Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ. Энэхүү наадмыг үзэх гэж тасалбарыг нь олж авахын тулд багагүй асуудал үүссэн. Хэдийгээр энэ асуудлыг цэгцлэх гэж сүүлийн жилүүдэд олон арга хэмжээ авсан ч харамсалтай нь зөв гарц, гаргалгаандаа хүрээгүй л байгаа.
Уг нь энэ жилийн хувьд наадмын 6000 мянган тасалбарыг иргэдэд зарах бол 3000 тасалбарыг гадаадын жуулчдад худалдахаар төлөвлөсөн байсан. Нийтдээ 12 мянган тасалбар хэвлүүлснээс 3000 мянгыг төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид, төлөөлөгчид болон гадаадын Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөлд олгосон.
Мөн иргэдэд зарах 6000 мянган тасалбараас 1200 ширхэгийг онлайнаар, ингэхдээ эхний өдөр 600, хоёрдахь өдөр 600 хэмээн төлөвлөсөн. Харамсалтай цахимаар захиалах сайт нь болохгүй байна гэх гомдол тасарсангүй. Үлдсэн цөөн тасалбарыг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төвд худалдаалж, наадмын нээлт, хаалт үзэх гэж үзэгчдийг эхлээд багагүй саадтай учруулсан.
Учир нь дээрх төвүүдэд тасалбар авахаар очсон иргэд шөнөжин, өдөржин дугаарлаж, хоорондын үл ойлголцлоос бол муудалцаж, гар зөрүүлэхээс эхлээд асуудал хөвөрсөн.
Түүнчлэн шагийн тасалбар ч амь бөхтэй байсаар байгаа нь нотлогдож цагдаагийн байгууллагууд шалгаж эхэлсэн.Төрийн наадмынхаа нээлт, хаалтыг үзэх гэж иргэд нь хүч, чадлаа үзэх, аялал жуулчлалын салбарынхан нь нэг сая жуулчин авна гэж том дуугарах хоёр ч хэзээ дуусах нь мэдэгдэхгүй үлгэр л болж байх шиг.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамц “Үндсэн оршин суугч нь гэхэд 1.4 сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод 12 000 хүний суудалтай ганц Төв цэнгэлдэх хүрээлэн бий. Төв цэнгэлдэхэд наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэж сонирхох гэсэн ард иргэдийн зүгээс жилийн жилд гомдол санал гардаг нь үнэн. Дэлхий нийтэд Монголыг таниулах аялал жуулчлалын гол брэнд болсон гэдэг утгаараа монгол наадмыг маань үзэж сонирхохоор маш олон жуулчин хүсэлтээ ирүүлдэг. БОАЯ-ныхан гэхэд л гадаадын жуулчдад зориулж наадмын нээлт, хаалтын 5000 тасалбар олгохыг хүсдэг. Гэвч бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суудлын тоонд захирагдахаас өөр аргагүй. Аль болох бүхий л боломжит зохион байгуулалтыг хийж байна. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсныг өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000-д хүргэлээ. Ер нь цаашид монголчууд бид олон мянган хүний багтаамжтай томоохон цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг л эхлүүлэх шаардлагатай байна” гэсэн тайлбар өгсөн.
Төлөвлөлт, түүний биелэлт хоёр ингэж л зөрдөг. Монгол хүн болсных төрийн их наадмаа үзэхийг хүсэх нь аргагүй. Нөгөө талдаа дэлхийд гайхуулах наадмыг нь үзэхээр ирсэн жуулчдад үйлчлэхээс өөр гарц үгүй. Харамсалтай нь Цэнгэлдэх хүрээлэнгийнхээ ачааллаас болоод жилийн жилд цөөхөн хэдэн хүний халаасыг түнтийлгэж байна.
Уг нь Хүй 7 худаг дахь “Монгол наадам” цогцолборт 30-40 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар 2015 оноос хойш яригдсан. Тодорхой хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа л гэдэг. Анх бол хэдтээ Олимпийн наадам зохион байгуулах хэмжээнд хүргэнэ хэмээж байсан. Гэвч өнөөдөр төлөвлөгөөний дагуу гэдэг тайлбараар хотын төвдөө цэнгэлдэх хүрээлэндээ орох байтугай ойртож очиж чадахааргүй болчихсон наадамчин монголчууд хэвээрээ л байна.
Хэрвзээ цэнгэлдэх хүрээлэнгийн ажлаа яаравчлуулахгүй бол юун нэг сая жуулчин л болох байх даа. Танайд очъё гэхээр үгүй гээд байхаар ямар жуулчин тоох билээ. Тэдний мөнгийг хэрхэн татах билээ.
Өнгөрсөн жилийн 11-р сард С.Батболд Нийслэлийн Засаг дарга байх үедээ 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг байгуулсан “Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Тухайн үед 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Мөн Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай буйгаа илэрхийлсэн.
“Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун ч Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ хэлж, “Бид ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод Цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судална” гэж байсан.
Үнэхээр энэхүү цэнгэлдэх хүрээлэн олны нүдийг хужирлахаас гадна, овоо багтаамжтай байж чадвал монголчууд ч сэтгэл хангалуун наадаж, жуулчид ч “мөнгөө цацасаар” байх болов уу.
Бид “дараа жилийн наадам даанч хол байна даа” гэдэг. Гэхдээ л нэг л мэдэхэд наадам хэмээгээд байж байдаг. Яг үүнтэй адил дараагийн цэнгэлдэхийн цуурай даанч хол байна даа хэмээн шүүрс алдалгүй, бүтээн байгуулалт нь хурдан урагшлаасай л гэж хүлээхээс дээ.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn