Мөнгө хүүлдэг УИХ-ын гишүүд зээлийн хүүг бууруулахыг дэмжихгүй

Парламентад банк болон банк бус санхүүгийн байгууллагын эзэд ард түмнийг төлөөлж байгаа цагт зээлийн хүү буурах талаар хөндөөд ч хэрэггүй мэт. Тэгэхээр “Хэн зээлийн хүүг бууруулж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ирж буй дарамтыг арилгах вэ” гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Үнэндээ банкны зээлийн хүүг хэн нэгэн албан тушаалтан өсгөөгүй, бас бууруулаагүй. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр монгол төгрөг өөрийн гэсэн ханштай болсон. Тэр нь зээлийн хүү юм. Зээлийн хүү өндөр байна гэдэг монгол төгрөгт итгэх итгэл сул байгаагийн шинж. Гэтэл итгэл гээчийг хуульчлан хүчээр тогтоон олж авдаг зүйл бил үү. Энэ тохиолдолд асуудал улам л хурцдана. Харин асуудлыг хурцатгахын оронд төгрөгт итгэх итгэлийг сэргээх арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг бол энгийн логик.
Эдийн засагчдын зүгээс төгрөгт итгэх итгэл сул байгаа шалтгааныг нэрлэхд ээ, улсын зээлжих зэрэглэл муу, нийт хадгаламжийн төвлөрөл өндөр буюу хэдхэн хүнээс хамааралтай, жил бүрийн төсөв өндөр алдагдал хүлээдэг, инфляцыг дагасан бодлогын хүү өндөр зэргийг дурддаг. Мөн зарим банкир зээлийн хүү яагаад өндөр байгааг УИХ, Засгийн газраас бизнесийн салбарт зохисгүйгээр оролцдог, банкууд өөрсдөө үр ашиггүй ажилладаг, эдийн засаг дахь эрсдэл өндөр гэх мэт хүчин зүйлүүдийг нэрлэх нь бий. Банк ашиггүй ажиллаж байгаа шалтгааныг зээлийн хүүний бүтцээс харж болох аж. Зээлийн хүүний 60 хувь нь хадгаламжид төлдөг хүүний зардал, банкны үйл ажиллагаа 23 хувь, эрсдэл буюу зээлээ төлдөггүй хүмүүсээс болж банк багагүй зардал гаргаж байна. Нөгөө талаар гурван сая хүн амтай зах зээл дээр 13 банк, 18 даатгал, 500 ББСБ, 300 ХЗХ, 8000 ломбард, төрийн 29 сан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Монгол Улс мөнгө муутай, байгаа жоохон мөнгөө ийм олон эх сурвалжид тараан тарамдуулдаг учраас зээлийн хүү өндөр байхаас өөр аргагүй гэнэ. Эдгээр байгууллагууд бүгд ямар нэг хөрөнгөтэй, ажилчдаа цалинжуулна, түрээс төлнө, машин унана гэсээр зардал нь өсдөг байна. Товчхондоо, эдийн засаг сууриараа эрсдэлтэй, банкууд менежментээ сайжруулж ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхгүй байгаа, цөөн хэдэн тэрбумтандаа өндөр хүү амлаж мөнгийг нь татдаг явдал зээлийн хүү өндөр тогтох үндсэн шалтгаан болж байгаа аж.
УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс дээрх эдийн засгийн суурь шалтгаантай бус шууд үр дагавартай нь тэмцэхээр хуулийн төсөл санаачлан өргөн бариад байгаа. “Зээлийн хүүний хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг ч нийгэмд өндрөө авч, сонгуулиар зээлийн хүүг бууруулна гэж амлачихсан гишүүд ацан шалаанд ороод байгаа сурагтай. Хуулийн төсөлд арилжааны банкуудын зээлийн хүүний дээд хязгаарыг жилийн 18 хувь, цалин, тэтгэврийн зээлийн хүүний дээд хязгаарыг жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь гэж хязгаар тогтоохоор тусгасан. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн хүүний хувийн дээд хэмжээ нь 35 хувиас их байхыг хоригложээ. Латин Америк, Африк, Зүүн Азийн 70-80 улс ийм төрлийн хуулийг хэрэгжүүлж байсан бөгөөд банк эрсдэлийн түвшин багатай зээлдэгчдээ зээлээ олгож, өндөр эрсдэлтэй зээлдэгч рүү зээл олгохоо зогсоосон сөрөг үр дагавар гарч байжээ. Гэхдээ Япон мэтийн хүчирхэг, үйлдвэрлэгч, ёс зүй өндөртэй эдийн засагт амжилттай хэрэгжээд сүүлдээ хэрэггүй болсон тохиолдол бий аж. Хуулийн төсөлд нэг зүйл орхигдсон нь ямар нэг татвар төлөлгүй мөнгө хүүлэгчид буюу өдрийн зээл олгогчид. Тэд сарын 10-300 хувь, жилийн 120- 1200 хувийн хүүтэй зээл өгдөг. 
Тэгвэл Голомт банкны эдийн засагчид бие даан судалгаа хийж, “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”-ийг боловсруулсан. Тэд 1990-2017 оны эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, засаж сайжруулснаар зээлийн хүү 10 хувиар буурах боломжтой гэж үзсэн. Үүнээс гадна Монголбанкнаас санаачилсан “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”-ийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнгөрсөн онд баталсан бөгөөд 2018-2023 онд хэрэгжинэ. Энэхүү стратеги амжилттай бүрэн хэрэгжсэнээр 2023 оны төгсгөлд банкны зээлийн жигнэсэн дундаж хүүг адил орлоготой бусад орны түвшинд хүргэх буюу одоогийн түвшнээс 5-7 хувиар бууруулах зорилт тавьсан. Ингэхдээ зах зээлийн суурь эрсдэлийг бууруулах зарчмыг дэвшүүлсэн. Тухайлбал, инфляцыг бага байлгах, валютын нөөц нэмэх, төсвийн зардал хэмнэх, эдийн засгийг төрөлжүүлэх, бодлогын хүүний нөлөөг сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах хууль эрхзүйн орчинг бий болгох, засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгаа сууриар нь засах замаар хүчтэй мөнгөн тэмдэгтэй болох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Угаасаа үе үеийн УИХ, Засгийн газрын эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд дээрх зорилтууд багтсаар ирсэн байдаг. Гэвч мөчлөг дагасан эдийн засгийн бодлогоос гадна засаглалын тогтворгүй байдал гэх зүйл саад болсоор ирсэн юм. Тиймээс Монголын банкны холбооны дэргэдэх судлаачдын зүгээс зээлийн хүүг бууруулах стратеги биелэх боломжтой эсэхэд судалгаа хийж үзжээ. Тэдний үзсэнээр инфляцыг тогтвортой байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах зэргийг бүрэн хийх боломжтой аж. Харин эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, засаглалыг сайжруулах зэрэг нь Монгол банкнаас төдийлөн хамаарахгүй буюу УИХ, Засгийн газрын асуудал болж таарч байна. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, засаглалыг сайжруулах бодлогоо тууштай баримталсан цагт л зээлийн хүү буурах боломж бүрдэнэ. Манай практик дээр бараг л боломжгүй зүйл. Учир нь улс төр нь дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй. Үүнийгээ дагаад бодлого тодорхойлогчдын алсын хараа цаанадаж дөрвөн жил, наанадаж нэг хоног ч байж мэдэхээр болсон. Улмаар богино зайн улс төр хийх мөнгө санхүүг нь шийдэж өгөөгүй Засгийн газрын гишүүд, Монголбанкны удирдлагуудыг бараг л хүссэн үедээ сольж сэлгэдэг болчихсон. Хүсвэл хувийн хэвшлийг ашиг сонирхолдоо нийцэхийг шахна. Дээр нь УИХ-ын гишүүд өөрсдөө банкны эзэн, эсвэл банк санхүүгийн байгууллагыг төлөөлдөг. Хамгийн ойрын жишээ дурдахад, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зах зээлээс бага хүүтэй зээл авсан асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдахад хэдэн УИХ-ын гишүүний банк болон банк бус санхүүгийн байгууллага ил болсон билээ. Ердөө л хувийн банк болон банк бус санхүүгийн байгууллагаараа мөнгө хүүлдэг УИХ-ын гишүүд зээлийн хүүг бууруулах санаачилгыг дэмждэггүй нь ийм учиртай. Харин 1990 оноос хойш зээлийн хүүг хэн ч хүчээр тогтоох гэж оролдоогүй байтал зах зээлийн зарчмаараа буурч ирлээ.
“Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болдоо: 
-Зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоосноор сул байгаа банкны салбарт үхлийн цохилт хийнэ. Банкны зээлийн хүүг 18 хувиар тогтоох нь муйхраар тушаал буулгахтай адилхан. Үр дүнд нь хүмүүс банкнаас мөнгөө татна. Мөнгө хомстоно. Зээлийн олдоц муудна. Зээлийн хүү өснө. Банкны салбарт орж буй гадаадын хөрөнгө оруулалт хумигдана. Эх үүсвэрийн доголдолд орсон банкууд жижиг зээл олголтоо хумина. Хэрэглээний зээл хумигдсанаар том компаниудын борлуулалт буурч, ажилгүйдэл өснө. Энэ мэтээр гинжин урвалын нөлөөтэй. Цаашлаад төлбөрийн тэнцэл, төсвийн хямрал нүүрлэнэ. Банкнаас гарсан хөрөнгө ломбард, мөнгө хүүлэгчдэд очиж, далд хэлбэрт орно. Татварын орлого буурна. Системийн хямрал үүсч, нийгмийн тогтворгүй байдалд орж болзошгүй. Харин өдрийн зээлийг хуульчилж болно. Банкны салбарт хийж хязгаарлалт банк бус санхүүгийн байгууллагад мөн адил мөрдөгдөх ёстой.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Дэлхийн бусад улс орны жишиг, түүхэн замнал, санхүү эдийн засгийн зохицуулалт зэргийг бид нарийн сайн судалсан. Тэр дундаа банк санхүүгийн зохицуулалт нь ямар байгаа талаар судалсан юм. 1950-иад оноос эхлэн Япон, АНУ зэрэг дэлхийн 76 оронд зээлийн дээд хязгаарыг тогтоожээ. Бид энэ замнал руу орох цаг болсон. Жишээ нь, тэтгэврийн зээл л гэхэд 18 хувийн хүүтэй байна. Тэтгэвэр авагчдын хувьд энэ нь маш том дарамт шүү дээ. Тэр бүү хэл тэтгэврийн зээл авсан дариуд нь урьдчилаад хүүг нь суутгаад авчихдаг. Мэдээж тэр хүн хэрэгцээгээ тодорхойлоод л зээл авч байгаа. Гэтэл явц дунд бага багаар төлөх ёстой байсан хүүг нь урьдчилаад авчихаар өнөөх хэрэгцээнд нь хүрэхгүй болчихно. Ингэснээр дахиад нэмэлт зээл авах шаардлага үүснэ. Ийм байдлаар санхүүгийн дарамт иргэд аж ахуйн нэгж дээр үүсгэж байгаа нь нэг талаасаа зохиомол гэж харагдахаар байна. Нөгөө талаараа хэт өндөр ашиг хөөсөн мөнгө хүүлэлт явж байна гэж харсан учраас энэ хуулийг санаачилсан юм. Баруун төвийн, зах зээлийн зарчмыг дээдэлсэн үзэл баримтлалтай намын дарга хүний хувьд хувийн хэвшил, өмч рүү халдсан үйлдэл хийхгүй. Харин би хувийн өмч, иргэний эрх, санхүү эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө л энэ хуулийг өргөн барьж байгаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан