Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ ээжийг шүүхийн байранд зодож танхайрчээ

Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой байдаг. Гэтэл үйлчлүүлэгчийнхээ ээжийг өөрийнх нь үгэнд орсонгүй хэмээн зодож танхайрсан хэрэг гарлаа. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019-02-26-ны өдөр өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ ээжийг зодож танхайрсан байна. Энэ хэргийг тус шүүхийн ажилчид болон тухайн үед хэргийн газар байсан иргэд, цагдаагийн алба хаагчид гэрчилж байгаа юм.
Энэ хэрэг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.
Хэргийг харсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар: “ Тухайн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ ээжийг загнаж байгаад барьж аваад цохиод, өшиглөсөн. Шүүхийн байранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар нь харж байгаад зодуулсан. Зодуулсан хүн нь 40-50 орчим насны эмэгтэй. Болиулах гэхэд “Би үйлчлүүлэгчээ зодох нь та нарт хамаагүй” гэсэн байна. Тухайн өдөр шүүхийн байранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаа болон тэдгээрийг ахалж байсан н.Сугар гэх ахлах дэслэгч өмгөөлөгчийг саатуулалгүй явуулсан. Шүүхийн ажилтан цагдааг болиулаач, өмгөөлөгчийг барих ёстой биз дээ гэхэд нь загнасан” гэв.
Үйлчлүүлэгчийнхээ ээжийг зодсон өмгөөлөгчийг Д.Барсүрэн гэдэг бөгөөд  60 орчим настай тавьтаргүй нэгэн гэдгийг мэргэжил нэгтнүүд нь дүгнэж байв. Тодруулбал, байнга хэл ам хийж, маргаан үүсгэдэг ярвигтай ааштай гэдгийг мэргэжил нэгтнүүд нь хэлсэн юм.
Д.Барсүрэн нь Монголын Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй, Хуульчдын холбоонд бүртгэлтэй өмгөөлөгч юм байна.
Ёс зүйн алдаа гаргасан өмгөөлөгчийн хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагаас шалгаж байгаа юм. Зодуулсан хүнд нь гэмтэл учирсан бол гэмтлийн зэрэг тогтоолгож, өмгөөлөгчид хуулийн дагуу хариуцлага тооцно. Харин гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бол 100 000 төгрөгөөр торгуулах юм. Үүнээс гадна өмгөөлөгчийг гэм буруутай гэж тогтоох юм бол өмгөөлөх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах ажээ. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ талын хүнийг зодсон анхны тохиолдол энэ юм байна.
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан