Оюутолгойн хөрөнгө оруулагчид Канадад яаралтай хурал зарлажээ

Монголын улс төр өчигдрөөс хоёр сэдвээр гаднынхны анхаарлын төвд оров. Нэг нь Монголын нэгэн сайд 10 сая долларын авлига авсан гэх сошиал мэдээ, нөгөө нь Оюутолгойн гэрээг шалгасан парламентын ажлын хэсгийн дүгнэлт юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон байснаа өчигдөр хугацаагүйгээр хойшлуулж хэлэлцэх асуудлын дарааллаас хасчээ.
Энэ өдрүүдэд эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг дэлхийд алдартай “Financial Times” сэтгүүл Оюутолгойн эргэн тойронд үүсээд буй мухардмал, бас ойлгомжгүй нөхцөл байдлыг “Рио Тинто” компанийн засаглалтай холбон маш дэлгэрэнгүй тайлбарласныг орчуулан хүргэж байна.  
Австралийн уул уурхайн компани болох “Рио Тинто” нь жилд 550,000 тонн зэс олборлохоор төлөвлөн Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 5,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Ногоон эрчим хүчний хувьсгал эрчимжиж буй энэ үед үйлдвэрлэлийн металлын эрэлт өссөөр байгаа юм. Цаашид ч улам бүр өсөн нэмэгдэх нь гарцаагүй. Энэ утгаараа Оюутолгой нь “Рио Тинто”-гийн хувьд маш чухал ач холбогдолтой төслүүдийнх нь нэг юм.Гэсэн хэдий ч уг төсөл зарим нэг техникийн асуудалтай тулгарч 2022 он хүртэл тогтвортой олборлолт хийж чадахааргүй ч байж мэдэхээр харагдаж эхэллээ. Тиймээс “Рио Тинто” компанийн удирдлагууд энэ сарын 14-нд буюу мягмар гаригт Канадад Оюутолгойн асуудлыг яаралтай хэлэлцэхээр болоод байна.
“Рио Тинто” нь Оюутолгойн төслийг удирддаг ч,  уг ордод шууд хувь эзэмшдэггүй юм. Тодруулбал, Оюутолгойн ордын 66 хувийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийт 2,9 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Канадын уул уурхайн “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг бол үлдсэн 34 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд байдаг.Харин “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ын 50,8 хувийг эзэмшдэг.
Канад улсад жил бүр болдог “Turquoise Hill Resources” компанийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 13, 14 нд болох юм. Энэ үеэр тус компанийн томоохон буюу 10,9 хувийг эзэмшигч АНУ-ын Сан Францискод төвтэй, байгалийн баялгийн олборлолт эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө өгдөг “SailingStone Capital” компанийн удирдлагуудын зүгээс гаргах санал хамгийн их анхаарал татаж байна.
Учир нь тус компанийн хамтран эзэмшигч Макензи Дэйвс өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр илэрхийлсэн байр сууриа давтжээ. Тэрээр “Бид Оюутолгойн төсөлд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-тэй хамтран ажиллахыг чармайж буй боловч корпорацийн удирдлагын асуудлаас болж зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар хугацаа их алдаж байна. Харамсалтай нь, “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ энэ асуудлаар үр бүтээлтэй яриа хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа тул бидэнд тус компанийн Удирдах зөвлөлийн хараат бус дөрвөн захирлын эсрэг санал өгөхөөс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү шийдвэрийг бид хөнгөн хуумгай, сэтгэлийн хөдлөлөөр хийгээгүй. Бид энэхүү шийдвэрийг уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалж, мөн компанийн урт хугацааны амлалтыг тулгуурлан хийсэн болно. Гэхдээ энэхүү төсөл, хөрөнгө оруулалт нь дэлхийн хэмжээний корпорацийн туршлагаар л хэрэгжих боломжтой. Тиймээс төслийн хувь эзэмшигчид болох “Рио Тинто”, Монголын ард түмэн болон Засгийн газар, бусад жижиг хувь эзэмшигчид нэгэн адил алсын хараатай байж, хамтдаа амжилт өөд тэмүүлэх нь чухал юм” гэсэн юм.
Мөн “SailingStone Capital” компанийн зүгээс“өнгөрсөн таван жилийн хугацаанд Оюутолгойн төсөлд “Рио Тинто” компанитай хамтран ажилласан туршлагаас харахад товчхондоо тэд бидний эрх ашгийг төлөөлөн ажиллахгүй байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл тэд цаашид бидний зүгээс дэмжлэг авахгүй. “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ийн 50,8 хувийг эзэмшдэг ч удирдах болон шийдвэр гаргах төвшний асуудалд 100 хувийн эрх мэдэлтэй байгаа зохицуулалт нь компанийн засаглалын наад захын жишигт ч хүрч чадахгүй байна. Энэ компанийн хувьцааны муу үзүүлэлт нь удирдлагуудтай шууд хамааралтай. Тиймээс манай компани бусад жижиг хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын нэг суудлыг авах хүсэлтэй байна. Тэд компанийн засаглалд “Рио Тинто”-гийн эрх ашгийг давамгай хамгаалж ажиллаж байгаа нь өөрчлөх бодитой шалтгаан мөн. Энэ нь “Turquoise Hill Resources”-ийн менежментийн дутагдалтай талыг харуулж байгаа бөгөөд үүнээс болж  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын зогсонги байдалд орох, энэ том төсөл  алдагдал хүлээхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн байна.
Энэ саналыг “Turquoise Hill Resources”-ийн өөр бусад жижиг хөрөнгө оруулагчид болох “ISS” болон “Glass Lewis” компаниуд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн “Энэхүү хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь Оюутолгойн асуудлаар Монгол Улсад шалгалт хийгдэж, бүхнийг тун шинэ соргогоор хүлээн авч байгаа үед тохиож байна. Монголчууд бол  гаднынхан байгалийн баялгийг нь эзэмших асуудалд тун эмзэг ханддаг ард түмэн” гэсэн юм.
Одоогоор энэ бүхэнд “Рио Тинто”-гийн зүгээс ямар нэгэн хариу мэдэгдэл, тайлбар хийгээгүй боловч ирэх наймдугаар сард төслийн талаар шинэчилсэн мэдээллээр хангах болно гэсэн байна.
Харин “Turquoise Hill Resources”-ийн зүгээс “Хөрөнгө оруулагчдын санал, санаачилгууд нь компанийн засаглал, үйл ажиллагааг сайжруулахад өмнө нь ч чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүний үр дүнд 2018 онд зөвхөн ТУЗ-д тайлагнадаг шинэ гүйцэтгэх захирлыг сонгон, томилсон билээ.Монголын парламентаас томилсон ажлын хэсгийн тайлангийн хувийг бид хүлээн авсан бөгөөд үүний үр дүнг хянах үүрэгтэй хяналтын комисст хариу бичсэн” гэж мэдэгдсэн байна.

О.Мөнхбат
Эх сурвалж: Financial Times
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Аарцны ач тус