Бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж байна
Алтан нар, шаргал элсээр алдартай Калифорнийн зун. Жил бүрийн долдугаар сард дал модны зурагтай цамцаар гоёж, далайн эрэг дээр биеэ наранд шарж хэвтдэг зарим америк хүн энэ зуныг Хойд Америкийн цанын баазуудад цана, чаргаар гулгасан шиг өнгөрөөж байна. Урин дулаантай уралдан үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоодог Америкийн цанын баазууд энэ зун амрах завгүй, ачаалалтай ажиллах болжээ. 8.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх, Хойд Америкийн цанын баазын бизнест уур амьсгалын өөрчлөлт эергээр нөлөөлж, идэвхтэй ажиллах өдрийн тоог нэмэгдүүлж, энэ хэрээр ахиу орлого олох боломжийг нээсэн нь энэ.
Туйлын цаг уурын өөрчлөлт энэ бүс нутагт орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, агаарын хэмийг буулгасан байна. Мөн энэ жил агаарын хэм олон жилийн дунджаас сэрүүн байснаар цаг наашилсан ч цас хайлсангүй өдий хүрээд буй юм. Өвлийн хэдхэн сараар үйл ажиллагаа нь хэмжигддэг байсан цанын баазуудын ажиллах хугацаа сунаснаар Vail амралтын баазын гулгагчдын тоо 20 хувиар өсөж, 13.7 саяд хүрсэн бол орлого нь 20 хувиар дээшилж, 1.8 тэрбум ам.доллартай тэнцжээ. Уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтын нэг. Энэ аюул хүн төрөлхтний бахархал, хөгжил дэвшлийн гэрч болсон бүтээн байгуулалтыг хормын төдийд нурааж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, экологийн доройтол, сүйрлийн бараан мэдээ дэлхий дахинд тасралтгүй хөвөрсөөр байна.
Гэхдээ хар бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт дэлхийн зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж буй нь ажиглагдаж эхэллээ. Зөвхөн Америк гэлтгүй Альпийн нуруу орчмын аялал жуулчлалыг ч дэлхийн дулаарлаас үүдсэн өөрчлөлт хөгжүүлж байгаа аж. Далайн түвшнээс дээш, өндөрлөг хэсэгт оршдог энэ нутаг зуны улиралд хүйтэн, чийглэг уур амьсгалтай тул жуулчдад тааламжтай хэсэгт тооцогддоггүй. Харин сүүлийн жилүүдэд цаг уур алгуур дулаарч буйгаас Альпийн нуруу зуны цагт жуулчдыг соронз мэт татдаг газар болох төлөвтэй. Энэ хандлага Ботсванад ажиглагдаж, цаг уурын дулаарал аялахад улам тааламжтай болгосноор тус улсыг чиглэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа аж.
Аялал жуулчлал зэрэг зарим салбарт гарч буй өсөлтийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гарз, хохиролтой харьцуулшгүй. Гэхдээ дэлхийн дулаарлаас үүдсэн айдас, заналхийлэл дунд зарим эерэг тал ажиглагдаж байгаа нь энэ. Ер нь дэлхий дахинд далайн эрэг дээр хэвтэх өдрүүдийн тоо нэмэгдэж, үйлчилгээний салбар өргөжин тэлэх төлөвтэй. Ирэх арван жилд аялал жуулчлалын салбарт цаг уурын өөрчлөлт үл мэдэг мэдрэгдэнэ. Харин дунд хугацаанд илт мэдрэгдэж, дэлхийн жуулчдын урсгалыг ч цаг уурын өөрчлөлт эргүүлж мэдэх нь. Ялангуяа, хүйтэн бүс нутгуудын цаг уур бүлээсэж, эрс тэс цаг уурыг илүү тааламжтай болгосноор эдүгээ халуун дулаан орныг чиглэж буй жуулчдын урсгал эргэж, сэрүүн орнуудыг зүглэх таамаглал ч байна.
Тэгвэл Монголд хэрхэн нөлөөлөх бол. Энэ асуултад олон улсын судлаачид хуваагдмал байр суурь илэрхийлдэг. Цаг уурын өөрчлөлт нь цөлжилт хуурайшилт, ган, зуд зэрэг байгалийн гамшиг дагуулж, малчдын амьжиргаа, хүнс хөдөө аж ахуйн салбарыг сөхрүүлэх эрсдэл бийг зарим судлаач анхааруулж буй. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан дэлхийн дулаарлаас урт хугацаанд эдийн засгийн хэмнэлт, эерэг нөлөө хүртэх боломжтой орнуудын тоонд Монгол Улс бичигдэж байгаа. Цаг агаар дулаарснаар манай улсын ДНБ-ий өсөлт 1.4 хувиар эрчимжих тооцоо бий. Мөн АНУ-ын Sussex их сургуулийн эрдэмтний тооцоогоор дэлхийн дулаарлаас үүдэн жуулчдын тоо нь өсөх орнуудын жагсаалтад Монгол Улс хоёрдугаарт бичигдсэн. Монголыг чиглэх жуулчдын тоо дэлхийн дулаарлаас үүдэн дунд хугацаанд 122 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй аж.
Уг нийтлэлээр уур амьсгалын өөрчлөлтийг өмөөрч, хөхүүлэн дэмжихийг зорьсонгүй. Харин саарын хажуугаар сайн гэгчээр шинэ тутам ажиглагдаж буй шинэ зүйлийг өгүүлэхийг хичээсэн болно. Дэлхий нийтийн сорилт болж буй уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөөр буй. Гэхд ээ энэ өөрчлөлтөөс бид бултах аргагүй.
Бас гараа хумхин харсаар суугаад эх дэлхийгээ сүйрүүлж болохгүй. Иймд өмнөх алдаагаа үл давтаж, тогтвортой хөгжлийн төлөө хүчин зүтгэхийн сацуу уур амьсгалын сайн, муу сүлэлдсэн өөрчлөлтийг соргогоор мэдэрч, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах ажил ч биднийг хүлээж байна. Ялангуяа, цаг уурын эрс тэс уур амьсгал монголчуудад эдийн засгийн сул тал болдог нь үнэн. Гэхдээ энэ сул талыг бүдгэрүүлж, зарим талаар эдийн засгийн хэмнэлт, өсөлт авчрах боломжийг байгаль орчны өөрчлөлт олгож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс айж суусаар хохирох бус харин байгаль орчин, нийгэм, эдийн засагт ажиглагдаж буй шинэ зүйлийг соргогоор мэдэрч, тохирсон бодлого хэрэгжүүлж чадвал эрсдэлийг ч өөртөө ашигтайгаар эргүүлж болох нь.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ