Маргаашнаас нийлэг уут хэрэглэсэн иргэнийг 30-50 мянгаар торгоно

Олон жилийн туршид хэрэглэж ирсэн гялгар /нийлэг/ уутны хэрэглээнээс бид маргаашнаас /2019.02.28/ эхлэн татгалзах гэж байна. Дэлхийн 60 гаруй улс орон хэдийнэ гялгар уутаас татгалзаад байна. Харин Монгол Улс 2019 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс нийлэг уутны хэрэглээг хязгаарлахаар зохицуулалт хийгээд байгаа билээ. 1995 онд Дани улс нийлэг уутны хэрэглээнд татвар ногдуулснаар нэг жилийн дотор 800 сая ширхэг хэрэглээтэй байсан уутны хэрэглээг 50 хувь бууруулж чаджээ. Ирланд улс 2002 оноос эхлэн нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд иргэдээсээ татвар авч эхэлсэн байна. Үүний үр дүнд ашиглалт 90 хувь буурсан дүн гарчээ. Харин Монголд нийлэг уутны хэрэглээ хэтийдэж, хүн бүрийн эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлж буйг ярьсаар ирсэн боловч одоо л шийдвэр бодит болж, хөрсөн дээр буух нь.
МОНГОЛ УЛС ХЭРЭГЛЭСЭН ХУВАНЦАР, ГЯЛГАР УУТНЫХАА 8 ХУВИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛДАГ. ҮЛДСЭН 92 ХУВЬ НЬ БАЙГАЛЬД ХАЯГДАЖ ШИНГЭХДЭЭ 500-ГААС ДЭЭШ ЖИЛ БОЛДОГ.
Нийлэг хальсан уут гэж баглаа боодолд хэрэглэх зориулалтаар химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн, дахин боловсруулах боломжгүй, удаан задардаг уутыг хэлнэ. Нийлэг уутанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас шинжилгээ хийхэд бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарсан тул 0,035 миллиметрээс нимгэн буюу нэг удаагийн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэдэг гялгар уутыг хориглохоор болсон.
Энэ нь бидний нэрлэж заншсан "10-ын гялгар уут" юм. Энэхүү нийлэг уут нь гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог байна. Хуулийн хэрэгжилтэд НМХГ-аас хяналт тавин ажиллах бөгөөд тус газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд “Импортоор орж ирж буй нимгэн гялгар уутыг хориглох, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улс нийлэг уутны хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөг тогтоож, татгалзаж эхэлсэн. Нимгэн, хальс шиг уут нь элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл, хорт хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж байна. Гэтэл хүмүүс ийм хортой гэдгийг нь мэдсээр байж хэрэглэж байгаа нь асуудал юм. Иймд цаашид хямд өртөгтэй гэхээс илүү эрүүл мэндээ бодож, эко бүтээгдэхүүн хэрэглэж дадах хэрэгтэй” гэсэн юм.  
НИЙЛЭГ УУТ ХӨРС ҮХЖҮҮЛЖ, УС ХОРДУУЛАХААС ГАДНА ШАТСАН ТОХИОЛДОЛД АВТО МАШИНЫ ДУГУЙ ШАТСАНТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ХАР ТУГАЛГА ЯЛГАРУУЛДАГ.
Дэлхий даяар минут тутамд хоёр сая нийлэг болон хуванцар уут хаягддаг бөгөөд зөвхөн БНХАУ гэхэд өдөр бүр гурван тэрбум нийлэг уут хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын тунхаглалаар 2050 он гэхэд дэлхий нийтээр гялгар уутыг хэрэглэхийг бүрэн хориглох зорилтыг дэвшүүлэн тавиад байгаа юм. Харин манай улс хэрэглэсэн хуванцар, гялгар уутныхаа найман хувийг л дахин боловсруулдаг. Тиймээс үлдсэн 92 хувь нь шууд байгальд хаягддаг гэсэн үг. Гэтэл гялгар уут нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500-гаас дээш жил болдог. Энэ хугацаанд нар, салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж, усыг хордуулахаас гадна шатсан тохиолдолд авто машины дугуй шатсантай тэнцэх хэмжээний хар тугалга ялгаруулдаг байна.
Засгийн газраас өнгөрөгч оны зургаадугаар сард нийлэг уутыг хэрэглэхийг хориглох 189-р тогтоол гарсан. Энэ тогтоолыг зөрчсөн иргэнийг 30.000-50.000 төгрөгөөр, харин хуулийн этгээдийг 150.000-200.000 төгрөгөөр торгоно. Мөн хууль бусаар импортолсон тохиолдолд иргэнийг 100.000-150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250.000-350.000 төгрөгөөр торгохыг заажээ.

Б.Амирдаа 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан