Bewick Moreing & Со компанийн хувь эзэмшигч тэрээр Австрали дахь уул уурхайн гол салбар үйлдвэрийг удирдаж байв. XX зууны эхээр Хятадад бизнес эрхлэх үйл ажиллагаа явуулж эхэллээ. Ирээдүйн Америкийн Ерөнхийлөгч Гувер нь ойр дотнын нөхөдтэйгөө хамтран Zico Corpration байгуулсан бөгөөд хожмоо бид бүхний сайн мэдэх Rio Tinto-д компаниа хомроголуулан алджээ.
1908 оноос манай хойд хөрш Оросын Челябинск мужид Кыштымскийн зэс хайлуулах үйлдвэрт инженер хийж байв. Улмаар уг үйлдвэрийг эзэмшиж байсан Өмнөд Уралын баян худалдаачин Расторгуевын гэр бүлээс худалдан авч хувьцаат компани болголоо. Орост 1917 онд Октябрийн хувьсгал ялснаар тус улсын нутаг дэвсгэрт байсан бүх хувийн өмчийг нэг ч копейкийн төлбөр хийлгүйгээр улсынх болгон дээрэмдэхэд хувьцааг нь эзэмшигч Кыштымскийн зэс хайлуулах үйлдвэр бас хомроголуулан алдагдсан түүхтэй.
Монгол орны урьд хойд хоёр том хөршид XIX зууны төгсгөл, XX зууны эхээр бизнес эрхэлж байсан Кларк Герберт Гувер нь тухайн үед ид баригдаж байсан Транссибирийн төмөр замын нэг чиглэлийг Монголоор дайруулан Түвд рүү тавих төсөлд анхаарлаа ихэд хандуулж байсан аж. Тийм ч учраас манай Монголын нөлөө бүхий хүмүүстэй удаа дараа ажил хэргийн яриа өрнүүлж, улмаар XIII Далай ламыг 1904 онд Их Хүрээнд ирэхэд Оросын армийн хурандаа, эрдэмтэн судлаач Козловтой хамт уулзжээ.
АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч КАРТЕР
Энхтайвны Нобелийн шагналт Жимми Картер нь 1924 онд төрсөн. Ардчилсан Намаас нэр дэвшиж сонгогдон 1977-1981 онд Ерөнхийлөгчийн алба хашсан юм.
Түүний улс төрийн замналд Египет-Изриалийн хооронд болж байсан цуврал (4 удаагийн) дайнд төгсгөлийн цэг тавьсан 1978 оны "Кэмп-Дэвидийн гэрээ" алтан үсгээр бичигддэг.Тэрээр Кэмп-Дэвид дэх Ерөнхийлөгчийн зуны өргөөнд Египетийн ерөнхийлөгч Садат, Изриалийн ерөнхий сайд Бегин нартай гурвалсан гэрээ байгуулж Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоож чадсан юм. Гал ус шиг харш улстөрчдийг зөвшилцлийн нэгэн ширээнд суулгаж энхтайвныг тогтоосон хэлцэлд хүргэж чадсан энэхүү алхмыг нь үнэлэн Жимми Картерыг хожмоо 2002 онд энхтайвны Нобель-оор шагнасан.
Тэрээр Нобель авсан шигээ, экс Ерөнхийлөгч гэж нэрлэгдэх болсон үедээ манай Монгол Улсад зочилсон юм. Жимми Картер нь Өмнөговь аймгийн нутгийг эдүгээгийнх шиг бус, Эндрюссийн 1922, 1923, 1925 оны аяллын үеийнх шиг унаган төрхөөрөө байхад нь 10-аад жилийн өмнө жуулчилсан бөгөөд түүний идээ ундаа, хоол зоогийг Монгол Улсын мастер тогооч М.Болдбаатар бэлтгэн барьж байлаа. Харин уржнан 2013 оны намар 9 дүгээр сард Монголд ирж долоо хоног загасчлахдаа манай орны хойд нутгаар аялсан юм. Жимми Картер аяллынхаа талаар "Монголд айлчлан тул загас барьсан нь сайхан туршлага байлаа. Уг төрөл зүйлийг хамгаалах үүднээс хэрэгжүүлж буй аялал жуулчлалын журам нь над шиг загасчдад загасчлахаас таашаал авах боломжийг үргэлжлүүлэн олгож буйд талархаж байна" гэж өгүүлсэн байна.
АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч БУШ
Америкийн төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн албыг Жорж Буш нэртэй хоёр хүн хашсан байдаг. Энэ хоёр эрхэм нь аав, хүү хоёр бөгөөд хооронд нь ялгахын тулд "эцэг Буш", "бага Буш" хэмээн бичиг болон ярианы хэлэнд нэрлэж тодотгодог. Эцэг Буш гэвэл АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгчөөр 1989-1993 онд ажилласан Жорж Герберт Уокер Буш, бага Буш гэвэл АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Бушийн тухай өгүүлж байгаа юм.
Бага Буш нь Ерөнхийлөгч байхдаа Монгол Улсад 2005 оны 11 дүгээр сард төрийн айлчлалаар ирсэн. Түүнээс хойш төдий л удаагүй байгаа учраас IQ сайтай монголчуудын ой санамжид сайхь дээд хэмжээний айлчлалын талаархи мэдээлэл бүгд байгаа гэж үзээд АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Бушийн тухай давтан нуршихаас түдгэлзлээ.

Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан