Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.07/ болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.07/ болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Төрийн өмчийн компанийн талаарх зохицуулалтын болон өмчлөлийн талаар баримтлах нэгдсэн бодлого бүхий эрх зүйн орчин байхгүй, салангид зохицуулж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагаанд хяналт тавих, зах зээлийн зарчмаар ажиллахад хүндрэлтэй байдал үүсгэж буй. Тиймээс ТӨК-ийн хувьцаа, хөрөнгө эзэмших зорилго, үндэслэл болон ТӨК-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтцийн өөрчлөлт хийх бодлого тодорхойгүй, ТӨК-ийг үүсгэн байгуулах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнесийн үйл ажиллагаанд оролцож, тэдэнтэй өрсөлдөж буй зэрэг практик шаардлагуудад тулгуурлан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-д зохион байгуулав.
ӨНГӨРСӨН ОНД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН 43% НЬ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42 хуулийн этгээд,
- Эрчим хүчний яам-27,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл),
- Сангийн яам-7,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4,
- Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1%-ийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна.
Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ гарчээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан 2023 оны тоон мэдээллээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаагаас
- ТӨХК-48,
- ТӨХХК-23,
- Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11,
- Төрийн өмчит үйлдвэрийн газар-17,
- Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд байна.
Иймд хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан аж. Үүнд төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгох. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, журмыг тусгасан байна. Түүнчлэн төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон аль нэг төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхой болгож байгаа юм.
ТӨР ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ЗОХИЦУУЛАГЧИЙН ХУВИАР ОРОЛЦОНО
Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай үр дагаварууд бий болно гэж тооцоолж байна. Тодруулбал төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцоно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй. Улмаар хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгох юм. Түүнчлэн гурван жил дараалан алдагдалтай ажилласан, алдагдлаа бууруулж чадаагүй төрийн өмчит компанийг татан буулгахаар хуульд тусгасан аж. Уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.