Нэгэнт цагт Монголын “хаан” явсан Намбарын Энхбаяр 2010 онд МАН-аас өрх тусгаарлан 2011 онд МАХН гэдэг нэг хүний нам байгуулж байлаа. Нэг хүнийг тахин шүтэх үзэлтэй тус нам өдгөө ч Н.Энхбаярыгаа “хаан” хэмээн сэтгэж, түүнийг тойрсон харц боол мэт хэдэн хүн “хаан” хүчирхэгжих цагийг хүлээж байна. Тэд 2020 онд гарцаагүй 10 суудал бүхий парламентад бүлэгтэй нам болох зорилт тавьжээ. Аз байвал ёозгүйгээр цохиж тэдний хүсэл биелэлээ олохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний дундаас “Хаан шалдан байна” гээд хэлчих хүн одоогоор алга. Манай улсад төрийн өндөр алба тэр дундаа намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс улс төрд эргэн эрэлт хийхийг оролдох болсон. Нөгөө талд нь МАН-аас тасарсан МАХН-ыг дахин тасдаж О.Баасанхүү гишүүн МАХН байгуулсан. Хоёр МАХН аль аль МАХН-аа үгүйсгэж буй. Том зургаар нь авч үзвэл улс төргүйгээр амьдрах орон зайгүй болсон хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улс төрд амжилт гаргаж, төрийн бодлого атгалцах гэхээс илүүтэй сонгуулиар халаасандаа таван төгрөг нэмчих бодолтой нэг хүний нам олон бий. Тэдний хамгийн том жишээ “Буян” Жагаагийн Бүгд найрамдах нам. Нэг хүний нам улс төрд “нам” ялсан хүрсэн түүх одоогоор манайд алга.
Тухайн цаг үедээ эзэн байсан хүмүүс эргээд одоо бодож байгаа зүйлээ хийгээгүй хэрнээ тухайн цагаа санагалзан эргэн эрэлт хийхийг хүсдэг нь улс төрийн бичигдээгүй зарчим болон үлдэх нь. “Хаан шалдан байна” гэдгийг хажуу хавирганых нь хүмүүсээс хэлээд өгөх хүн алга уу. Бурхантай ярилцаж шийдвэр гаргачид бурханаа бодож ард түмнээ тайван байлгахыг хүсье.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “хөөгдөгсөд” буюу Л.Болд, Ж.Батзандан нар өчигдөр /2019.03.18/ Төрийн ордонд хоёр хүний нам байгуулж байгаагаа албан ёсоор зарлав. Өмнө нь нэг хүний намтай байж үзсэн монголчууд албан ёсоор хоёр хүний намтай болох нь бололтой. Шударга ёсны төлөө амиа золиослож чадах хүн бүрийг намдаа нэгдэхийг тэд уриална лээ. Хоёр хүнийг улс төрд амжилттай явуулахын төлөө амиа зольдог тэнэг ч гэж хаа байхав. Ард түмэн цагаан цаас түүн дээр юу ч сараачиж болно гэдэг бодолтой яваа аж. Ж.Батзандан гишүүн Ардчилсан намаасаа хөөгдсөн нь бурханы хувь тавилан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Хаврын синдром ингэж эхэлж буй бололтой. Хэзээний шооч монголчууд бурхантай ярилцдаг гишүүдтэй болсноо өчигдөр л мэдлээ. Нэг үгээр хэлбэл Фортуна Н.Батбаярын араас эргэлт буцалтгүй орж, нэг замаар яваад эхэлж. Энэ нь тэнгэр заяат монголчуудад бурханаас өгсөн бэлэг юмдаг уу даа. Ардчилсан намаас өрх тусгаарласан хоёр гишүүний хувь төөрөг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх кноп дарах үеэр зурагдсан. Намынхаа Улс төрийн бодлогын зөвлөлийн шийдвэрийг сөрөн байж, намгүй болтлоо тэд Засгийн газрыг хамгаалсан нь бурханы мутар Засгийг огцруулахгүй байх кноп даруулсан болж таарах нь. Намгүй болох үндсэн шалтгаан нь намын шийдвэрийг дагаагүй тул гэж тайлбарласан.
Өнгөрөгч долоо хоногт МУИС-ийн багшаас Ерөнхий сайд, Шадар сайд, Ардчилсан намын дарга хүртлээ суга дэвшиж үзсэн Норовын Алтанхуяг Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөхөөр нэг жил хагас ажиллаад өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч харьяалах эзэнгүй болсноо зарласан. Тэрбээр “Нэгдсэн Монгол” гэж хөдөлгөөн байгуулсан. Махчилж ойлговол В.Путины “Нэгдмэл Орос” нам шиг юм уу даа. Бүгдийг базах хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн гэдэг мэдээлэл байна. Н.Алтанхуяг үүнийгээ өөрөө тэргүүлж, Лүймэдийн Гансүх тэргүүтэй сүүлийн үед С.Эрдэнийн эсрэг хэвлэлийн бага хурал хийж байгаа залуусаар эгнээгээ нэгтгээд байгаа юм. Ямартай ч тэр одоогийн өөрийн намын дарга С.Эрдэнэ рүү хаягласан халуун “чулуу” нүүлгэх болсон. Намын дарга руугаа давшилсан байдал хийгээд “Нэгдсэн Монгол”-ыг харж байхад АН-аас мөн л өрх тусгаарлахаар шийдэв бололтой. Түүнийг тойрон хүрээлэгчид нь “Намаа ав, чадахгүй бол өрх тусгаарлъя” хэмээн ятгасан гэх. Үүнийг хүлээн авснаар Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгчихөөд Төрийн ордны ойролцоо Л.Болд, Ж.Батзандан нартай хүч хавсран нам руугаа зүү шидэж эхэлжээ. Намын дарга С.Эрдэнэ нь ямар тэвнэ зөрүүлж шидэхийг одоогоор таах аргагүй юм. Тухайн цаг үедээ эзэн байсан хүмүүс эргээд одоо бодож байгаа зүйлээ хийгээгүй хэрнээ тухайн цагаа санагалзан эргэн эрэлт хийхийг хүсдэг нь улс төрийн бичигдээгүй зарчим болон үлдэх нь. Нэг үгээр хэлбэл О.Балжинням аварга төрийн наадмын дэвжээнд дэвэн дэвсээр гарч ирээд “Би заавал түрүүлнэ” гэж аяглахтай агаар нэг юм. “Хаан шалдан байна” гэдгийг хажуу хавирганых нь хүмүүсээс хэлээд өгөх хүн алга уу. Бурхантай ярилцаж шийдвэр гаргачид бурханаа бодож ард түмнээ тайван байлгахыг хүсье.
Zindaa.mn