Ялтнаар дүүрсэн улс болох нь

-Эрүүгийн хуулийн заалт шүүгч, прокурор, мөрдөгчийн ажлыг хэд дахин нэмж байна-
Аливаа зүйл цаг хугацааны шалгуураар дэвшин дээшилж, урагшлан хөгжиж байдаг. Нийгмийн харилцааг зохицуулдаг хууль, журам ч улс орны хөгжлийг даган улам боловсронгуй болох ёстой. Гэвч 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй манай Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгааг хууль хэрэглэгч олон хүн шүүмжлэх болжээ. Түүнийгээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайд болон эрх бүхий албан тушаалтнуудад хүргэдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа гэх.
Нийгмийн хөгжлөө дагаад 2002 оны Эрүүгийн хуулийг өөрчлөх нь зүйн хэрэг байсан. 2015 онд шинэчлэн баталсан ч тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд ёсчилж амжилгүй халаагаа өгсөн. 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдаж, МАН-ын үнэмлэхүй олонх болсон УИХ шинэчлэн найруулж ёсчлон 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуульд олон давуу тал бий. Өмнөх хуулийг бодвол иргэн рүү чиглэсэн, илүү хүмүүнлэг болсон, хорих ялыг багасгасан, ялтайд тооцох хугацаа байхгүй болсон, нийгмийн харилцааны олон чиглэлд үйлчлэх өргөн хүрээг агуулсан гэх зэргээр. Ганцхан жишээ дурдахад, өмнөх хуульд торгох ялаар шийтгүүлээд торгуулиа төлчихсөн, биеэр эдлэх ялаа дуусгаад гарч ирсэн ч тухайн цаг хугацаанаас хойш нэг хэсэг ял, шийтгэлтэйд тооцдог байв. Харин өдгөө мөрдөж буй Эрүүгийн хуульд ялтайд тооцох хугацаа гэж байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдож, шүүхээс оноосон ялыг эдлээд гарсан тэр мөчөөс л жирийн иргэн адил ялгүй болно гэсэн үг. Энэ байдал хүний эрхийг хүндэтгэсэн, иргэншсэн нийгэм рүү чиглэсэн чухал алхам болсон гэдэгтэй олон хуульч санал нэгддэг. Тиймээс Эрүүгийн шинэ хуулийг олон улсын жишигт нийцсэн гэж зарим судлаач үздэг юм. 
Сайны хажуугаар саар гэгчээр шинээр мөрдөж буй Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн хуульд алдаатай зүйл их байна. Энд тэндээс хууль орчуулж хуулахдаа буруу найруулж, түүнийгээ анзааралгүй явсаар батлуулчихсан уу, эсвэл хууль санаачлагчдын зүгээс зориуд, зорилготойгоор оруулсныг аль нь болохыг бүү мэд. Тиймдээ ч дээр дурдсан хуулиудын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт нэг бус гарч, УИХ ч түүнийгээ эргэн харахаар болж байна. Зарим гишүүн “Зөрчлийн хууль эрүүжсэн хууль болж хувирлаа. Тээврийн хэрэгсэл жолоодож яваад дүрэм зөрчсөн ч, гудамжинд шүлсээ хаясан ч эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн болж байна. Зөрчил хянан шийдвэрлэх бүх ажиллагаанд прокурорын хяналтыг оруулж ирсэн нь маш их хүнд суртал болсон. Захиргааны болон эрүүгийн хариуцлагаа нэг хуульд хийснээс болж алдаа гарч, хүний эрх зөрчигдөж байна. Аль нэг улсын виз мэдүүлсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан юм байна гээд “хар тамга” дарсан явдал гарах боллоо” хэмээсэн.
Эрүүгийн хууль боловсруулахдаа монголчуудын уламжлалт араншин, зан үйлийг бодолцоогүй, түүний эсрэг агуулгатай заалт ч оруулсан байгаа аж. Үүний тод жишээ нь эрчүүд хоорондоо маргалдах, улмаар гар зөрүүлж, нэгнийхээ хамраас цус гаргасан, гар, хөлийг нь хөхрүүлсэн төдийд л ялтан болгож буй заалт. Зодуулсан гэх иргэн цагдаад гомдол гаргасан л бол тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж дүгнэн, шүүх хялбаршуулсан журмаар ч, ердийн байдлаар ч шийдвэрлэж, ял оноох болсон. Зодсон, зодуулсан хоёр эвлэрч, хэн нь ч ямар нэг гомдолгүй гэсэн хүсэлт хэдэн мянган удаа өгсөн ч түүнийг нь үл харгалзан шүүхээр шийдвэрлэж, ялтны тоо нэмэгджээ. 
Уг нь өмнөх Эрүүгийн хуульд ийм нөхцөлд буюу гэмтлийн зэрэг хөнгөн гарсан тохиолдолд талууд эвлэрсэн, хохирогчийн зүгээс ямар нэг гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн бол тухайн хэргийг мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгож болдог заалттай байсан билээ. Гэтэл өдгөө холбогдогч нар эвлэрсэн ч түүнийг нь үл харгалзан ял оноодог болсноос хойш мөрдөгч, прокурор, шүүгчийн ажлын ачаалал хоёр дахин нэмэгдээд байна. 
Тэгэхээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд холбогдогчид хоорондоо эвлэрсэн, гомдол саналаа буцаан татсан бол тухайн хэргийг мөрдөн байцаалтын явцад болон прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгох зарчмыг Эрүүгийн хуульд буцаан оруулах нь зүйд нийцэх мэт. Нөгөө талаар, шүүгч, прокурор, мөрдөгчдөд ажлын ачааллыг нь нэмсэн ч гэлээ бэлтэй нэг нь торгууль төлөөд ялаас мултардаг, мөнгөгүй нь шоронд суудаг гажиг тогтолцоог өөрчилсөн нь сайшаалтай санагдана. 
Хөнгөн гэмт хэрэг бүрийг Эрүүгийн хуулиар шийтгэж, торгох ялтай болгосны цаана иргэдийнхээ халаасыг сэгсэрч, улсын төсөвт мөнгө оруулах гэсэн хууль тогтоогчдын башир арга бий юү гэх хардлага ч гарч байна. Хууль энэ хэвээрээ байх юм бол ялихгүй зөрчлөөс болж улс даяар ялтай иргэд дүүрэх магадлалтай. Яагаад ингэж үзэж байна гэхээр Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг жил бүр өсөж байгаа. Нийслэлийн ганцхан дүүргийн Цагдаагийн нэг хэлтэст шалгасан, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2017 онд 257 байсан бол өнгөрсөн онд 264 болж, 2.7 хувиар нэмэгдсэн тоон мэдээлэл бий. Өнгөрсөн гуравдугаар сард ЦЕГ-аас “Нэг хором” аян зохион байгуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд тухайн үедээ харьцангуй буурсан билээ.

Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан