Ассашёорюү Дагвадорж Өвөрмонголын их аваргад ирж золгожээ

Өвөр Монголын их аварга үзэмчин бөх Баярбаатарт шинийн найманд Монгол улсаас зорин ирж золгосон Ассашёорюү Дагвадоржид баярлаж талархсан давалгаа баярын эл өдрүүдэд Өвөр Монголын сошиалыг чимж байна.
2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн Өвөрмонголын нэртэй хүчтэн Баярбаатар энэ жил 41 настай бөгөөд  1024 бөхтэй наадамд гурав түрүүлж, гурав үзүүрлэж 512 бөхтэй наадамд долоон удаа түрүүлж найман удаа үзүүрлэсэн, 256 бөхтэй наадамд 34-өнтөө түрүүлсэн их аварга юм. Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж өөрт нь золгохоор очих болсноо утсаар хэлэхэд Баярбаатар аварга барьц алдан сандарчээ. Ассашёорюү түүнийг тайвшруулж “Эрхэм ах та гэрийнхээ хойморт намайг хүлээгээрэй. Бэлдэж зэхэж хөл алдах хэрэггүй. Би дүү хүний хувьд, бөхийн жудгийг бодож таньтай золгохоор шийдсэн юм” хэмээн ярьжээ. Гэсэн ч Баярбаатар аварга Хатавч боомтон дээр түүнийг хөтөлгөө морьтой угтан тосож, хөгсөж баярласан нутгийн зон олон Зүүн Үзэмчин хошуун дахь их аваргын гэр хүртэл дагаж давхилдсан гэнэ. Өвөрмонголын бөх, их аварга Баярбаатар Ассашёорюү Дагвадоржид эмээл хазаартай шарга морь бэлэглэжээ.
Ар өвөр Монголын бөхчүүд найрсаг барилдаанаар учран золгодог сайхан уламжлал тогтоод арваад жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Ассашёорюүгийн энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, итгэлцлийг гагнаж дархалсан онцлог үйл явдал боллоо.
 
С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан