Цэцийн дээр хөх тэнгэр л байгаа юу, эсвэл дотоожтой улстөрчид үү?

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын дотоожны хэрэг Монголын төрийн дээд инститүцүүдийн чансааг сорих хэрэг болон хувирч байна. Жирийн нэгэн дотоожны хэрэг ийнхүү өндөр авна гэхээр бахархмаар ч юм шиг, бачимдмаар ч юм шиг. Асуудлын учиг энэхүү дотоож нь жирийн иргэний биш Монгол төрийн эрх барих дээд байгууллдага болох УИХ-ын эрхэм гишүүнийх гэдэгт байгаа юм.
Жирийн иргэний дотоожийн хэрэг байсан бол хэрэг бүртгэгдсэн даруйд тэр дороо төд удалгүй шийдэгдээд зохих ёсны ялаа хүртчих байлаа. Харин энэ удаагийн дотоожийн эзэн нь эрхэм гишүүн дундаа эрх баригч МАН-ын олонхийн гишүүнийх учраас улс төрийн тоглоомын гол хөзөр болтлоо үнэд ороод байна.
Уг нь бузар хэрэгт нэр нь холбогдсон гишүүн Д.Гантулга 2018 оны зургадугаар сард гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өгөөд, тэр хүсэлтийг УИХ зөвшөөрөөд, түүний сонгогдон гарсан Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт хуулийн дагуу нөхөн сонгууль явуулах шийдвэрийг гаргасан ч парламентын энэ шийдвэр Үндсэн хуулийн Цэцийн босгыг давж чадаагүй. УИХ нөхөн сонгуулийн товыг дахин зарласан нь ирэх зургадугаар сарын 30 юм. Гэвч нөхөн сонгууль болох эсэхийг Цэц өнөөдөр /2019.05.27/ мөн хоёронтоо хэлэлцэх болоод байна.
Судлаач гэж олонд танигдсан Д.Ганхуяг нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. “УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын даргад хандаж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байдаг. Тэрбээр хүсэлтдээ "Д.Гантулга, би УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээжээ. УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75.0 хувь нь Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, улмаар УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг батлан гаргасан байна. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж, гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байна. Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч, тэрбээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад гишүүнийг ажлаас чөлөөлсөн нь парламент ёсны дархлааг үгүй хийж байна. УИХ-аас Үндсэн хуулийн хууль дээдлэх ёсны зарчмыг баримтлалгүй, хуульд үндэслээгүй 49 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байна” гэсэн Д.Ганхуягийн гомдлыг Цэц авч хэлэлцэхээр болсон.
Судлаач Д.Ганхуягийн гомдлоос илүүтэй Цэц ийнхүү энэ гомдлыг үндэслэлтэй гэж үзэн “хэрэг үүсгэсэн” нь хачирхалтай байгаа юм.
Үндсэн хуулийн Цэц 2018 оны наймдугаар сарын 22-ны Дунд суудлын хуралдаанаараа Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Хэнтий аймгийн иргэн С.Мөнхцэцэг нарын ирүүлсэн “УИХ зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан” хэмээн гомдлыг хянан хэлэлцээд “Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн Цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэх нь зүйтэй” хэмээн шийдвэр гаргаснаар нөхөн сонгууль явагдаагүй.
Харин өнөөдрийн хуралдаанаар нөхөн сонгуулийг мөн түлгэлзүүлсэн шийдвэр гаргавал Хэнтий аймгийн 42 дугаар тойрог 2020 оны ээлжит сонгууль явагдтал төрд төлөөлөлгүй байх сонин тохиолдол бий болох юм.
Ингэх магадлал өндөр. Учир нь, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН, МАХН нэр дэвшигчдээ өнгөрсөн Баасан гаригт зарлалаа. Хэнтий аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг АН нэр дэвшүүлсэн бол МАХН ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа. Харин эрх баригч МАН маргааш тодруулахаар төлөвлөсөн нь тэртээ тэргүй Цэц нөхөн сонгуулийг хоёр дахиа түдгэлзүүлнэ гэсэн тооцоотой гэсэн таамгыг хийхэд хүргэж байна.
МАН-аас Хэнтийн нөхөн сонгуульд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэвшинэ гэсэн таамаг ил далд явсаар байгаа. Тавдугаар сарын эхээр Ерөнхий сайд нөхөн сонгууль явагдах сумуудад очиж ажиллангаа, төсвийн мөнгийг гамгүй амалчихаад ирсэн. Гэсэн ч Ерөнхий сайд, бас намын дарга нь ялагдчихвал 2020 оны сонгуульд МАН ёроолдоо хэдхэн хатсан аргалтай яажгий араг тэврээд хоцорсонтой адил болно. Тэгээд ч үхсэн буурын толгойноос амьд өт айна гэдэг үгтэй. Намбарын Энхбаярын сүр хүчийг байлдаж тоглох дуртай хүүхэд шиг Ухнаагийн Хүрэсүхийнхтэй зүйрлэшгүй.
Нөгөө талаар Цэц эрх баригч хүчинд үйлчлээд гэх үү, эсвэл арай зөөлнөөр хэлбэл эрх баригч хүчний хүчинд автдаг болоод удаж байгааг улс төрийн хүрээллийнхэн бүгд мэдэж байгаа. Цэцийн дээр хөх тэнгэр биш ордны хуйвалдааны дотоожтой хор найруулагчид зайдалдаг болсон.

Д.Нарантуяа
Эх сурвалж: news.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан