БНАСАУ-ын цэрэггүй бүсэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удидагч Ким Жон Ун нар уулзсан нь ямар ч агуулгагүй, мөн тавилттай шоу байсан гэж Америкийн улс төрч Жулиан Кастро мэдэгджээ.
АНУ-ын орон сууцны барилга, хотын хөгжлийн сайд асан, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх өрсөлдөөнд оролцох хүсэлтэй байгаа Кастро “Сөргөлдөгч талууд хэлэлцээр хийхийг би дэмждэг. Гэхдээ тэнд ерөнхийлөгчийн гаргасан үйлдэл нь дарангуйлагчийг дэмжиж байгааг илтгэсэн” хэмээн АВС телевизд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Энэ хоёр төрийн тэргүүний уулзалтаас олон нийт юу ч олж аваагүй гэж тэрбээр үзэж байгаа гэнэ. Трамп болон Ким нар Сингапурт дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, үүний дараа Амеркийн тэргүүн Хойд Солонгос цаашид АНУ-д аюул занал байхаа болилоо гэж батлаж байсан ч БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлсээр байсан гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ.
Уулзалтыг сөргөөр үнэлсэн ганцхан хүн нь Кастро байсангүй. ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн Алексей Пушков ч мөн дээрхтэй адил бодолтой байгаа юм.
Тодруулбал тэрбээр Твиттер хуудсандаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Хойд болон Өмнөд Солонгосын хил дээрх цэрэггүй бүсд уулзсан талаарх жиргээндээ “Осака явахаасаа өмнө Трамп олон хүнтэй уулзана, гэхдээ Кимтэй л биш гэж батлаж байсан. Одоо харин тэнд гарыг нь атгаад зогсож байна. Үүгээр л Трампыг бүхэлд нь харчихаж болно. Ямар ч агуулгайгүй, зүгээр л пиар, тэгээд л боллоо. Тэ “нон-стоп шоу” хуулийг маш сайн мөрддөг хүн. Асуудлыг шийдэхгүй юм бол ядахнаа үр ашигтай алхам хийх хэрэгтэй шүү дээ” хэмээжээ.
Харин албаны хүмүүс энэ уулзалтыг таатайгаар тайлбарлах нь зүйн хэрэг.
Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Өнөөдөр түүх бүтээсэн Трамп Ерөнхийлөгчид баялалаа. Таныг цэрэггүй бүс рүү дагалдан явах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Одоо би Сингапурын уулзалтаар тохиолцсон болон өнөөдрийн уулзалтаар бий болсон хоёр орны хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хамтран ажиллахаа тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгджээ.
Энд дуулгахад, Трамп, Ким Жон Ун нар хоёр Солонгосын хил дээр байх цэрэггүй бүсийн Панмунжом боомт дахь Эрх чөлөөний ордонд уулзсан юм. Тэд гар барилцан, улмаар билэгдэл болгон хилийн зурвасыг даван нэг алхам хийсэн бөгөөд Трамп үүнийг “асар их нэр хүндийн хэрэг” хэмээж байлаа. Ингэснээр Трамп Хойд Солонгосын нутаг дэвсгэрт алхсан анхны Америкийн ерөнхийлөгч болж байгаа юм. Уулзалтын төгсгөлөөр Трамп “сайн хэлэлцээр”-ийн нарийвчилсан агуулгуудыг гаргах хэлэлцээр хийгчдээс бүрдсэн тусгай групп байгуулахаар Ким Жон Унтай тохиролцсон талаар онцолсон байна.
Эргэн сануулахад, хоёр орны дээд түвшний анхны уулзалт 2018 оны зун Сингапурт болж байлаа. Энэ уулзалтаар талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж, Вашингтон БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөх бол Пхеньян цөмийн зэвсгээс бүрэн татгалзах алхам хийнэ гэж тохиролцож байв.
Харин хоёрдахь удаагийн уулзалт буюу 2019 оны хоёрдугаар сарын 27-нд Ханой хотноо хийсэн хэлэлцээрээр талууд тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцаж байв.
Г.Бямбасүрэн