Ерөнхийлөгчийн сонгуулиар байх. АН-ын зүгээс “МАН мартавч мань мартахгүй” гэсэн үгтэй сурталчилгаа явуулж байв. Сонгуулиар амласныг нь АН сануулсан хэрэг. Одоо тэгвэл ард түмний өмнөөс бас нэгэн амлалтыг нь МАН-д сануулъя.
2016 оны сонгуульд ялахдаа МАН хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгнө гэсэн. Засгийн эрх бариад гурван жил боллоо, хүүхэд бүрт мөнгө өгөөгүй. “Давхар дээл”-ийг тайлна гэсэн. Тайлаагүй, эсрэгээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын 18 сайд бүгдээрээ давхар дээлэндээ түүртэж явна. Мөн “Үндсэн хуулийг өөрчлөхийг ард түмний санал асуулгаар шийднэ” гэж амласан. Одоо энэ амлалтдаа хүрэх эсэхийг харъя. Уг нь Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмнээс заавал асууна гэсэн хууль байхгүй. Асуухгүйгээр батлах эрх УИХ-д бий ч, судлаачид, нийтлэлчдийн бичиж буйгаар энэ парламент чадамжаа алдсан юм. Өөрөөр хэлбэл, 40 гаруй гишүүн нь тус бүр нэг тэрбумын өртөг бүхий ЖДҮ-гийн зээлийг албан тушаалын давуу эрхээрээ хамаарал бүхий компанидаа авснаар тэд ард түмний дунд нэр хүндээ алдсан юм. Гэтэл тэд ахин заль хэрэглэхээр зэхэж байна.
Ирэх есдүгээр сарын эхээр ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулийг асууна, тогтоолыг наадмын өмнө батална гэж байсан нь худлаа боллоо.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа Ерөнхийлөгч тусдаа төсөл өргөн барьснаар ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийг батлахаар төлөвлөж байсан хугацаа үндсэндээ өөрчлөгдсөн. Энэ мэтээр цааш сунжруулах замаар ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нөхцөл байдал, бодитой сонирхол УИХ-ын гишүүдэд бий болжээ.
1.Үндсэн хуулийн зургадугаар бүлгийн 69.3. Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно хэмээн заажээ.
Эндээс харвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахадзургаан сар бий ч, асуудлыг хэлэлцэх боломжтой хоёр л сар үлдээд буй юм. Аравдугаар сард УИХ-ын ээлжит чуулган эхлэхтэй зэрэгцээд ирэх оны төсвөө хэлэлцдэг. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-н гэхэд батлах мөн л хуулийн хугацаатай. Харин Үндсэн хууль хэлэлцэж эхэлсэн бол дундуур нь өөр асуудал хэлэлцэж үл болох хуулийн заалттай. Тиймээс ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгүүдийг хийх, ард нийтийн санал асуулгаа товлох хангалттай хугацаа байна.
2.Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-т Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-ээс 45 хоногийн дотор явуулахаар Улсын Их Хурал товлон зарлана гэж заажээ. Тиймээс санал асуулгыг есдүгээр сарын сүүлээр зохион байгуулах боломжтой юм. Гол нь ард нийтээс асуухгүйгээр батлах сонирхол УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчид байна. Хэрвээ ард нийтээс асуувал Үндсэн хуульд МАН-ын болон Ерөнхийлөгчийн сонирхол багтах боломжгүй болох юм. Асууна гэж сонгуулиар амласнаа МАН мартсан бол мань мартаагүй..., сануулцгаая.
Эх сурвалж: Itoim.mn