Саахалт айлын санаа “зэвүүн”

Монголчууд эртнээс айл саахалттайгаа эвтэй аж төрөхийг чухалчилж, малаа хоршин адгуулж, найр цэнгэлээ ч гол усаараа тэмдэглэсээр ирсэн. Хөдөө нутгийн айл, саахалт хүмүүс ишиг, хургаа солилцон, хариулж саах зөрүүлнэ. Энэ нь хургаа эхээс нь ялган, өөр айлын малтай нийлүүлэн бэлчээнэ гэсэн үг. Хурга, хонио тусад нь бэлчээхийн тулд хоёр хүн шаардах байсан бол саах зөрүүлснээр ажлаа хөнгөвчилж буй хэрэг. 
Ингэснээр идээ цагаа арвин бэлтгэх, хүн хүч, цаг хугацаа хэмнэх сайн талтай. Хурга эхийнхээ хөхийг хөхөх учраас хонь, хурга нийлэх асуудал дээрх тохиолдолд үүсэхгүй. Саахалт айлын санаа нэг байхын ганцхан сайн тал нь энэ. Гэвч энэ уламжлал орчин үед алдагдаж, малчид нэгнийхээ малыг өөрийнх нь мал бэлчиж байсан газарт орж ирснийг үзвэл хөөж, туух болов. Саахалтынхаа малыг туугаад хулгайчид гарган өгч, хаяагаа хадарсан тохиолдол ч гарсаар. 
Түүнийг сонссон малчин нөгөөхдөө насан туршдаа өстэй болж байна. Таван эрдэнийнхээ хишгээр амьдардаг хүмүүс аргагүйн эрхэнд нэгнээсээ бэлчээр харамласандаа ийнхүү өөр хоорондоо өс санацгаах болжээ. Худаг, усаа өмчлөх нь энүүхэнд. Саахалт айлынхан нь унтсан хойгуур худгаас нь малаа услах зэрэг муухай үйлдэл, өрсөлдөөн малчдын дунд бий болоход хүрэх нь.
Говийн бүсийнхэн худаг, хангайнхан бэлчээрээ булаалдах нь “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн үгийн утга өдгөө үгүй болсон гэхэд болно. Үнэхээр ийм байдал үүссэн, эсэхийг Өвөрхангай аймгийн Сант сумын малчин Б.Гасандоогоос тодруулахад “Одоогоор ургасан өвс, ногоо гэх зүйл алга. Бороо хур ч бага байна. Зэргэлдээ сумаас малчид нүүгээд ирлээ. Бид малынхаа ашиг, шимийг хүртэж амьдардаг адилхан хүмүүс, нэгнийгээ хөөх хэцүү. Гэхдээ нутгийн уугуул иргэд өөр сумаас оторлож яваа малчдыг ад үзэх нь бий. Манай, танай нутаг гэж талцах боллоо. Хэсэг хугацааны дараа отрын хүмүүс нутаг сэлгэх байх гэж найдаж сууна” гэж ярив.
...Таван эрдэнийнхээ хишгээр амьдардаг хүмүүс аргагүйн эрхэнд нэгнээсээ бэлчээр харамласандаа ийнхүү өөр хоорондоо өс санацгаах болжээ. Худаг, усаа өмчлөх нь энүүхэнд. Саахалт айлынхан нь унтсан хойгуур худгаас нь малаа услах зэрэг муухай үйлдэл, өрсөлдөөн малчдын дунд бий болоход хүрэх нь...
Бэлчээрээс болоод малчид хоорондоо маргалдсан, гар зөрүүлсэн мэдээ байсхийгээд чих дэлсдэг. Тэр ч бүү хэл Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин Х, М нар бэлчээрээ булаалдан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг 2017 онд гарч байв. Төв аймгийн харьяат залуус бас л бэлчээрээ булаацалдаж саяхан нэгнийгээ хүнд гэмтээж, эрэмдэг болгов гэх хэрэг дуулдлаа. Нүдээр хараагүй учир үнэн, худлыг нь мэдэхгүй ч малчдын хувьд бэлчээрийн доройтол гарцаагүй толгойны өвчин болсон нь үнэн.
Уг нь монголчууд 1 566 600 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээрээ Азидаа наймд, далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа буюу хоёрдугаарт жагсдаг. Нийт газар нутгийнхаа 73.8 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэрт зориулдаг бөгөөд түүний 96.1 хувийг мал аж ахуй эрхлэхэд ашигладаг орон. Ийм байхад юуны учир бэлчээрээ булаалдаж, нэгэндээ өс санах болов. 
Хариултыг нь уншигч та хэлүүлэлтгүй мэдэх биз. Манай улсын мал сүргийн тоо 66.5 саяд хүрч, үүнийг хонин толгойд шилжүүлбэл 110 саяар тоологдоно. Гэтэл манай улсын газар нутаг 85 гаруй сая (хонин толгойгоор) малын даацтай. Энэ нь бэлчээрийн даац 25 гаруй сая толгойгоор хэтэрсэн үзүүлэлт. Улмаар ургамлын төрөл зүйл цөөрч, цөлжилт нэмэгдэх, гол, нуур, булаг шандын усны түвшин буурах зэрэг нийтлэг бэрхшээл малчдад тулгарсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Бэлчээрийн төлөв байдлын өнгөрсөн оны тайланд эдэлбэр газрын 57 хувь нь доройтсоноос 10.3 нь дахин сэргэх боломжгүй, цөлжсөн гэж бичжээ. Цөлжилт, газрын доройтол нэмэгдсэн газарт Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, өмнө болон дорнын говийн нутаг багтсан байна. Түүнчлэн Орхон, Сэлэнгийн сав газар, Хэрлэн голын сав, Дорнод Монголын хээрийн бүс, Төвийн бүсийн тэгш өндөрлөг газруудад доройтлын үйл явц өсжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван
жилд сул, дунд зэрэглэлд хамрагдаж байсан нутгийн 6.4 хувьд нь бэлчээрийн доройтол хүчтэй илэрсэн аж. Доройтол илэрсэн нийт нутаг дэвсгэрийн 49 хувийг хүний болон малын тоо толгой ихэссэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарласан. Үлдсэн 51 хувь нь байгалийн хүчин зүйлсээс шалтгаалжээ. Дорвитой арга хэмжээ авахгүй бол амь, санаа нэг айл хөршийн сайхан уламжлал мартагдан алга болдоггүй юм гэхэд бүдгэрэн холдсоор байх нь.
Төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ хомс гэдгийг малчид онцолсон. Уг нь малын хөлийн тоогоор татвар авах нь ямаа, хонин сүргийн хэмжээг тогтворжуулахад сайнаар нөлөөлнө гэж үздэг. Гэвч зарим малчин татвар төлөх дургүй. Тухайн аймгаас нэр дэвшсэн гишүүн нь “Нутгийнхаа иргэдээс бэлчээр ашигласны татвар авахгүй, харин ч урамшуулна” гэсэн худал амлалт сонсгодог нь нууц биш. Бэлчээрийн доройтлыг бууруулахад саад болдог бэрхшээлүүдийн нэг нь энэ.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн болон “Монгол мал” үндэсний хөтөлбөр, төрөөс малчдын талаар болон төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбар луу чиглэсэн баримтлах бодлого зэрэг мал аж ахуйн салбарт маш олон баримт бичиг баталсан. Хамгийн сүүлд Мал, амьтны эрүүл мэндийн, Малын генетик нөөцийн тухай хууль баталсан ч бэлчээр хамгаалахад төрөөс анхаарал хандуулахгүй байгааг холбогдох албаныхан шүүмжилсээр. Уг нь бэлчээр ашиглахад төлбөр авдаг болж, мөнгийг нь Сум хөгжлүүлэх санд төвлөрүүлэн, худаг гаргах, бэлчээрээ сэргээх зэрэгт зарцуулах боломж бий. Ингэж чадвал малын тоо толгой ч зөв гарна. Үүнийг дэмжих, ойлгох малчин цөөнгүй байгаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Б.Мөнхсайхан “Малчдаас бэлчээр ашигласны төлбөр авахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ төлбөрийг эргээд орон нутаг, бэлчээрт нь зарцуулах юм бол татгалзах зүйлгүй. Бэлчээр хүрэлцээгүй учраас малын тоонд бус, чанарт анхаарч холоос сайн үүлдрийн хуц, ухна авчрах нь зүйтэй. Ингэснээр нэгж малаас авах ашиг шим нэмэгдэж, бэлчээр талхлагдах нь багасна” гэв.
Манай орны нийт малын ихэнхийг буюу 25 гаруй сая тоо, толгойг хонь, ямаа эзэлдэг. Энэ нь мянгат малчин болохын тулд бог малаа илүүтэй өсгөж, ашиг шимд бус тоонд анхаарлаа хандуулж ирснийг илтгэнэ. Одоо малчид тоо бус, нэгж малаас хүртэх ашиг шимд илүү анхаарах болжээ.
Одоогоор Дорнод, Өмнөговь, Дорноговь аймагт мал сүргээ өсгөх бэлчээрийн даац бий. Нутаг, бэлчээртэй нь харьцуулж үзвэл тэмээнээс бусад төрлийн малын тоог цөөрүүлэхэд буруудахгүй гэж ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахмад ажилтан Ш.Сэржхүү өгүүлсэн. Өнгөрсөн 57 жилийн хугацаанд эрс өссөн ямаан сүргийн тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан бууруулах шаардлагатайг тэрбээр онцолсон юм. Жил бүр таван сая толгой бог нядлахад тоо толгой нь тэнцвэртэй байдлаа алдахгүй гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. 
Мөн хоёр хонь, нэг ямаа гэсэн харьцаагаар бог малаа өсгөн, үржүүлэх нь бэлчээр доройтохоос сэргийлэх зөв алхам аж. Одоогоор нэг хонь, нэг ямаа гэсэн харьцаатай малаа өсгөж байна. Тиймээс энэ харьцааг зохистой хэмжээнд нь аваачихын тулд бэлчээр ашиглалтын татвар бий болгож, мөрдүүлэн, ямаанд ногдох татварыг хониноос 2-3 дахин өндөр тогтоох шаардлагатай гэж дээрх судлаач үзэж буй. 
Үүнийг хэрэгжүүлбэл малын тоо толгой тэнцвэржиж, бэлчээрийн доройтол багасан, чихрээ булаалддаг хүүхдүүд шиг талцах малчдын харилцаа сэргэх, цаашлаад хаданд гарсан махны үнэ буурах зэрэг үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амаасаа 20 гаруй дахин их малтай атлаа түүнийхээ ашиг шимийг зохистой хүртэх, ашиглахад эрх мэдэлтний зөв шийдвэр хэрэгтэйн зэрэгцээ иргэд тэр дундаа малчдын санал, санаачилга, хандлага ч чухал гэдгийг мэргэжилтнүүд өгүүлж байна.

Г.Баясгалан
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан