Сошиалд соёлтой байж сурахсан

-Нэр төрд халдаж гүтгэсэн бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ-
Мэдээллийн эрин зуун буюу цахим мэдээлэл хэт хөгжсөн энэ цаг үед олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк, твиттерийг бараг найман настай балчраас наян настай буурай хүртэл ашиглаж хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд сошиалыг өдөр тутмынхаа талх шиг хэрэглэдэг болжээ. Энэ нь нэг талаар зөв ч нөгөө талаар сошиалыг ил далд хэлбэрээр буруу ашиглах нь хэрээс хэтэрч.
Ялангуяа бусдын нэр хүндийг харлуулах, гутаах, бусдыг буруу зүйлд уриалах, олон нийтийг төөрөгдүүлэх худлаа ташаа мэдээлэл тараах, эрээ цээргүй хараах ерөөх,  муу муухай зүйл, садар самуун зүйл сурталчлах гэх мэт буруу зүйл рүүгээ хэтэрхий их хөтлөөд, хөгжүүлээд байх шиг санагдах болов.
Ямар сайндаа зөв үйл, үлгэр дуурайлалтай явахгүй бол зурагтайгаа олон нийтийн сүлжээнд шэйрлэгдэх хорвоо юм шүү гэж юутай үнэн бэ. Худлаа мэдээллээ үнэн мэтээр ойлгуулж тарааж хүний нэр төрд халдах бүдүүлэг үзэгдэл бүр гаарлаа.
Нүүр номоо нээгээд харахад л дандаа муу муухай мэдээлэл заримдаа бүр залхмаар харагддаг.
Хүний нэр төр, алдар хүнд нь Үндсэн хуулиар олгогдсон үнэт зүйлийн нэг. Хувь хүн өөрийн итгэл үнэмшилтэй байдаг, нэр төртэй байдаг гэтэл энэ хил хязгаарыг давж гутаан доромжилж, худал мэдээллүүдийг олон нийтийн сүлжээ ашиглан тараадаг байдал их гарч байна.
Олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч бусдыг гутаан доромжилж болохгүй.
Гэтэл гэр бүлийн амьдралаа болон “гэр бүл үймүүлэгч” гээд хүмүүсийн зураг хөрөг мэдээллийг эрээ цээргүй нийтэлж, бусдаар үзэн ядуулж жигшүүлж, хэдэн мянгаар нь шэйрлүүлж байгаа харагддаг. Энэ асуудалд хэн хэн нь буруутай байлаа ч бусдын нэр хүндэд хүндэтгэлтэй ханддаг баймаар юм.
Хэд хэдэн кэйс бичихэд цахим сүлжээнд нийтэлсэн зарим нэг мэдээллийг оруулав.
Пэйж хуудсуудаар дүүрэн “Гэр бүлийн амьдрал үймүүлэгч, нөхрийн толгой эргүүлсэн янхан, биеэ үнэлэгчийг сайн хараад аваарай” гэх зураг хөрөгтэй эрээ цээргүй сэтгэгдэлүүд ар араасаа хөвөрнө.
Тухайлбал Дарина гэх эмэгтэйн зураг хөргийг гаргаж тавьснаа “Энэ хүүхэн айл гэр үймүүлээд байна. Ажлын байрандаа секс хийнэ. Одоо бүр хоёр хүүхэдтэй хүний хоолыг булааж эр эргүүлж байна. Бусдыг мунхруулагч. Тико тайллер салоныг бузарлаж байгаа хүүхэн. Түрүү жил захирал хүүхэн нь арай үгүй байлгүй дээ гээд итгэж чадахгүй байсан. Одоо бичсэн зүйлийг нүдээрээ хараг” гэсэн пост оруулаад зургийг нь нийтэлжээ.
Бас нэгэн өөр группэд зураг хөрөггүй, этгээд нэртэй хаягнаас “ Янхан минь чамшиг эцэг эхтэйгээ нийлээд бие үнэлээд явдаг хүн би биш шүү миний юмыг өгчих тэгээд хоёулаа зүгээр хэн хэндээ гай болохгүй байя. Би чамаас эвээр зөндөө л гуйлаа ээж ааваас чинь бас гуйлаа одоо болоо. Эцэг эх нь охиноо зарж амьдардаг амьдрал нийлж архи уудаг амьдрал би танайхаас л харсан одоо зүгээр хүний юм өгчих тэгээд болоо. Гүтгэсэн гэж бодож байгаа бол наад нотлох баримт чинь байна яашка минь чамд болон танай ээжид чинь зөндөө доромжлууллаа одоо болоо юм биш үү Булганы Баяннуурын айл гэсэн” гэсэн пост бичжээ.
Мөн бас энэ группэд “Ану гэж энэ охин айл гэрийн амьдрал үймүүлж, нөхрөөс нь байнга мөнгө саадаг. Одоо бүр эхнэрээс нь чаддаг юм бол 5 сая төгрөг өгчих. Тэгвэл бүр алга болно. Та нар чадахгүй л дээ” гэсэн сэтгэгдэл харагдав.
Өөр нэгэн группэд нэгэн залуугийн зургийг тавьснаа “Энэ бол бусдыг бузарладаг заваан бэлгийн замын халдварт өвчтэй залуу. Үүнээс хол яваарай хүүхнүүдээ. Энэ хүнээс ДОХ авна шүү. ДОХ-той” залуу гэж бичжээ.
Хэрвээ бэлгийн замын халдварт өвчтэй бол энэ хүний хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандах ёстой. Яагаад гэвэл хуулиндаа мэдээллийг нь нууцлах ёстой. Ингэж ил гаргаснаар энэ залууг хавь ойрынхон болон найз нөхөд, ар гэр аав ээж нь өвчтэй юм байна гэсэн буруу ойлголт авна. Өөрөөс нь холдоно зайлсхийнэ. Магадгүй энэ залуугийн талаарх элдэв таагүй мэдээлэл гарснаас болж амиа хорловол яах вэ.
Бас нэгэн өөр пэйж хуудсанд Хөвсгөлийн хоёр эмэгтэйн зургийг нийтэлснээ “Энэ хоёр бусдыг залилдаг луйварчид. Болгоомжтой байгаарай хол яваарай” гэсэн пост оруулсан эмэгтэй хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм билээ. Түүнчлэн бусдын нэр хүндэд халдсандаа дээрх хоёр эмэгтэйгээс уучлалт гуйсан постоо оруулсан байсан.
Хэрвээ ингэж үндэслэлгүйгээр ямар ч баримтгүйгээр хүний нэр төрд халдаж, зураг хөргийг нь нийтлэхээсээ өмнө нэгийг бодох ч яасан юм. Зөрчлийн тухай хуулиар яаж шийтгүүлдэг гэдгээ ядаж мэддэг байгаасай.
Бас нэгэн өсвөр насны бандийг “Энэ бол хулгайч. Дэлгүүр, ТҮЦ ухаж хулгай хийдэг” гэж зурагтай нь олон нийтийн сүлжээнд тавьж, олон мянган хүн шэйрлэж үзэн ядсаны улмаас тэр хүү хэдхэн хоногийн өмнө “Би ийм нэр хүнд зүүж явмааргүй байна. Аав ээж, эмээ өвөө минь уучлаарай” гэж гэрээсэл бичээд өөрийнхөө амийг егүүтгэжээ. Үнэхээр харамсалтай.
Гэх мэтээр үнэн худлаа нь мэдэгдэхгүй зүйл бичсэн байгаа юм. Хамгийн гол нь баримт нотолгоотой бичих хэрэгтэй. Хүний нэр хүнд хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Сошиалд юу ч гэж солиорч юу ч бичиж болно гэж андуурдгаа болих хэрэгтэй. Ер нь өрх гэрийн асуудлаа өөрсдөө дотроо ярилцаж шийдэх ёстой. Олон нийтийн сүлжээнд хувийн амьдралаа бичиж бусдаар цоллуулах ямар хэрэгтэй юм бэ. Энэ бол олон нийтийн сүлжээ, олон хүн харж, уншиж өөрт хэрэгтэй гэснээ авч хэрэггүй гэснээ хаяж байгаа зүйл. Ар гэр, аав ээж, ах дүүсээ боддог байх хэрэгтэй. Өчнөөн хүний амь амьдрал, нэр хүнд яваа гэдгийг ухамсарлах ёстой.
Хамгийн сүүлчийн тоо баримтаас харахад 2019 оны эхний 5 сарын байдлаар 56 гүтгэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан байна. 23 холбогдогч этгээдэд 41 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээнүүдийг оногдуулж шийдвэрлэсэн байна.
Бусдын нэр хүндийг гутаан доромжлох, худал мэдээллүүдийг нийтийн сүлжээнд тараадаг энэ үйлдэл ямар хор уршигтай вэ гэхээр бодит хүчирхийлэл бий болгох, залуу үеийг хүчирхийлэлд уриалан дуудах, бусдын нэр хүндийг хүндэтгэдэггүй болгох, цаашлаад гэмт хэрэгт холбогдох зэрэг олон асуудлыг араасаа дагуулах нөхцөлийг бүрдүүлдэг юм. Хэрвээ та бусдын нэр хүндэд баримт нотолгоогүй халдаж гутаан доромжилсон бол Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээлгэж, хариуцлага хүлээх хуулийн заалттай юм шүү.
Нэг л зүйлийг дахиад хэлэхэд, нийгмийн нийтийн сүлжээг зөв ашиглаж, хэрэгтэй мэдээллээ авч, өгч сурах юмсан даа, хүмүүсээ. Үгээр хүнийг алж ч болно, алдаршуулж ч болно гэдгийг ойлгож бие биедээ болон бусдын нэр төрд хүндэтгэлтэй хандаж суръя.
О.Гэрэл
Эх сурвалж: Оллоо.mn 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан