БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярилцсан 13 асуудал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Засгийн газрын тэргүүний манай улсад дөрвөн жилийн дараа хийж буй айлчлал бөгөөд хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт тус тус бараалхсан юм.

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж тохирсон, шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар:

  1. Монгол, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааны салбар тус бүрээр зорилтыг тодорхойлохоор болов. 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
  2. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Солонгосын соёлын долоо хоног зэрэг соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тогтов. Солонгосын тал ирэх оныг “Монгол, БНСУ-ын найрамдлын жил”-ээр зарлах саналыг дэвшүүлэв.
  3. Улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр талын болон олон талт стратегийн яриа хэлэлцээний механизмыг бүрдүүлж тогтмолжуулахаар ярилцав.
  4. Харилцааны эрх зүйн орчинг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг нотолж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг тааламжтай цагт нь Монгол Улсад хүлээн авч айлчлуулах, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, идэвхжүүлэхээр тогтов. Түүнчлэн, “иргэн та эрх баригч” хөтөлбөр, зөвлөлдөх санал асуулгаар шийдвэр гаргадаг БНСУ-ын парламентын туршлагаас судлахаар болов.
  5. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж, нөөц бололцоо байгааг талууд тэмдэглэж, хорио цээрийн стандартыг жигдрүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.
  6. Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулах, хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, зам тээвэр, төмөр зам, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол, иргэд, консулын зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тогтов.
  7. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлах, түрээсийн орон сууцны хороолол байгуулах асуудлыг нааштай судалж, шийдвэрлэхээр тохиров. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр 10 аймгийн төвийн Дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.
  8. Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын хөрөнгө оруулалт, техник технологи, но-хауг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес, хувийн хэвшлийнхэн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, гарааны залуу бизнесүүдийг дэмжих зорилгоор Бизнесийн зөвлөл байгуулах санал, санаачилгыг урагшлуулахын төлөө байгааг монголын тал тэмдэглэв.
  9. “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ”, “Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг бүс нутгийн санал санаачилгын хүрээнд уялдаа холбоотой ажиллах, энэ чиглэлээрх судалгааны ажлыг эрчимжүүлэх, хоёр талын төмөр замын уулзалт зохион байгуулах зэрэг асуудлын талаар санал солилцов.
  10. Хоёр улсын хамтын ажиллагаа байгаль орчин, эрүүл мэндийн салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж буй “Сөүл төсөл”, “Ногоон хэрэм” зэрэг олон нийтэд болон тухайн салбартаа хүртээмжтэй, үлгэр жишээ болохуйц төсөл хөтөлбөрийг цаашид улам нэмэгдүүлэх сонирхолтой байгааг монголын тал илэрхийлэв. Ерөнхий сайд Ли Наг Ён Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг дурдаж, монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн Монгол иргэдэд зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
  11. Талууд соёл урлаг, боловсрол, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдэж, “М-К Pop” фестиваль зохион байгуулах, “Korea IT Camp” байгуулах зэрэг манай талын санал, санаачилгыг солонгосын тал нааштай хүлээн авч, дэмжиж ажиллахаар болов. Солонгосын тал солонгос хэлний сургалтыг эрчимжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.
  12. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс тэргүүлэх ач холбогдол өгч буйг онцолж, манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, хэтдээ иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Ли Наг Ён солонгосын тал БНСУ-д зорчих Монгол иргэдэд зориулан олон удаагийн визний өргөжүүлсэн журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид иргэд, консулын чиглэлээрх хүч чармайлтаа үргэлжлүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
  13. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Солонгосын тал Солонгосын хойг болон ЗХА-ийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг тэмдэглэв. Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тууштай байрь суурь баримтлахын зэрэгцээ бүс нутгийн энх тайвны үйл явцад хувь нэмрээ оруулах зорилгоор “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Ж.Хулан

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан