Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан. Яг сарын өмнө УИХ-аас баталсан. Он жилээр нь хөөвөл ийм сантай болох гэж бүтэн 12 жилийн турш судалсан байдаг. Олон ч жил, олон ч төрийн зүтгэсэн ажил л даа.
Мэдээж, анхны хууль болохоор алагтай цоогтой зүйлүүд байгаа л дуулдана лээ. Маш ерөнхий хууль учраас цаашид амьдралд нийцүүлж нарийвчлах, сайжруулж таарна.
Гэхдээ энэ хууль батлагдсан нь нэг хэсэг бүлгийнхний дургүйг нэлээд хүргээд байгаа бололтой. Тэгэхээс ч аргагүй биз. Уул уурхайн томоохон орд, баялгийг эзэмшигчдэд жаахан халтай хууль болчихсон юм.
Тиймээс гадаадын мэдээллийн хэрэгсэлд “...Монголын хөрөнгө оруулалтад аюул нүүрлэлээ” гэсэн утга бүхий, цаад агуулгаараа Үндэсний баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн агуулгатай нийтлэл зэргийг хэвлүүлж, түүнийгээ дотоодын хэвлэлүүдэд “орчуулж” нийтлэх зэргээр үзэж тарж л байна.
Түүнээс гадна, Үндэсний баялгийн сангийн хуулийн зарим заалтыг уул уурхайн орд эзэмшигч, ашиглагч бүх субьектэд хамааралтай мэтийн сурталчилгааг сүүлийн үед эрчимтэй явуулах болжээ. Товчхондоо, “...Энэ хуульд зааснаар удахгүй лицензийн чинь 34 хувийг төр хурааж авах гэж байна” хэмээн ятгах болсон байгаа юм.
Гэвч энэ нь зөвхөн стратегийн ордуудад хамаарна. Тодруулбал, тус хуулийг боловсруулахдаа “…Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялгийн ашиглалттай холбоотой суурь зарчмыг баталсан” гэж хууль санаачлагчид маш товч бөгөөд тодорхой танилцуулсан. Хуулийн зорилтыг ч “…Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон.
Тэгээд ч хуулиар тогтоосон стратегийн 16 ордын талаас илүү нь төрийн мэдлээс ангид байна. Байгаа хэд нь хэд тасраад “өрөм” мэт өөдтэй хэсэг нь хэсэг хүний мэдэлд очсон байх юм.
Тэр утгаараа, энэ хуулийн хэрэгжилт нь стратегийн ордыг ямар нэг аргаар хувьдаа авч чадсан тэрхүү хэсэг бүлэг хүнд л айдас хүйдэс дагуулаад байгаа аж. Тэр ч байтугай нэлээд хэдэн жилийн өмнө нэгэн томоохон ордыг “хувьчилсан” -тай холбоотой маш том мөнгөн дүнтэй албан тушаалын асуудал удахгүй яригдаж магадгүй болжээ. Үүнийг сийрүүлбэл, тэр томоохон ордыг хувьчлахад гол нөлөө үзүүлсэн албан тушаалтан шагнал болгоод 5 тэрбум төгрөг авчихсан бололтой юм. Энэ үнэн бол маш ноцтой асуудал удахгүй ил болох нь байна. Нөгөөтэйгүүр, ийм асуудал нь ил болох гэж байхад гадаадын хэвлэлд нийтлэл хэвлүүлэх, дотоодын уул уурхайн компаниудаа турхирахыг оролдож буй нь “…Ичсэн хүн хүн алах, айсан хүн айл эвдэх” гэдгийг л харуулсан хэрэг бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 100 (7344)