ЮАНИЙН ХАНШ ХУРДТАЙ УНАВ


АНУ Мексикийн эсрэг авах үнийн хориг арга хэмжээгээ түр зогсоохоо мэдэгдсэний дараа Америк болоод Азийн хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш өсч эхэлснийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ мэдээлэл нь дэлхийн зах зээлд өөдрөг хүлээлтийг бий болгоод зогсохгүй АНУ дахь ажилгүйдлийг бууруулах найдварын эхлэл болжээ. Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах төлөв байгаа юм.
Энэ мэдээллийн дараа Мексикийн үндэсний валют песогийн ханш хоёр хувиар өсч, ам.долларын эсрэг чангарч 19.22 песо болжээ. Энэ зуур Хятадын үндэсний валют юанийн ханш он гарснаас хойш хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Учир нь Хятадын импорт буурсан, бас АНУ-ын худалдааны дайн үргэлжилсээр байгаа нь ийнхүү нөлөөлжээ.
Үйлдвэрлэлийн өсөлтийг харуулдаг S&P500  индекс АНУ-д 0.8 хувиар өссөн байна.
Ийнхүү өөдрөг хүлээлт бий болсон ч хөрөнгө оруулагчдын дунд Хятад болон АНУ-ын худалдааны сөргөлдөөн бусад улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэсэн айдас хэвээр үргэлжилж байна. Ялангуяа, үүнээс болж 2008 оны эдийн засгийн хямрал дахин давтагдах вий гэсэн айдас их байгаа юм.
Ямартаа ч Токиод хувьцааны Nikkei индекс 1.1 хувиар өсөх зуур Ази Номхон далайн хөрөнгийн зах зээлийн идэвхийг харуулдаг MSCI индекс 0.7 хувиар өсчээ. Тэгвэл иенийн ам.доллартай харьцах ханш 0.15 хувиар өсч 108.38 иеньд хүрчээ.
“Мексик дэх сэргэлт болоод АНУ-ын бодлогын хүүгийн бууралт  нь хувьцааны ханш өсөх шалтгаан болж байна. Гэсэн ч бидний хамгийн их хүлээж буй зүйл бол АНУ, Хятадын хоорондын худалдааны яриа хэлэлцээ. Үүнээс гарах үр дүн нь дэлхий нийтийн зах зээлийн өсөлтийг бүрдүүлэх юм” хэмээн “Sumitomo Mitsui DS Asset Management” дэх ахлах шинжээч Масахиро Ичикава хэлжээ.
Холбооны нөөцийн сангийн захирлуудын хурал энэ сарын 18, 19-нд болох бөгөөд бодлогын хүүг хэрхэх шийдвэрээ эцэслэх юм. Энэ зуур алтны үнэ 0.8 хувиар унаж, нэг унци нь 1348.1 ам.долларт хүрсэн байна.
Юанийн ам.доллартай харьцах ханш 0.35 хувиар унаж 6.93 ам.дллар болж өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш хамгийн бага түвшинд хүрээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан