НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун та ажлаа хийнэ үү


Зайсангийн KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал сүүлийн үед олны анхаарлын  төвд байгаа. Үүнтэй холбогдуулан, KFC-гийн бүх салбарыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаанд хаахаар болсон талаар энэ сарын 18-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурал дээр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун  хэлсэн.
Гэвч одоог хүртэл KFC-гийн Зайсан салбараас бусад бүх салбарууд үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Тодруулбал,  KFC-гээс өчигдөр өглөө бүх салбарууд нь хэвийн ажиллаж байгаа талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, "KFC Зайсан салбараас бусад 11 салбар ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг KFC-н 11 салбарын үйл ажиллагааг хаалгүйгээр хийж байгаа" гэжээ. 
Энэ талаар НМХГ-аас тодруулахад, " KFC-гийн Зайсан салбараас бусад салбарт зөрчил гараагүй учраас хууль эрх зүйн хувьд бүх салбарыг нь шууд хаах боломж дутмаг байна. Тиймээс зөвхөн шалгалт хийхээр очсон үед хүнд үйлчлэхгүй, бусад үед нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болсон" гэв.
Өөрөөр хэлбэл, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хотын удирдлагуудад ажлаа тайлагнахдаа "гал унтраах" зорилгоор худлаа мэдээлэл өгсөн болж таарлаа. 
Зүй нь бол хордлогын дохио ирсэн даруйд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун тэр дор нь бүх салбарыг хаах ёстой байсан. Тэгээд шинжлээд хордоогүй байсан бол буцаагаад нээнэ л биз. Олон улсын жишиг ийм л байдаг. Бусад улс орны хяналтын байгууллагууд ямар нэг сэжиг, шинж тэмдэг илэрвэл шууд хаалгыг нь хааж, хяналт шинжилгээний ажлаа шуурхайлдаг. Батлагдахыг нь хүлээдэггүй. 
Гэтэл түүний хийсэн мэдэгдлээр бол “Зайсан KFC” түргэн хоолны газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн иргэдээс 116 хүнд нь ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэл зүйн ижил шинж тэмдэг илэрсэн. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүн хоолны хордлогот халдварын ижил эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. Манайхаас хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан” гэсэн. 
Тэгсэн хэрнээ бүх салбарууд нь үйл ажиллагаагаа хувийн явуулсаар байна. 
Ер нь бол ниргэснийх нь дараа хашхирав гэгчээр олон арван хүнийг хордуулсных нь дараа усны буруу байжээ, ажилтнуудын буруу гэж мэдээлэх бус хяналт шалгалт хийх ёстой эрх бүхий байгууллага нь энгийн үед байнгын хяналт шалгалт хийж, гарч болох бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой. 
Өөрөөр хэлбэл ийм зөрчилтэй газар хотын төвд 12 салбартайгаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж, 100 гаруй хүнийг хордуулчхаад байгаа НМХГ-ын буруу юм. Хэрэв мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа сайн хийгээд зохих ёсны хяналт шалгалтаа цаг тухайд нь явуулж байсан бол өнөөдөр 100 гаруй хүн хүний биед буглаж, тодорхой хугацааны дараа дахин сэдрэх боломжтой нянгийн халдвар тээхгүй байх байлаа.
Энэ бол ганцхан жишээ. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа том жижиг хоолны газруудад энэ байтугай олон зөрчил гарч байгаа. Тиймээс дараа дараагийн эрсдэлээс  сэргийлж, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ажиллах нь танай байгууллагын үүрэг гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
Т.Гэрэлскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан