996 горимоор ажиллаад 669 зарчмаар амьдрах тэрбумтан эрийн зөвлөгөө


Хятадын онлайн худалдааны Алибаба компани жил бүрийн тавдугаар сарын 10-ны өдөр “Aliday” хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ өдөр тус компанийн ажилчдын гэр бүлийнхнийг Алибабагийн Ханьжоу дахь төв байранд урьж, компанийн үйл ажиллагаатай танилцуулдаг байна. Өнгөрсөн Баасан гарагт болсон арга хэмжээний үеэр шинэ гэрлэсэн хосуудад Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма ажил, амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалах тухай зөвлөгөө өгчээ.
Тэрээр залуу хосуудад “669” философийг амьдралдаа мөрдөхийг захисан байна. “Бид амьдралдаа 669 зарчмыг баримтлах хэрэгтэй. 669 гэж ямар утгатай тоо вэ? Зургаан өдөрт зургаан удаа. Аль болох урт хугацаанд гэсэн үг” хэмээн тайлбарлажээ.
Есийн тоо мандарин хэлэнд “урт удаан” гэсэн үгтэй адил төстэй дуудагддаг гэнэ. Өөрөөр хэлбэл зургаан өдөрт зургаан удаа зарчмыг насан туршдаа сахихыг хичээх ёстойг Жэк Ма зөвлөсөн байна.
Сарын өмнө Хятадын мэдээллийн технологийн салбарт мөрдөгддөг 996 зарчмын талаар маргаан дэгдэж байсан. Энэ нь долоо хоногийн зургаан өдөр өглөөний есөөс оройн есөн цаг хүртэл ажиллах тухай ойлголт юм.
Хэсэг залуу мэргэжилтнүүд ийм урт цагаар ажиллахыг эсэргүүцэж, онлайн орчинд хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Харин Жэк Ма 996 зарчмаар ажиллахыг залуусын хувьд богино хугацаанд хөгжиж дэвших боломж хэмээн дэмжиж байсан юм.
Тэгвэл одоо 996 горимоор ажиллаад 669 зарчмаар амьдрах тэрбумтан эрийн зөвлөгөө амьдралд хэрэгжих боломжтой эсэх талаар маргаан Хятадын сошиал ертөнцөд өрнөж байна.
 
Эх сурвалж: Telegraph
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан