НИТХ-ын төлөөлөгчдийн олонхи нь Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулууныг дэмжиж, сонгосон билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан юм. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайд таныг Нийслэлийн Засаг даргаар батламжлахаас татгалзсан байна. Ямар үндэслэлээр таныг батламжлаагүй юм бэ?
-Үүнийг шууд хэлж мэдэхгүй байна. Хуулиар Ерөнхий сайд нэг удаа татгалзаж болдог. Тэгэхээр Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж бодож байна.
-Тэгвэл таныг батламжлахгүй байх ямар нэг хуулийн үндэслэл бий юу?
-Миний хувьд ямар нэг байдлаар хуульд заасан үндэслэл, шалгуурыг бүрэн хангаж байгаа. Тийм учраас хуульд заасан үндэслэлээр буцаасан гэж бодохгүй байгаа.
-Хотын даргыг сонгох хуралд та дахин нэрээ дэвшүүлэх үү?
-Хэн өрсөлдөхийг албан ёсоор хэлж мэдэхгүй байна. Ялагдсан хүн маань өрсөлдөнө гээд явж байхад олонхийн санал авсан миний хувьд өрсөлдөх ёстой гэж бодож байна.
-Нийслэлчүүдийн өмнө шийдэх олон асуудал байна. Гэтэл өнөөг хүртэл хотын даргаггүй байсаар байна. Энэ асуудлыг хэзээ шийдэх юм бол?
-Хэзээ шийдэгдэхийг хэлж мэдэхгүй байна. Нийслэлд маш олон тулгамдсан асуудлууд байна. Энэ асуудлуудыг шийдээд явах ёстой гэж үзэж байгаа. Нийслэлийн олон асуудлыг өөрчилж, шийдвэрлэхийн төлөө ажиллана. Нэгэнт иргэдийн хурлаас дэмжлэг үзүүлсэн учраас цаашид дэмжинэ гэж бодож байна. Иргэдийн хурлын олонхийн саналыг авч чадахгүй бол цаашид нийслэлд ажиллах боломжгүй.
С.Энх-Үжин