
Эргэн сануулахад, одоогоос жил шахмын өмнө МХЕГ-ын хэлтсийн дарга Т.Баярсайхан 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан билээ. Тус газрын мөрдөгчид тэр шөнөдөө дээрх албан тушаалтан болон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа нарын албан өрөө, гэрт нь нэгжлэг хийсэн юм. Улмаар Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. МХЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг АТГ-ынхан илрүүлэн шалгасан. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн эрх бүхий албан тушаалтнууд шаардлага хангахгүй эм, эмийн бүтээгдэхүүний шинжээчийн дүгнэлтийг өөрчилж байсан үйлдлийг АТГ-т шалгаж удахгүй дуусах юм билээ. Ийнхүү МХЕГ, харьяа салбарт нь авлига, хээл хахуулийн хэрэг удаа дараа гарч байхад тус газрын дарга Н.Цагаанхүүд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй өдий хүрч буй юм.
Unuudur.mn