Хамгаалалтгүй бүрэн эрх


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын одоогийн удирдлагуудыг солих чин хүсэлтэй. Тус газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг өөрчилж, өөрийн санал болгосон хүнээ аваачих нь төрийн тэргүүний хувьд нэн тэргүүний зорилго нь болсон мэт харагдах болсоор удаж байна. Түүний хувьд зорилгоо ажил хэрэг болгох алхмыг хоёр дахиа хийгээд байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн тавдугаар сард тус газрын удирдлагуудыг солих хүсэлт гаргаж, УИХ-д өргөн барьсан. Улмаар оронд нь ямар хүн томилох талаарх санал асуулгыг ч олон нийтийн дунд явуулаад амжсан. Тухайн үед уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас томилж, чөлөөлөх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байдаг. Гэсэн ч тэрбээр гандан буурсангүй, өнөөх асуудлаа дахин хөндөөд байна. Энэ удаад тэрбээр АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас гэсэн тайлбартайгаар дараагийн даргад Д.Даваа-Очир, дэд даргад Ж.Батсайханыг томилуулах санал гаргаад байна. Ямартай ч төрийн тэргүүний гаргасан энэхүү саналыг энэ сарын 18-нд эхлэх ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Тиймээс энэ удаагийн ээлжит бус чуулганы гол сэдэв нь яах аргагүй АТГ болж хувирах нь дамжиггүй. Гагцхүү Ерөнхийлөгчийн хүсэл биелж одоогийн удирдлагуудыг солих уу эсвэл парламент өмнө нь гаргасан шийдвэрээ хамгаалж үлдэх үү гэдгийг харах л үлдээд байна. АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын хувьд 2016 оны долоодугаар сарын 8-нд УИХ-аас томилсон байдаг.
 
Ингэхдээ Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд уг заалтад “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг. Ерөнхийлөгчийн зүгээс нөхөн томилогдсон гэж үзэж байгаа бөгөөд өмнөх дарга Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад Х.Энхжаргалыг томилсон учраас үлдсэн хугацаанд нь ажиллах ёстой хэмээн тайлбарлаж буй.
 
Гэтэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр “Хэн нэгний оронд нөхөн томилогдсон бол үлдсэн хугацаанд ажиллана гэсэн хуулийн заалт байхгүй учраас АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй” гэж үзсэн байдаг. Харин АТГ-ын даргыг чөлөөлөх, огцруулах талаар Авлигын эсрэг хуульд “АТГ-ын даргын үүрэгт хугацаа дууссан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон, өөрөө хүсэлт гаргасан болон эрүүл мэндийн шалтгаанаар огцруулна” гэж заасан.
АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын хувьд өөрөө хүсэлт гаргаагүй бөгөөд хуульд заасан бусад нөхцөл үүсээгүй юм. Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу АТГ-ын даргыг солих эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед АТГ-ын зүгээс “УИХ-ын 2016 оны долоо дугаар тогтоолд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэсэн.
Үүнд УИХ-аас АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан. Нөгөө талаар тогтоолд нөхөн томилсугай гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Тэгэхээр одоо ажиллаж байгаа АТГ-ын дарга, дэд дарга нар нөхөн томилогдоогүй бөгөөд зургаан жилийн хугацаатай томилогдсон учраас 2021, 2022 онд бүрэн эрх нь дуусна гэж ойлгож болно’’ хэмээн тайлбарласан байдаг. Хэдийгээр хуульд ийнхүү нарийвчлан заасан байдаг ч тусгай албаны дарга нарын бүрэн эрхэд хамгаалалт бий юү гэх асуулт хариултгүй үлдэж байна. Төдийгөөс өдий хүртэл тусгай албаны хэн нэгэн дарга хуулийн хугацаа нь дуусаагүй байхад шахалтаар ажлаа өгч байсан тохиолдол олонтаа гарч байв. Ажлаа өгсөн эсвэл өгүүлсэн эсэх нь тодорхойгүй үлддэг ч хуулийн заалт зөрчигдсөн асуудлыг хэн ч хөндөлгүй орхидог нь гэм биш зан болсон. Энэ удаад ч АТГ-ын дарга нарын бүрэн эрх хуулийн зохицуулалттай атлаа Ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй учраас хугацаанаас нь өмнө чөлөөлөхгүй гэх баталгаа алга. Ямартай ч уг асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсонтой холбогдуулан зарим хуульчийн байр суурийг сонслоо.
Ж.Эрхэмбаатар: АТГ-ын даргыг солих Ерөнхийлөгчийн санал хуульд нийцэхгүй
-Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргыг солих саналыг хоёр дахиа гаргасны дагуу ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад байна. Энэ процессыг та хуульч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч аливаа асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барих эрхтэй. Үүний дагуу АТГ-ын дарга болон дэд даргын хуулийн хугацаа дууссан гэж үзээд оронд нь нэр бүхий хүмүүсийг томилуулах санал хүргүүлж байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч хоёр дахиа өргөн барилаа. Эхний удаад Хууль зүйн байнгын хорооноос “Уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагагүй” гэж үзээд буцааж байсан. Гол асуудал нь АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх тухайд маргаан үүсээд байх шиг байна. Гэтэл Авлигын эсрэг хуулийн 21.1-д Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. АТГ бол авлига, албан тушаалын хэргийг мөрдөн шалгадаг чиг үүрэгтэй тусгай алба. Тиймээс энэ чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээс хараат бусаар, бие даасан байдлаар ажиллах нөхцөл нь хангагдсан байх ёстой юм. Тийм ч учраас АТГ-ын дарга, дэд дарга, улсын ерөнхий прокурор зэрэг тусгай албаны албан тушаалтнуудыг хугацаатай томилдог. Энэ хугацаа нь хэлбэрэлтгүй мөрдөгдөх ёстой. Бүрэн эрхийн хугацаа үргэлжилж байх явцад хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлөхийг хуулиар хориглодог.
 
-Одоогийн дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэхэд гол маргаан өрнөж байна. Энэ тухайд хуульд эргэлзээ үүсэхээр тайлбарласан байдаг юм уу?
 
-Хэзээнээс хугацааг нь тоолох вэ гэдэг маш тодорхой. УИХ-аар хэлэлцээд тогтоол гаргасан өдрөөс бүрэн эрхийн хугацаа хэрэгжинэ шүү дээ. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулахыг хуулиар журамласан байдаг. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 22.1.1-т өөрийн хүсэлтээр хугацаанаас өмнө чөлөөлөгдөх боломжтой. Ингэснээр нөхөн томилгоо хийсэн бол чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хүний томилогдсон хугацаанаас тоолох уу эсвэл шинээр томилсон бол тэр хугацаанаас тоолох уу гэдэг л маргаан өрнөөд байна. Энэ тухайд ямар ч эргэлзээгүй юм. Авлигын эсрэг хуулийн 21.1-д хэн нэгнийг томилбол зургаан жилээр томилно” гэсэн зохицуулалт бий. Үүнд тухайн шалтгаанаар юмуу? үүрэгт ажлаа хүлээлгэн өгч болно. Ингэж чөлөөлөгдсөн нь шинэ даргын бүрэн эрхийн хугацааг тоолоход ямар нэгэн нөлөөгүй.
 
-Хуулийн талаас бүрэн эрхийн хугацааны тухайд эргэлзээ байхгүй гэсэн үг үү?
 
-Хуульд маш тодорхой буюу хоёрдмол утгагүйгээр тайлбарласан байдаг. Тэгэхээр одоогийн АТГ-ын дарга, дэд дарга нь зургаан жилийн хугацаатайгаар томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан тохиолдолд л чөлөөлж болно гэж заасан. Харин хэзээ дуусах вэ гэхээр зургаан жилийн дараа л гэсэн үг. Хуулийн талаас ямар ч эргэлзээгүй учраас Хууль зүйн байнгын хорооноос “Хугацаа нь дуусаагүй учраас дахин хэн нэгнийг томилох эсэхийг хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн хэрэг. Хэн нэгний оронд очсон юм биш, АТГ-ын дарга, дэд даргын томилгоо нь нөхөн томилгоо биш. Өөрөөр хэлбэл, энэ ажилд томилсон болохоос нөхөөгүй гэсэн үг.
 
-Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын одоогийн дарга нарын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон гэж  үзээд дараагийн хүний нэрийг оруулж ирээд байна. Энэ тохиолдолд зарим хүний хэлж байгаачлан хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлалаа гэж ойлгож болох уу?
 
-Сүүлийн үед тусгай алба буюу шүүх, прокурорын дарга нарыг улс төрийн албан тушаал, эрх мэдлээ ашиглаад хуульд заасан журмыг зөрчиж нөлөөлөх байдал газар авчихлаа. Жишээлбэл, тусгай албаны удирдлагыг өөрийн хяналтдаа авах гэсэн оролдлого нь Ерөнхийлөгчийн өргөн барьж буй саналаар илэрч гарч байх шиг байна. Бид уг нь хууль ёсоо дээдэлж мөрддөг улс оронд амьдарч байгаа юм. Хуульд юу гэж заасан, түүнийг даган мөрдөх үүрэг нь жирийн иргэнд ч, Ерөнхийлөгчид ч адилхан байгаа. Бид хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн гаргасан саналыг УИХ шийднэ, гагцхүү төрийн тэргүүний зүгээс гаргасан санал нь хуульд нийцэхгүй байна л гэж харж байна.
 
-Өмнө нь АТГ-ын дарга нарыг солих саналыг Байнгын хороо “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн бол энэ удаад ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан нь хардлага төрүүлээд байна л даа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн саналыг УИХ ёсоор болгоод АТГ-ын дарга нарыг өөрчилчихвөл ямар нөхцөл үүсэх вэ?
 
-Хэрвээ шийдвэр гаргачихвал УИХ нэг хуулийн зүйл заалтыг хоёр янзаар хэрэглэсэн тохиолдол болно. УИХ-аас гаргаж буй аливаа шийдвэр Үндсэн хуульд төдийгүй бусад хууль тогтоомжид нийцэх ёстой. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас хамаараад хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаад явсан тохиолдолд Үндсэн хуулийн Цэцэд хандаж, маргаан үүсгэх хяналтын механизм ажиллана. Гэхдээ парламент хуулийг нэг агуулгаар хэрэглэх болов уу гэж найдаж байна. Энэ дашрамд нэг зүйлийг нэмж хэлэхэд, тусгай албадыг хугацаатай томилдог. Жишээлбэл, АТГ-ын тухайд зургаан жилийн хугацаанд албан тушаалтнуудаас үл хамаараад ажлаа хийх нь баталгаатай болж байж хэн нэгнээс айхгүйгээр ажлаа итгэл үнэмшилтэй хийдэг. Тийм ч учраас хугацаа зааж томилдог. Эрхэлж буй ажил нь дандаа албан тушаалтнуудтай тулдаг, тэднийг шалгадаг учраас баталгааг нь хангаж өгч байгаа хэрэг. Ингэж баталгааг нь хангахгүйгээр авлигатай тэмцэнэ гэдэг боломжгүй зүйл. Энэ удаагийнх шиг хуулийг хоёрдмол утгаар юмуу өөрт ашигтайгаар эсвэл авлигатай тэмцэх харилцааг зохицуулж буй хуулийн харилцааг шийдэхдээ өөр хуультай адилтгаж шийдэх нь Үндсэн хууль зөрчсөн зүйл. Нэгэнт тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль байхад түүнийг л баримтлаад явах учиртай юм. Хуульд юу гэж заасныг хэнбугай ч хэлбэрэлтгүй мөрдөх учиртай.
 
Ү.Амарбат: Ерөнхийлөгч хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлаж байна
 
-Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ- ын удирдлагуудыг солих хүсэлтээ дахин гаргаад байна. Үүнийг та хуульч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Улс төрийн хувьд үзэл бодол нийлэхгүй байгаа учраас ийм саналыг удаа дараа оруулж ирээд байна гэж ойлгож байна. Ингэхдээ хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлах замаар асуудалд хандаад байна л даа.
 
Угаасаа энэ талаарх асуудлыг зохицуулсан буюу Авлигын эсрэг хуульд АТГ-ын даргыг хэрхэн томилохыг зохицуулахдаа “нөхөн томилох” гэдэг үг байхгүй.
Тиймээс АТГ-ын дарга, дэд даргыг нөхөн томилно гэсэн ойлголт байхгүй.
 
Ер нь хууль зүйд нөхөн томилох талаарх ойлголт байдаг. Жишээлбэл, нөхөн сонгогдсон УИХ-ын гишүүн байж болно, энэ тохиолдолд нөхөж орж ирсэн учраас нэг парламентын хугацаанд л ажиллана гэсэн үг. Бодит жишээ нь Д.Гантулгын /УИХ-ын гишүүн асан/ орны хүнийг томилох сонгууль ирэх зургаадугаар сард болох гэж байна. Тухайн сонгуульд ялж гарч ирсэн хүний бүрэн эрх 2020 оны долоодугаар сард дуусгавар болно гэсэн үг. Харин АТГ-ын даргын томилгооны хувьд тэс өөр ойлголт юм. Тухайлбал, одоогийн дарга Х.Энхжаргалыг томилсон талаарх тогтоолд “нөхөн томиллоо’’ гэсэн үг үсэг ороогүй. Тийм ч учраас Х.Энхжаргалаас өмнө ажиллаж байсан Н.Ганболд гэдэг хүний үлдсэн хугацаанд Х.Энхжаргал ажиллана гэсэн ойлголт байхгүй. Ийм байтал одоогийн дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзээд байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлаж байна гэж дүгнэхээс аргагүй.
 
-Ерөнхийлөгч зүтгүүлсээр байгаад АТГ- ын одоогийн дарга, дэд даргыг чөлөөлүүлэх магадлалтай. Хэрвээ ийм шийдвэр гарвал яах вэ?
 
-Энэ тохиолдолд хуулийн бус замаар чөлөөлөгдсөн Х.Энхжаргалын хувьд Үндсэн хуулийн Цэцэд хандаж болно. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ-аас тогтоолоор томилно гэсний дагуу Х.Энхжаргалыг чөлөөлчихлөө гэж бодоход эргээд Цэцэд хандах бүрэн боломжтой.
 
-Ерөнхийлөгчийн хувьд санал гаргасан, үүнийг нь УИХ ёсоор болгочихвол шууд Үндсэн хуулийн зөрчил болно гэсэн үг үү?
 
-Тэгэлгүй яах вэ. Хэрвээ Ерөнхийлөгч энэ чигээрээ зүтгүүлсээр байгаад АТГ-ын одоогийн дарга нарыг чөлөөлчихвөл яах аргагүй Үндсэн хуулийн зөрчил болно.Гэхдээ энэ талаарх маргаан Үндсэн хуулийн очлоо гэхэд  хууль зүйн хувьд унах нь тодорхой боловч улс төр талаас нь харвал өөр шийдвэр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй холбоотой маргаан Цэцэд очлоо гэхэд Үнсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгчийн гурвын гурван хүн бий. Маргаан хянан шийдвэрлэхэд дор хаяж таван хүнээр асуудлаа шийддэг гэж үзвэл тэнд хэр их улстөржилт өрнөх вэ гэдгээс л бүх зүйл хамаарах болов уу. Өмнө нь АТГ-ын дарга нарыг солих саналыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирэхэд Хууль зүйн байнгын хороо хэлэлцээгүй. Байнгын хорооноос нэр бүхий хүмүүсийг томилно, чөлөөлнө гэх шийдвэр гаргаж болох байсан ч “Ерөөсөө таны гаргасан хүсэлт хуульд нийцэхгүй байна. Тиймээс хэлэлцэх ч боломжгүй байна” гээд буцаачихсан. Гэтэл энэ удаад ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулчихаад байгаа юм билээ. Үүнийг би хувьдаа УИХ хэлэлцэж шийдвэр гаргах нь гэж хараад байгаа юм.
 
-Ерөнхийлөгч АТГ-ын дарга нарыг солихын тулд олон нийтийн тунд санал асуулга хүртэл явуулсан. Үүнийгээ огцруулах нэг үндэслэл гэж тайлбарлаад байгааг та хэрхэн дүгнэх вэ?
 
-Ерөнхий дүр зургаар нь харахад АТГ-ыг ажлаа хийхгүй байна, авлигатай тэмцэхгүй байна гэж олон нийт үзэж байгаа юу гэвэл, тийм. Х.Энхжаргал гэдэг хүн авлигатай тэмцэх ажлаа бүрэн гүйцэд хийж чадаж байна уу гэж олон нийтээс асуувал үгүй л гэх байх. Гэхдээ тэглээ гээд хууль бус арга замаар ажлаас нь чөлөөлж болохгүй.
АТГ-ын дарга, дэд даргын тухайд Ерөнхийлөгчийн хэлээд байгаачлан “60" тэрбум”-ын гэх хэргийг шийдээгүй, авлигатай тэмцээгүй учраас огцруулж, оронд нь өөр хүн томилно гэхээр олон нийт мэдээж дэмжиж таарна. Ажлаа муу хийсэн гэх зэргээр энэ хүнийг өөчилж болох ч үүнийгээ үндэслэл болгоод, хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлаад Авлигатай тэмцэж буй газрынхаа дарга нарыг хуулийн бус замаар ажлаас нь чөлөөлчихөж огт болохгүй юм. Олон нийтэд таалагдахын тулд хууль зөрчиж, хийдүүлж, хуулийн алдаа гаргаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, энэ байдал нь сүүлдээ даамжраад олон нийтэд л таалагдаж байвал аливаа албан тушаалтан ямар ч хуулийг зөрчиж болно гэх буруу жишгийг бий болгох аюултай. Энэ асуудал нь тэртэй тэргүй түмний нүдэн дээр болж байгаа учраас хуулийн зөрчил нь Үндсэн хуулийн Цэцэд очиж таарна. Энэ тохиолдолд хууль зөрчсөн байдлаа Цэцээр хамгаалуулаад байж болохгүй. Хэрвээ ийм нөхцөл үүсгэчихвэл магадгүй үүнийг “Баттулгын хонгил” гэж нэрлэж болох юм.
 
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа цагдаагаар айлгадаг байсан бол Х.Баттулга олон нийтэд таалагдаж л байвал дурын шийдвэрийг хууль зөрчиж гаргаад, гаргасан шийдвэрийг нь хянадаг Үндсэн хуулийн Цэцийг өөрийнхөө нөлөөнд авчихаар түүнийг хянадаг хүн байхгүй болно биз дээ. Энэ тохиолдолд “Баттулгын хонгил" гэж нэрлэхээс аргагүй болно.
 
-АТГ-ын өмнөх дарга Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад Х.Энхжаргалыг томилсон учраас зөрүүтэй тайлбар хийгээд байдаг. Ерөнхийлөгч нөхөн томилогдсон гэж үзэж байгаа ч хуульд энэ талаар дурдаагүй байдаг юм билээ?
 
-АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нөхөн томилогдсон гэж үзээд нэгэн иргэн өнгөрсөн жил Цэцэд гомдол гаргаж байсан. Нэгдүгээрт, Х.Энхжаргалыг томилсон тогтоолд “нөхөн томилсон” гэх үг, өгүүлбэр байхгүйг би дээр хэлсэн.Хоёрдугаарт, энэ тухайд бодит жишээ бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Ч.Сангарагчааг шахсаар байгаад өргөдлийг нь өгүүлж байсан. Энэ удаад Х.Энхжаргал өөрөө өргөдлөө өгөхгүй гэдгээ хэлсэн, ялгаа нь энэ. Хэрвээ л өмнөх жишгээ дагаж байгаа бол Ч.Сангарагчааг өргөдлөө өгсний дараа Н.Ганболдыг томилж байсан. Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийн буюу зургаан жилийн хугацаа дуусаагүй байхад Н.Ганболдыг томилж байсан. Гэтэл энэ хүн зургаан жилээ дуусахаас өмнөхөн өөрөө өргөдлөө өгсөн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын тайлбарлаж байгаагаар Ч.Сангарагчаагийн үлдсэн бүрэн эрхийн хугацаанд л Н.Ганболд ажиллах ёстой байж шүү дээ. Гэтэл тэгээгүй, зургаан жилээ гүйцэхийн өмнө өөрийн хүсэлтээ гаргаад явсан байдаг.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан