Үнс болоогүй нүүрс

Үнс болоогүй нүүрс

 

Би сүрхий үзмэрч учраас “нүүрс үнс болно” гэж 6-7 жилийн өмнө хэлээгүй юм шүү. Нүүрс хэзээ ч үнэ цэнэтэй ашигт малтмал байгаагүй. Элбэг учраас.

Нийтлэлч Баабар

 

2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж, зориуд бэлтгэсэн камер, хэвлэлийнхний өмнө 30 минутын турш дүрэмдэн загнаж, хийрхсэн билээ. Үүнийг бүгд санаж байгаа ч яагаад? гэдэг асуултын хариуг хэн ч мэдээгүй үлдсэн юм. 10 жилийн дараа Ц.Элбэгдоржийн үнэн тодорч байна.

Тэр уулзалтын урд өдөр Хэро энтертайментын бүтээсэн “Алдарч байгаа тусгаар тогтнол” хэмээх нэвтрүүлгийг цацуулахгүй гэхдээ Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар хууль хүчний бүх байгууллагыг дайчлан олон нийтэд хүргэлгүй саатуулах, дарамтлах ажиллагааг явуулсан. Учир нь энэ нэвтрүүлэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд М.Энхсайхан нарын шууд дэмжлэгээр MMC компани Тавантолгойн стратегийн ордыг хууль бусаар хувьчилж авахаар санаархаж байгааг сэрэмжлүүлэх агуулгатай байв.

Гэсэн хэдий ч “Алдарч байгаа тусгаар тогтнол” нэвтрүүлгийг бүтээгчид хэд хэдэн ТВ-ийн сувгаар нэвтрүүлгээ цацав. 100 чухал сэдэв цувралын хүрээнд бүтээгдсэн энэ нэвтрүүлэг цацагдсаны маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудсан нь тэр юм. Өнгөц харахад хоёр улс төрч толхилцсон мэт энэ уулзалтын цаана “Нийт монголчууд баялагтаа эзэн байх уу, үгүй юу“ гэсэн далд тэмцэл өрнөж байлаа.

Алдах шахсан Тавантолгой

Ц.Элбэгдорж 2013 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон цагаасаа эхлэн ард түмний баялгийг сэм гартаа оруулах санааг илэрхий агуулах болсон. Тэрээр Ачит Ихт гэх зэсийн баяжмал боловсруулдаг компанийг тамгын газрынхаа дарга асан П.Цагаанаар толгойлуулан Эрдэнэтэд ажиллуулж, давхар сахал Д.Эрдэнэбилэгтэй үгсэн Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг авах ажиллагааг шаргуу явуулж байлаа. Энэ ажиллагаагаа үр дүнд хүргэхийн тулд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг суудлаас нь зайлуулж Ч.Сайханбилэгийг “томилоод” доор М.Энхсайханыг мега төсөл хариуцсан яамгүй сайд болгов.

Тэд монголын нийт иргэдийн өмч болох Тавантолгойн ордын 51 хувийг эзэмших атгаг зорилго агуулж байлаа. Ордын 49 хувийг хятадын төрийн өмчит Шинхуа группт өгнө, ингэхдээ өөрсдөө 51 хувь эзэмших гэж байгаагаа ихээхэн бүрхэг байлгаж байгаад гэрээ хийчих ийм л санаатай хөдөлж байсан юм. Шинхуа групптэй хийх гэрээний төслийг М.Энхсайхан хариуцаж, УИХ-аар оруулалгүй баталчих гэж нилээд чармайсан байдаг. Аз болоход энэ улсад ард олноо гэх сэтгэлтэй улс төрчид, хүмүүс цөөн бус байсан юм.

Луйврын гэрээний эсрэг Б.Баатар “Алдарч байгаа тусгаар тогтнол” нэвтрүүлгийг хийж, А.Амундрагийн удирдлага дор Үндэсний тойм сэтгүүл “Тавантолгойн 5 эргэлзээ”, “Тавантолгойн 5 мэхлэлт”, “Нураагч”, “Тавантолгой урагшаа” гэсэн тусгай дугааруудыг нийтлэн гаргаж байв. Би хамтран ажиллаж байсны хувьд энэ хоёр залуу ямар их зүтгэл, сэтгэл гаргасныг гэрчилнэ. Залуу хүмүүс хэвлэлийн болон улс төрийн дайралтаас шантрах, буцах магад гэсэн миний таагүй бодлыг тэд үргээж чадсан юм. Тэдний тууштай зүтгэл үр дүнд хүрснийг өнөөдөр бид харж байна.

Тухайн цагт Шинхуатай хийх гэрээг “маш ашигтай” гэх ухуулга явагдаж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Тавантолгойн ордын ашиглуулахдаа их хэмжээний урьдчилгааг гурван төрлийн төлбөрөөс босгох боломжтой. Тендерт ялагч нь 500 сая доллараас доошгүй урьдчилгаа төлбөр Засгийн газарт өгнө” гэж хэвлэлээр ярьж байсан. Гэтэл  хариуцсан сайд М.Энхсайхан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуулгад хариулахдаа "Асуулгын 2.3-т "Гэрээний урьдчилгаа болох 500 сая ам.доллар юуны төлбөр болох, буцаан төлөгдөх эсэх, ямар нөхцөлтэй авч байгаа" талаар дурджээ. Юуны өмнө хэлэхэд консорциумын зүгээс 500 сая ам.доллар төлнө гэх санал ирүүлээгүй" гэснээр Монголчууд ямар нэг залиланд өртөж байгаагаа мэдэрч эхэлсэн гэж болно. М.Энхсайхан "Асуулгын 2.12-т гэрээ зурагдсны төлбөр төлөх талаар дурджээ. Гэрээ зурагдсны төлбөр төлөх асуудал уралдаант шалгаруулалтын нөхцөл болоогүй, тэднээс ийм санал ирүүлээгүй болно” гэж хариулсны дараа Тавантолгойг хувьчлах талаар явуулж буй сурталчилгаа, бодит байдал хоёр ихээхэн зөрүүтэй болохыг УИХ-ын гишүүд мэдэж авсан юм.

 

2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд “… Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна” хэмээн дурдав. Тэрээр Гэрээг Засгийн газар яагаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж байгаа өдөр яаран шийдвэрлэх гээд байгааг асууж, Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаагүй олон зүйл заалт байгааг анхааруулсан юм.

  • Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлага байхгүй
  • Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 100 хүртэл жилээр сунгах
  • Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй
  • 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо “Энержи Ресурс” компанийн Ухаа худагтт хийсэн хөрөнгө оруулалтыг хамруулсан
  • Төмөр замыг өргөтгөхөөр болбол зөвхөн хөрөнгө оруулагч хятадын тал хийх эрхийг олгосон
  • Тавантолгойн ордод ажиллах компанийн уурхай руу монгол улсын иргэд нэвтрэх эрхгүй, зөвхөн зөвшөөрөл бүхий төрийн албаны ажилтан нэвтрэх буюу улс дотор улс байгуулахаар санаархсан
  • Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, гэсэн хирнээ нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулсан
  • Гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн ирээдүйн 30 жилд олох байсан ашгийг монголын Засгийн газар нөхөн төлөх үүрэг хүлээсэн

зэрэг эргэлзээ бүхий заалтууд байгааг сануулж, улмаар “Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” хэмээн хатуу эсэргүүцсэн байна.

УИХ-ын 40 гишүүн З.Энхболдыг дэмжснээр Тавантолгойн гэрээг монголд ашиггүй байдлаар хийх оролдлого тасалдсан юм. Цаана нь 36 гишүүн баялгаа гадныханд өгөхийг дэмжих байр суурьтай үлдснийг мартаж болохгүй. Магад одоо ч тэдэн шиг хүмүүс УИХ-д сууж байгаа.

Арван жилийн дараа тодорсон үнэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 10 дугаар сарын 18-нд Чайна Энержи группт зочлон, удирдлагатай нь уулзаж ярилцах үеэр тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Монгол улсын Ерөнхий сайдын Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ тал дээр олон жилийн үл ойлголцол, гацааг арилгаж, Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

Удалгүй 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Засгийн газарт Чайна энержи группын Монголын талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч захидал ирүүлжээ.

Захидалд Чайна энержи групп:

  • Монгол Улсын төмөр замын бодлогын дагуу өргөн царигаар төмөр замаа барихыг хүлээн зөвшөөрчГашуунсухайт-Ганцмод боомтын холболтыг хариуцан байгуулах,
  • Дэлхийн зах зээлийн үнээр 16-20 жилийн хугацаатай нүүрс тогтвортой худалдан авах гэрээ байгуулах,
  • Мөн Тавантолгойн нүүрсний ордод лицензхувь эзэмших саналыг дахин тавихгүй зэрэг үндсэн саналуудыг тусгажээ.

Энэ захидал гацаа арилж, бүтээн байгуулалтын ажил ундрахын дохио болохоос гадна олон жилийн туршид шинэ төмөр замын ажлыг гацааж, үндэсний рэх ашигт ноцтой хохирол учруулж ирсэн нүүрсчин бүлэглэлийн нүүр царайг илчилсэн хэрэг юм. 2022 оноос хойш Шинэ сэргэлтийн бодлого, Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд гол тээг болж байгаа хилийн холболт, төмөр замын тээвэрлэлтэд үүссэн гацааг арилгахаар Засгийн газар тууштай ажиллаж олон удаагийн уулзалт хэлцэл хийсээр ийнхүү ойлголцолд хүрч чадав.

Арван жилийн дараа 2024 оны эцсээр л монголчуудын “Баялагтаа эзэн байхын төлөөх” шаргуу тэмцэл шийдвэрлэх үр дүнд хүрч байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын анх тодорхойлон нэрлэсэн “Нүүрсчин бүлэглэлийн” ард түмний баялгийг хувьчлах нэрээр булаан авах санаархлыг ийнхүү эцэслэн зогсоож, Монгол хүн баялагтаа эзэн байх Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжих боломж бүрэн бүрдлээ. Энэ боломжийг хамгаалж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархах нь зүйтэй байх.

Арван жилийн дараа юу тодорхой болов гэхээр нүүрсчин бүлэглэлийн Тавантолгойг гартаа оруулахын тулд явуулж байсан сурталчилгаа бүхэлдээ худал байжээ. Нарийн цариг, 100 жилийн түрээс зэрэг шахалтыг хятадууд хийгээгүй, бүлэглэл л Шинхуа компани монголын Засгийн газрын хооронд хутгаж байсан нь тодорхой болов. Нүүрс үнс болохгүй нь. Чайна Энержи группийн зүгээс:

  • Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу стратегийн ач холбогдолтой уурхайд гадаадын аж ахуйн нэгжүүд хувьцаалиценз эзэмших боломжгүй тул цаашид Тавантолгой ордод лиценз, хувьцаа эзэмших зэргээр хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал дахин тавихгүй гэсэн нь М.Энхсайхан нар ямар ичгүүргүй будлиан хутгаж байсныг нотоллоо.
  • Тус группийн зүгээс “… Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын гэрээний талаар нэгдсэн ойлголтод хүрчхолбогдох гэрээ хэлэлцээрт аль болох хурдан хугацаанд зэрэг гарын үсэг зурна гэдэгт найдаж байгаагаа” илэрхийлэв. Гэтэл нүүрсчин бүлэглэл “төмөр замыг нарийн царигаар л тавихгүй бол болохгүй, хятадууд зөвшөөрөхгүй” гэж өдөр шөнөгүй ухуулдаг байлаа. Оргүй худал зүйлс байсныг энэ захидал харууллаа.
  • Одоо гацаа арилж, ажил өрнөх нь тодорхой болж байна. “2025-2029 онд нийт 27 сая тонн нүүрс, 2030 оноос 20 сая тонн хүртэл хэмжээний нүүрсний худалдаа хийжтэгш шударга ёсны зарчимд тулгуурлан хоёр талын тогтвортой нүүрсний гэрээний хамтын ажиллагааг 16-20 жил байлгах…” гэсэн  саналыг Чайна Энержи групп дэвшүүлжээ.

Шинхуа групп нэрээ сольж, Чайна энержи групп болсныг дашрамд сануулъя. Тэд монголын төрөөс гаргасан хууль, шийдвэрүүдийг хүндэтгэн үзэхээ илэрхийлсэн. Харин дундуур нь хутгасан нүүрсчин бүлэглэл улсынхаа хуулийг уландаа гишгэхээр завдаж байсан нь тодорхой боллоо.

Ц.Элбэгдорж ба ТТ

2007 оны 2 дугаар сарын 5. "Ардчилал” сонинд "Ард түмнийхээ "Таван толгой”-г ард түмэндээ өгье” гэх гарчигтай нийтлэлийг Ц.Элбэгдорж бичжээ. Тэрээр "Таван толгойг монгол толгой бүртээ хувааж өгье. Нэг үгээр хэлбэл хувьцаа болгож өгье гэсэн үг. Хамгийн гол нь Таван толгой гэх нэг баялгийг хоёр сая найман зуун мянган ширхэг болгон нийт ард түмэндээ хуваана гэсэн үг. Ингэснээр өмч жинхэнэ эзнийхээ авдарт орно гэсэн үг” хэмээн бичиж байв.

 

Гэтэл долоохон жил өнгөрөөгүй байхад л эздэд нь өгнө гэж байсан Тавантолгойгоо бүлэглэл байгуулж, хувьчилж авахаар санаархах болжээ. 2007 онд Ц.Элбэгдорж дээрх нийтлэлийг бичсэн цаг үед Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, ордыг стратегийн гэх жагсаалтанд оруулах уу, эсвэл бусдад өгөх үү зэрэг өргөн хэлэлцүүлэг нийгэмд өрнөж байлаа.

 

Сү.Батболд нам дамнасан 14 УИХ-ын гишүүний хамтаар Тавантолгойн лицензийг эзэмшиж байсан. Уг нь ганцаараа эзэмшиж байсан ч “улс төрөө даахгүй” гэх шалтгаанаар тэднийг татан оруулсан юм. УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, Ц.Цэнгэл, Сү.Батболд, Г.Батхүү, Ерөнхийлөгч асан П.Очирбат болон MCS, “Шунхлай” зэрэг компани хувь эзэмших болов. УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Манай гэр бүлийн компани Тавантолгойн ордын 10 хувийг эзэмшдэг” хэмээн хөөрөн зарладаг тйим л үе байлаа. Хэрвээ 2007 оны 6 дугаар сарын сүүлээр МоАХ-ноос төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж, суулт зарлаагүй бол наадмын өмнөхөн Таван толгойн гэрээг тэдэнд өгөхөөр Засгийн газар бэлдэж байсныг одоо хэн ч санахгүй байх. Эсэргүүцэл үзүүлсний дараа ордыг төрд буцаан авсан. Ингэхдээ Тавантолгой ордын 4 хувьтай тэнцэх талбай буюу Ухаа худагийн ордыг Энержи ресурс компанийн “өр төлбөрт” өгөх нэрээр үлдээсэн байдаг. Тавантолгойн ордод төсвийн хөрөнгөөр, 2008 оны мөнгөн дүнгээр 40 тэрбум төгрөгийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоожээ. Энержи ресурсын өр төлбөр гэдэг нь маш ойлгомжгүй зүйл.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсныхоо маргаашаас Тавантолгойн талаар бичиж, хэлж байсныхаа эсрэг үйлдэлд хөтлөгдөн оржээ. Тэрээр Тавантолгойг гартаа оруулахын тулд цогц, цуврал үйлдлүүд хийсэн. Түүний энэ ажиллагаанд Н.Алтанхуягийн өгсөн нэр нь “Шударга бусын хонгил” ажгуу. Цагдаа, шүүх прокурорыг дамнасан тусгай шугам гаргаж хөгжүүлсэн байдаг.

Эхлээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг буулгаж авах гэж үзэв. Элдвээр дарамталж, эхнэрийг нь хүртэл хорихоор завдаж байлаа. Үүний үр дүнд  Н.Алтанхуяг буулт хийж, 2014 оны 4 дүгээр сарын 30-нд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн төмөр замыг нарийн царигаар барих тогтоолын төслийг УИХ-д өргөн бариулж, батлуулжээ. Энэ тогтоол 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг зөрчсөн хууль бус юм. Бүлэглэлийн тулгалтаар нарийн царигийн төмөр зам барихаар санаархсан энэ тогтоолыг хожим 2020 оны 5 дугаар сарын 15-нд УИХ хүчингүй болгосон.

Дараа нь Н.Алтанхуягийгаа ноцсоор огцруулж дөнгөв. Оронд нь өөрийн утсан хүүхэлдэй Ч.Сайханбилэгийг томилуулаад, шууд М.Энхсайханд ТТ-н гэрээг хариуцуулахыг үүрэгдсэн байна. М.Энхсайхан ММС компанитай үгсэн тендерийн болзлыг тэдэнд тохируулан зарлана. Шинхуа-ММС-Сумитомо гэсэн хоршил тендерт ялна. М.Энхсайхан гэрээг байгуулна, ингэхдээ УИХ-аар оруулахгүй батлахыг зорьно. Энд Сумитомог оруулсан нь гуравдагч орныг оролцуулсан гэж л харагдуулах зорилготой байжээ. Гэрээг унших юм бол тэнд Сумитомог огт дурдаагүй. Ямар ч үүрэг, хариуцлага байхгүй. Нэрээ л ашиглуулахаар тохиролцсон бололтой байдаг.  Уг нь тендерт оролцсон америкийн “Peabody energy” хамгийн сайн саналыг тавьжээ. Тэд “5-7 жилийн хугацаанд 5-8 тэрбум долларын ашгийг бий болгож, одоо байгаа 428 ажлын байрын 1000-д хүргэх, 500 сая доллар хүртэлх борлуултын урьдчилгаа төлбөр өгнө” гэж. Сонгон шалгаруулалтын комиссийн гишүүн “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал асан Т.Наран шалгаруулалтын дараа “Пибодигийн хувьд сайн санал ирүүлсэн ч цөөхөн оноогоор дутсан” гэжээ. Монгол компанитай хамсал болоогүй нь цөөн оноогоор унагах шалтаг нь болсон гэх аж.

Ц.Элбэгдорж ”Минийх гэж бодож яваа хөрөнгийг нь эзнээс нь асуухгүй, тэр тусмаа эзэнд нь өгөхгүй, эзэнд нь мэдэгдэлгүй ард түмний ачаар, ардчиллын ачаар нэг сэтэр олж зүүчихээд хулгайлаад дээрэмдээд байвал сайн сайхан амьдрал энэ оронд тогтохгүй” гэж 2007 онд бичсэн нь өөрийгөө тодорхойлсон шинжтэй болов. Түүний байгуулдсан бүлэглэл эзэнд нь өгөлгүй, эзэнд нь мэдэгдэлгүйгээр ТТ-н ордыг эзэмших гэж улайрч байсан билээ.

"Баялгаа нийт иргэд нь биш улстөрчид нь мэддэг орны ард түмэн үргэлж ядуугийн зовлон эдэлдэг. Учир нь ард түмнийх нь баялгийг өмчийг цөөхөн улстөрчөөс нь худалдаж авах нь харийн хүнд хамаагүй хямд тусдаг” гэх түүний мөрүүд өөрийхөө хийх үйлдлийг урьдчилан зарлаж явсан хэрэг бололтой. Ер нь бол хэлсэн ярьсныг нь эсрэгээр ойлгоход таардаг жамтай.

Би 1989 оны намар Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнийг угтсан цуврал уулзалт ярилцлагын үеэр Ц.Элбэгдоржийг анх харж байлаа. Урлагийн байгууллагууд ээлжлэн уулзалт зохиож байсны Кино үйлдвэрийнх дээр офицер хувцастай ирж, сэтгэгдлээ хэлсэн юм. Тэр цагаас хойш мэдэх, сонгогдоход нь ч, унагахад нь ч дэм болж явсаар “Хүзүү судлалын” доктор шахуу болсон хүн. 1990 оноос хойш миний мэдэх хамгийн увайгүй, хөгийн улс төрч. Байнга худал ярьна. Хувийн шуналаа барьж дийлэхгүй, хэлбэрднэ, сагсуурна. Хэлснээ мартна, мурьна, эсрэг үйлднэ. Түүний үйлдсэн хамгийн том нүгэл нь ард түмний өмч болох Тавантолгой, Эрдэнэтийг бүлэглэлтэй үгсэн гартаа оруулах гэж байсан явдал. Буруугаа бусад руу чихэхдээ гарамгай. Хагалж, хутгахдаа эрэмгий. Яг үнэндээ бол төмөр замыг гацаасан хүн нь тэр шүү дээ. Н.Алтанхуягийг дарамталж байгаад санхүүжилтийг нь гацаасан. ТТ-г өөрийн болгох санаагаа тэндээс эхлүүлж байсан.

Эхэнд дурдсан 2014 оны 6 дугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж, загнасан нь дараах шалтгаантай гэж би таамагладаг. МоАХ, Х.Баттулгын эсэргүүцлийг зогсоох тал дээр бүлэглэлдээ амлалт өгсөн шиг байгаа юм. “Мань аргалчихна” гэдэг ч юм уу. Гэтэл нөгөөх нь урвагч сэтгэхүй огт байхгүй гар байдаг. Ц.Элбэгдоржийн ойрын хүн надад “Хойд Солонгост хийсэн айлчлалын үеэр тэр хоёр удаан ярьж, гадуур алхсан. Гэнэт Х.Баттулга хөмсгөө зангидаад, огцом орхиод холдоод явчихсан. Тэр үеэс л Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар хөндийрсөн” гэж ярьсан юм. Таамаглахад тэр үед Ц.Элбэгдорж ТТ авах санаархлаа хэлсэн, өнөөх нь огт хүлээж аваагүй байх. Бүлэглэл нь “Женког аргалах чинь яасан бэ” гэж шахамдуулаад байхаар камерын өмнө зандарчээ. Утга нь “би хэлээд байхад энэ тоохгүй байгааг харж байна уу” гэх маягтай. Эл мэхээ тэр өмнө нь 2006 онд М.Энхболдод Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөх үедээ хэрэглэж байсан. М.Энхболдыг өрөөндөө дуудаж уулзах үед арын өрөөнд нь нуугдаж байсан хэвлэлийнхэн гэнэт гарч ирж балмагдуулсан түүх бий.

Тэр уулзалтын дараачаас Ц.Элбэгдорж “төмөр замыг гацаасан” гэх цолыг Х.Баттулгад нааж, хэвлэлээр сэвүүлсээр үнэмшил болгож чадсан билээ. Ганц чаддаг зүйл нь юм л даа, хөөрхий. Өрсөлдөгчдөө нэр хоч өгч, цоллоод тэрийгээ хэвлэлээр сэвдэг. “Авилгын загалмайлсан эцэг”, “Улсаасаа баян Ерөнхийлөгч”, “газрын наймаачин” гэх мэт бол түүний зохиолууд.

Бизнес эрхлэж байгаа хүмүүс ашгийн төлөө улангасан гүйх, шуналтах нь хэвийн үзэгдэл байх. Заримдаа хэмжээнээс хэтэрч шуналтах нь байдаг зүйл. Гагцхүү хэтэрсэн шуналыг нь хазаарлаж байх үүргийг иргэдээсээ авч, сонгогдсон, тангараг өргөсөн Төрийн өндөр албан тушаалтан бизнесийнхэнтэй хуйвалдаж шуналтах нь байж боломгүй булай хэрэг юм. Хэлсэн ярьсныхаа эсрэг үйлднэ гэдэг ямар ч зарчим байхгүй, хэзээ урваж, алж мэдэх хүний шинж. Зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан Д.Эрдэнэбилэг, Ж.Оджаргал нарын бизнес эрхлэгчдийг чухамдаа Ц.Элбэгдоржийн шунал алж, нүүрийг нь барсан шүү.

ТТ-г алдсан бол

Хэрвээ М.Энхсайханы боловсруулсан луйврын гэрээ батлагдсан бол Кайманы аралд бүртгэлтэй ММС гэх оффшор компани Тавантолгойн ордыг эзэмшиж, өөрсдийн асар их өрийг дарахын тулд гадны Хөрөнгийн зах зээл дээр Таван толгойн ордыг зарах эрсдэл шууд үүсэхээр байлаа. Тэр үед Энержи ресурс компани 1.3 тэрбум ам.долларын хугацаа хэтэрсэн өртэй  байсан. Энэ их өрийнхөө барьцаанд Тавантолгой ордыг тавихын тулд л улс төр-бизнесийн бүлэглэл үүсгэн, хууль бусаар авахаар улайрч байсан нь одоо улам тодорхой болж байна.

Хэрвээ тэдний санаархал биелсэн бол:

  • Өнөөдөр иргэн бүр Эрдэнэс Тавантолгой компанид 1072 хувьцаа эзэмшихгүйногдол ашгаа авч чадахгүйд хүрэх байлаа
  • Баялгийг иргэн бүрт хүртээх Үндэсний баялгийн сан бий болох боломжгүй болох байв
  • Цар тахлын хүнд үеийг Тавантолгойн орлогоор даван туулж чадахгүйд хүрэх байв
  • Байгалийн баялгаа олон зах зээлд хүргэх, худалдан авалтын өргөн боломж нээх Үндэсний төмөр замууд баригдахгүй өнгөрөх байв

Хэрвээ 2014 онд нүүрсчин бүлэглэл амжилт олсон бол өнгөрсөн хугацаанд ЭТТ-н орлогоос иргэн бүрт олгосон 5.6 их наяд төгрөг зөвхөн тэднийх болох байлаа. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс Тавантолгойгоос төсөвт орсон 18 их наяд төгрөг нүүрсчин бүлэглэлийн идэш болох байлаа.

Ийм шударга бус дээрмийн гэрээ хэрэгжсэн бол нийгэмд ямар аймшигтай бухимдал, тэсрэлт үүсгэж, эмх замбараагүй, тогтворгүй байдал руу түлхэн оруулах байсныг таашгүй.

Хэрвээ Ц.Элбэгдоржийн явуулга хэрэгжсэн бол нүүрс тээвэрлэлтийн бүх ашиг гадныхны орлого болох байв. Үндэсний төмөр замын сүлжээ үүсэх бус хоорондоо холболтгүй хэсэг бусаг, баялаг цөлмөх зам л баригдах байсан юм. Одоогийн Ерөнхийлөгч, тухайн үед Ерөнхий сайд байхдаа түүхэн шийдвэр гаргаж Үндэсний төмөр замын сүлжээг барьж байгуулсан нь У.Хүрэлсүхийн маргашгүй гавъяа байх болно. У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019-2020 онд хил дамнасан холболт дээр үүссэн гацааг арилгахыг хүлээж цаг алдалгүйгээр Гашуунсухайт-Ганцмод, Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм. 2014 онд М.Энхсайханы луйврын гэрээг зогсоосны үр дүнд 2020-2023 онд монголчууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг бүтээн байгууллаа. Тэр жилүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нар улс үндэстний эрх ашиг, ирээдүйн төлөө нэгдмэл ойлголттой байж чадсанаараа Үндэсний том бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан юм. Үүний ачаар одоо хилийн холболтууд дуусахад эрдэс баялгийн экспорт хэдэн арав дахин өсөхөд бэлэн болсон. Алсын хараатай, зоримог шийдвэр гаргаж шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлээгүй бол дахин 3, 4 жилийг алдах байсан нь өнөөдөр тодорхой харагдаж байна.

Нүүрсчин бүлэглэл төмөр замын ажлыг гацаахын хажуугаар хилийн холболт хариуцсан хятад талын хүмүүс, компаниудыг ч төөрөгдүүлэн, энэ чиглэлээрх яриа хэлцлийг мухардмал байдалд оруулсан нь олон жилийн дараа тодорхой болж байна. Бусдыг гацаасан гэж цоллож байсан хүмүүс угтаа гацаа үүсгэгчид байсныг бид мэдэж авлаа. Шударга байцгаая! гэж чангаар орилсон хүн өөрөө шударга байгаагүйг ч ойлголоо. Ц.Элбэгдорж үнэнд гүйцэгдэж байгаагаа өөрөө ч ойлгосон. Баттай эх сурвалж түүнийг монгол дахь үл хөдлөх хөрөнгүүдээ зарж байгааг хэлсэн. Эх орондоо ирэхгүйгээр шийдэж, нүүр байхгүй л дээ. “Хэн Ерөнхийлөгч байж болохгүйг хар”, “би буусан хойноо айж эмээлгүй иргэдийнхээ дунд нүүр бардам алхна” гэх зэрэг түүний үгсийг эсрэгээр нь ойлгоход яг таарч байна.  

УИХ дээр луйврын гэрээг таслан зогсоосны ачаар монголчуудын асар их боломж, баялаг хадгалагдан үлдсэн юм. Энэ бол монгол хүн баялагтаа эзэн байх эсэхийг шийдвэрлэх ширүүн тэмцэл байсан бөгөөд урвасан хулгай Ц.Элбэгдорж тэр өдрүүдэд яаж аяглаж, хэрхэн улайрч байсныг олон бүгдээр эрхбиш санаж байгаа биз ээ.

Нүүрс лавтай үнс болсонгүй. Орлого өгсөөр байгаа. Улам ихийг өгөх замыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж байна. Монголчууд баялагтаа эзэн болох замыг цаашдаа ч тууштай хамгаалж яваарай гэж хүсэх байна.

Р.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан