Д.Дамба-Очир нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Уг хуулийн төслийн үндэслэл, шаардлагад Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1200 МВт гаруй ч сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн тусгай зөвшөөрөл 1500 МВт-ыг давсан учраас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж тусгажээ.
Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах тусгай зөвшөөрлийн нийт чадлын хэмжээ бодит байдал дээр 14 000 МВт гаруйд хүрсэн агаад үүний 10 орчим хувь нь л сэргээгдэх эрчим хүчний (үүнд хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх, усан цахилгаан станцын тусгай зөвшөөрөл зэрэг багтсан) төслүүдэд ногдож буй. Ийм атал яагаад зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг онцлоод, зохицуулалтын орчныг нь сайжруулах нэрийдлээр дээрх хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол?
Монголд үйлдвэрлэж байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф бусад орныхтой харьцуулахад өндөр, үүнийг бууруулах шаардлагатай гэж буй. Гэхдээ харьцуулахад учир бий. Ганц жишээ дурдахад, Дубайд нарнаас эрчим хүч үйлдвэрлэн, нэг кВт/цагийг нь 1-2 центээр нийлүүлдэг гэх. АНЭУ сэргээгдэх эрчим хүчний салбараа бодлогоор хөгжүүлж буй бөгөөд 100 гаруй жил нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж хөгжсөн тус улс нөөц баялгаа шавхагдаж дууссан үед эдийн засгаа хэрхэн амжилттай авч явахаа эртнээс тооцоолсон гэдэг.
Дубайн цөл манай говь нутагтай төстэй, нарны асар их нөөцтэй гэнэ. Арабын улсууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих газрыг нь үнэгүй олгож, бүх татвараас чөлөөлж, маш хөнгөлөлттэй буюу 1-2 хувийн хүүтэй зээл олгох зэргээр дэмждэг байна. Холбогдох бусад зээлд нь ч баталгаа гаргаж өгдөг аж. Иймээс 2-3 ГВт буюу 2000-3000 МВт хүчин чадалтай эх үүсвэрүүд барьж, санхүүжилтийнхээ зардлыг бууруулж, төрөөсөө асар их дэмжлэг авч байгаа улстай Монголыг харьцуулах боломжгүй. Товчхондоо, тэмээ, ямаа хоёрыг харьцуулах хэрэггүй. Энэ чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд сэргээгдэх эрчим хүчний тарифыг бууруулахыг дэмжиж байгааг энд тэмдэглэх нь зөв болов уу. Сэргээгдэх эх үүсвэрийн технологийн өртөг буурч буй учраас тэр.
Ийм эх үүсвэрүүдийг нэмэгдүүлснээр хэрэглэгчийн төлөх тариф нэмэгдэнэ гэж “айлгаж” буй. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй гэдэг утгаар нь улс худалдан авч байгаа цахил гааны төлбөрт бүх хэрэглэгч дэмжих тариф төлдөг. Өнгөрсөн жилийн байдлаар нэг өрх сард дунджаар 2000-2500 төгрөгийг сэргээгдэх эрчим хүчинд төлсөн дүн гарсан. Энэ бол заавал мод тарихгүйгээр цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж буй хэрэг юм. Гэтэл агаарын бохирд лоос болж өвөлдөө бид дээрхээс хэд дахин их мөнгийг эм, тарианд зарцуулдаг шүү дээ.
Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулалтаа нөхөх шаардлагагүй ДЦС-уудаас (ЗХУ-ын тусламжаар барьсан) нийлүүлж буй цахилгааныг зах зээлийнх нь үнээр хэрэглэгчдэд өгдөггүй, татаас олгосоор ирсэн. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн л энэ салбарт сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барьсан бөгөөд тэд хөрөнгө оруулалтаа нөхөх шаардлагатай нь тодорхой. Тэгэхээр энэ хоёрыг шууд харьцуулж боломгүй мэт. Нэгэн компанийн төлөөлөл “Санхүүжилт авахад LIBOR (Лондоны банк хоорондын захын суурь хүү) дээр төслийн, бас улс орны эрсдэл нэмэгдэж байж хүүгийн зардал тогтдог. Улс орны эрсдэл зээлийн хүүгийн зардал өсөхөд хамгийн их нөлөөлдөг” хэмээн халагласан.
Уг нь нийтийн тээвэр, автомашинаа сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэх боломж бий, наад зах нь. Жишээлбэл, нийслэлд өдөр бүр 950 орчим том оврын автобус дизель “залгидаг”. Хэрэв эдгээрийг цахилгаан болговол хорт хийн ялгаруулалтыг сард 65 тонноор бууруулах судалгаа бий. Шөнө ашигладаггүй эрчим хүчээ хойд хөрш рүү үнэгүй урсгахын оронд тээврийн хэрэгслүүдээ цэнэглэх боломж байна. Монголд нэг удаа дөрвөн цаг цэнэглээд (2500-3000 төгрөгөөр гэсэн үг), 130 км явах боломжтой цахилгаан автомашиныг хэдийн оруулж ирсэн. Автобус, автомашин, такси зэрэг тээврийн хэрэгслийг шөнө цэнэглэснээр зорчих тарифыг бууруулах ач холбогдолтой. Энэ мэт боломж, эрчим хүчээ нөөцлөх технологи хөгжөөд өчнөөн жил болсон атал манайд үүнийг нэвтрүүлэх талаар бодож, төлөвлөсөн зүйл алга.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өрсөлдөөнт зах зээл бий болгоно хэмээн тусгасан гэж буй. Өөрөөр хэлбэл, “Та нар эх үүсвэрээ тэнд барь” гэж хэлдэг болно. Уг нь нар, салхины нөөцийн судалгааг багаар бодоход 4-5 жил хийж байж хөрөнгө оруулалт татах боломж бүрддэг юм билээ. Ер нь, энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулалтын зарчмаар явуулахдаа маш болгоомжтой, хувийн хэвшлийнхнээс, мэргэжилтнүүдийн байр суурийг сонсож, олон улсын стандарт шалгуурын дагуу зөв хэрэгжүүлэх хэрэгтэйг зарим мэргэжилтэн хэлсэн. Олон сая ам.доллар зарцуулдаг энэ судалгааг төр хийж, эрсдэл үүрэх юм болов уу.
Монгол Улсын хэмжээнд 2017-2018 онд сэргээгдэх эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлж, нийт хөрөнгө оруулалтын дүнгээр 430 гаруй сая ам.долларын бүтээн байгуулалт өрнөжээ. Улмаар дотоодын суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь 17-д хүрэв. Харин бодит үйлдвэрлэлд эзлэх хэмжээ нь ердөө зургаан хувь байгаа нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 700 мянга орчим тонноор бууруулах, 400 мянган тонн түүхий нүүрс, 5000 шоо метр цэвэр ус хэмнэх ач холбогдолтой юм.
Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтыг дагаж үндэсний компаниудын чадавх бэхжиж, ажлын байр нэмэгдүүлэх, эрчим хүчний салбараас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зэрэг төрийн бодлоготой нийцсэн бодит үр дүн гарсан байдаг. Тухайлбал, төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг төсөл хөгжүүлэлт, зураг төсөл, барилга угсралтын үйл ажиллагаанд зарцуулдаг гэнэ. Үүнээс үзвэл, сүүлийн хоёр жилд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд 90 сая ам.долларын гүйцэтгэл хийн, 2000 гаруй түр, 200 орчим байнгын ажлын байр бий болгожээ.
Мөн алслагдсан шугам сүлжээний алдагдлыг бууруулах, өвлийн их ачааллын үед, ялангуяа салхин цахилгаан станцууд хувь нэмрээ оруулах зэрэг давуу тал олон. Харамсалтай нь, тусгай зөвшөөрөл олноор олгосон, цахилгааны төлбөр нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр салбарын зохицуулалтын орчныг бүхэлд нь өөрчлөх нь. Ингэснээр гадаадын банкууд энэ чиглэлийн төс лүүдийн санхүүжүүлэгч нь болох давуу талыг өөрсдөдөө бий болгох талтай хэмээн үзэж буйгаа зарим мэргэжилтэн нуусангүй. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хэнд ашигтай, тусгай зөвшөөрлийг яагаад олон олгосон зэргийг нягтлалгүй, буруутанд хариуцлага тооцолгүйгээр хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэн рүүгээ дайрч байна вэ? Сүүлийн хоёр жилд бараг хагас тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлж, бүтээн байгуулж, ажлын байр нэмэгдүүлсэн, байгаль орчинд ээлтэй бизнес, дэвшилт технологи нэвтрүүлсэн хувийн хэвшлийнхэн, сэргээгдэх эрчим хүчний салбарынхан буруутан болох нь уу гэлтэй.
Хөрөнгө оруулагчдыг үргээчихвэл тераваттаар (нэг тераватт 1000 ГВт-тай тэнцэнэ) хэмжигдэх “ногоон” эрчим хүчний нөөцөө Монгол Улс ашиглаж чадах болов уу. Харин дэлхийн чиг хандлага ногоон ирээдүй рүү чиглэж байна. Дэлхийн эдийн зас гийн форумаас уламжилснаар эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилготой Британийн хотуудын тоо 80-аас давсан, “General electric” компани нүүрсний станцын турбин үйлдвэрлэхээ зогсоож байгааг энд жишээлж болно.
УИХ-ын зарим гишүүний амнаас хөрөнгө оруулагчид л Монголыг монжих гээд байгаа мэт үгс унах юм. Үнэгүй “гүйж” яваа салхиа “бугуйлдаж”, мөнгө олох боломжийг ашиглаж чадах, эсэх нь бидэнд ихээхэн ач холбогдолтой юм. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Гурбуз Гүнул өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Монголд ирээд “Дэлхийд эрчим хүчний шилжилт болж байна. Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл үүнд нөлөөлж буй.
Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. Эрх мэдэл нүүрс, хий, нефтийн баялагтай улс орнуудаас сэргээгдэх эрчим хүчний нөөц тэйд нь шилжиж байна. Иймээс улс орнуудын геополитикийн харилцаанд энэ нь томоохон нөлөө үзүүлнэ” хэмээн онцолж байв. Дэл хийн орнууд хэдийн анхаарч эхэлсэн энэ ханд лагыг манайх анзаарч байгаа болов уу?
Ц.Болормаа
Эх сурвалж: Өнөөдөрсонин