Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г, Ц нарын эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Ингээд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Тэднийг 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98.000 ам.доллар, тавилга, эд зүйл авсан гэх үйлдэлд буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж.
Төрийн банкныхантай холбоотой хэрэг зөвхөн үүгээр дуусахгүй. Тус банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайханыг 20 орчим тэрбум төгрөгийн хэргээр АТГ шалгаж, түүний автомашин болон ажлын өрөөг битүүмжилж байсан. Мөн банкны ажилтан С.Алтанчимэг, Б.Мөнхбүрэн, Ч.Ариунгэрэл нарыг баривчилж цагдан хорьж, Гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийн их хэмжээний авлигын хэргийг илрүүлж, шүүхээс түүнд таван жил, нэг сар хорих ял оноосныг уншигчид санаж байгаа байх.
Т.Дорждэрэм нь албан тушаалаа урвуулан ашиглаж, “Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүхэд орон нутгийн өмчийг төрийн мэдлийн банканд барьцаалан 800 сая төгрөгийн зээл бүтээж өгсөнийхөө шанд 25 сая төгрөгийн хахууль авсан байв.
Bataar.mn