Буруу даварсан цагдаа бухын хүзүүнээс хатуу

Баримт 1: Согтуугаар автомашин жолоодож явахдаа хурд хэтрүүлж, урсгал сөрснөөр 12 настай охиныг дайрч, амийг нь хороов. Хэрэгтэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн дэслэгч Ц.Ууганжаргал байв.
Баримт 2: Хятадуудаас авлига авсан хэргээр хууль сахиулах салбарт ажиллаж байсан У.Раднаабазар, Б.Батбаяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгсбаяр нар шүүхээс ял сонссон.
Баримт 3: Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид Горхи мэлхий хадны амралтад очоод, архидсан байна.  Улмаар ахлагч Н.Өлзийбуян, хошууч Хашболор хоёр хоорондоо зодолдон нэгнийхээ амь насыг хохироосноор найр тарав.
Баримт 4: ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал хийн буу ашиглаж худалдагчдыг айлган сүрдүүлж дэлгүүр дээрэмдсэн хэргээр ял сонссон.
Баримт 5: Дөнгөж 4 настай төрсөн охиноо зодож амийг нь бүрэлгэсэн аймшигт хэргийг цагдаагийн албан хаагч үйлджээ гэж мэдээ нийгмийг цочроосон. Тэгвэл тус мэдээлэл үнэн болох нь нотлогдож, охин эцэг, цагдаагийн ахлагч Т.Цогтод шүүхээс 24 жилийн ял оноосон.
Баримт 6: Сошиал орчинд саяхан “Та миний эрхийг уншаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п... вэ” хэмээн хараан зүхэж, өшигчин зодож байгаа бичлэг тарав. Эрүүдэн зодож байгаа цагдаагийн омголон давилуун хийгээд ажиггүй харж суугаа бусад цагдаа нарт дургүйцсэн сэтгэгдэлүүд олон байсан.
Баримт 7: Баянзүрх дүүрэгт цагдаагийн тусгайгийн алба хаагчид цэргийн албан хаагчийг зодож, амийг нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл гарсан. Цагдаагийн ерөнхий газраас эл хэргийн талаар мэдээлэхдээ “Хэрэгт холбогдсон таван этгээдийн дунд цагдаагийн алба хаагч байх магадлалтай” гэж хэргийг нууцалсан.
Баримт 8: Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал 2013 онд хүнсний дэлгүүрт баг зүүн орж, хийн буугаар сүрдүүлж дээрэм хийх үедээ үйлдэл дээрээ баригдсан. Тэрээр удаа дараа ийм байдлаар дээрэм хийж байсан нь мөрдөн байцаалтын үед тодорхой болсон байдаг.
Баримт 9: Налайх дүүрэгт Н.Оюунчимэг гэх бүсгүй гэртээ боомилж амиа алдсан байдалтай олдсон. Талийгаачийн ар гэрийнхэн эл хэрэгт түүний нөхөр Буяннэмэхийг сэжиглэсэн. Буяннэмэхийн хувьд цагдаагийн ахмад цолтой, хэрцгий догшин зантай нэгэн бөгөөд эхнэр хүүхдээ байнга зоддог, эхнэрийнхээ амийг хөнөөх оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан талаар гэрчүүд хэлж байжээ.
Баримт 10: Цагдаагийн алба хаагч гудамжинд эмэгтэй хүнд хүч хэрэглэж, хэрцгий балмад авирлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ этгээд нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж байсан нь тодорхой болж, ажлаасаа халагдсан байдаг.
Энэ бол Монголын цагдаа нар алуурчин, дээрэмчин, зандалчин, гэмт хэрэгтэн болж хувирсан баримтууд. Эдгээр баримтаар нийт цагдаагийн алба хаагчийг хамаатуулж, нэр төрийг нь сэвтээх гэсэнгүй. Гэвч төрийн цагдаагаас ийм олон гэмт үйлдэл гарч байгаа нь хэтэрсэн, хэтийдсэн үзэгдэл биш гэж үү. Гэмт хэрэгтэй тэмц гэж итгэл хүлээлгэсэн цагдаа нар нь өөрсдөө гэмт хэрэг үйлдээд эхэлбэл энэ ард түмэн хэндээ найдаж, хэнээс сэргийлэх болж байна аа.
Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссэн. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, ярьдаг. Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Хүнийг нь биш, сүлдийг нь хүндэлсэндээ тэр юм. Гэтэл буруу даварч, хазгай сэтгэсэн цагдаа нар “Бид бол төр. Та айж, бид айлгах ёстой” гэсэн шиг даналзсаар, адагтаа алуурчин мэт авиржиж, дээрэмчин мэт хэрцгийжиж ирсэн байна.
Олны олонд ганц нэг муу авир, гэмт үйлдэл, буруу хазгай байлгүй яахав дээ гэж өмөөрөх хандлага байдаг. Нэг чулуу хөдөлсний төлөө уул нүүсэн мэт сүржигнэх хэрэггүй ч гэдэг. Тэгвэл уучлаарай, цагдаа нар аа. Та нараас нэг ч өө сэв олж хармааргүй байна. Энэ бол төрдөө итгэж, хуулиндаа захирагдан амар тайван амьдрах гэсэн иргэн хүний хүсэл.
Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Харин эсрэгээрээ занадаг, заналхийлдэг, сүрдүүлдэг, доромжилдог байхыг зөвшөөрмөөргүй байна. Дээр өгүүлсэн баримтууд бол гэмт хэрэг үйлдэж, шийтгэл хүлээсэн тохиолдлууд нь л юм. Харин нийгэмд цагдаа нарын хэнээрхэл, ёс суртахууны доголдол, жинхэнэ гэмт хэрэгтний сэтгэлзүй зэрэг нь эзэнгүй сүг сүүдэр шиг тэнэж явна.
Яагаад эзэнгүй вэ гэвэл тэр үйлдлийнх нь талаар хэн ч гомдол гаргаж зүрхэлдэггүйд оршино. Цагдаагийн зуултад орохыг хэн л хүсэх вэ дээ. Тийм л учраас Монголд цагдаагийн алба хаагчдын нэр хүнд далд судалгаагаар маш муу гарч, харин ил дүгнэлтээр “А” үнэлгээ авдаг хэрэг.
Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.
“Энэ моньдийн яс маханд нь л хэлж өгөхгүй бол болдоггүй золиг байгаа юм” гэж хэлээд л хүүхдээ гөвшиж өгдөг эцэг эхчүүдтэй адил Монголын цагдаа эрхээ хэрэгжүүлдэг. Өдгөө дээрх эцэг эхчүүд гэр бүлийн хүчирхийлэгчид болж хувирч байгаа бол мөнөөх цагдаа нар нь харин гэмт хэрэгтэн болж өсөн торниж байх шив. Энгийнээр бодоход ч энэ бол боломжтой хувирал шүү дээ. Ажил дээрээ байнга л хэн нэгнийг дарамталж, зодож, зандчиж дадсан хүн ар гэртээ очоод гарынхаа үзүүрт эхнэр, хүүхдээ хэлмэгдүүлэх нь энгийн л нэг сурц, өөрийн эрхгүй төлөвшиж тогтох рефлекц маягтай болох нь аргагүй биш үү.
Тиймд цагдаагийн байгууллагыг нэг бол хүчнийх, нөгөө бол үйлчилгээнийх нь утга руу бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх. Хүчнийх гээд тогтчих юм бол цагдаа нар хүн хөнөөхөд нийгэм ингэтлээ цочирдож хүлээж авахгүй шүү дээ, ядаж л. Хүчээ л хэрэглэсэн юм байлгүй гээд хүчтэйн өмнө сөхөрдгийн үлгэрээр айдас хүйдэс дундаа амьдарна. Харин үйлчилгээний байгууллага гэсэн нэр хаяг, эмблем зүүх гээд байгаа бол түүнийгээ төгс хийгээсэй. Энэ хоёрын ялгаанаас л тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгааг хэн хүнгүй мэдэж, ойлгож байгаа. Алуурчинг илрүүлдэг, түүнээс сэргийлдэг гэж итгэсэн чинь өөрөө алуурчин байж таардаг шиг алс хол зөрүү байж болохгүй. Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг байж таарахгүй.
Уг нь цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэний хэрээр гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нэмэгдэх учиртай. Улаанбаатар хотын дүүрэг бүр нэг цагдаагийн хэлтэстэй байсан бол өдгөө 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа.
Гэтэл 2015 оны эхний найман сард 36118 гомдол мэдээлэл ирж, 2339 гэмт хэрэг гарсан бол дараагийн ганцхан сард энэ 31766 гомдол ирж, 2487 гэмт хэрэг гарч, захиргааны зөрчил л гэхэд 8000 гаруйгаар нэмэгджээ. Эндээс цагдаагийн тоонд бус, чанарт асуудал байна аа гэдгийг харж болж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн хэрэг биш, цагдаа нэртэй гэмт хэрэгтнүүдийн тоог л өсгөсөн мэт дүр зураг харагдаж байна.
Цагдаа нэртэй цэвэрхэн дээрэмчид, хууль ярьсан хурган бацаанууд гэж тэднийг дуудаж байна. Аливаа нэр хоч хоосноос ургадаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, компаниудыг олноор шалгаж, дарамт учруулж байна гэх мэдээлэл. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар “Цагдаагийн газраас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орчихсон тууж явна. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдсэн.
Цагдааг дарамтлагч, заналхийлэгч, хүчирхийлэгч, авлигач болгож буй хөрс суурь, шороо нь болж байгаа тогтолцооных нь тухай ярихгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нэг, хоёр цагдааг муулж үзэн ядаад өнгөрөх нь дэндүү харалган. Шарилжийг нь түүгээгүй хөрснөөс хогийн ургамал л ургах нь мэдээж шүү дээ. Цэцэг ургах байсан чинь үзлийн муухай шарилж ургачихлаа гэж шаагилдах нь утгагүй биш үү.

Д.Дамдинжав
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан