Вьетнамын Ерөнхийлөгч огцорно

Вьетнамын Ерөнхийлөгч огцорно

 

Вьетнамын Коммунист намын удирдлага Ерөнхийлөгч Во Ван Тхыонгийн огцрох хүсэлтийг хүлээн авсан тухай тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдэгдлээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын тус улсад итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй улс төрийн хямралын дохио боллоо.

Дээрх мэдэгдэлд "Тхыонг намын дүрмийг зөрчсөн" гэдгийг дурдаад “эдгээр алдаа дутагдал нь олон нийтийн санаа бодол ба нам, төр, хувь хүнийх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн” гэжээ. Ингэснээр Вьетнамын шийдвэр гаргах дээд байгууллага болох Коммунист намын Төв хороо нь Тхыонгийг сонгогдсоноос хойш ердөө жилийн дараа огцрохыг нь зөвшөөрлөө.

Вьетнамын Ерөнхийлөгчийн хувьд голчлон бэлгэдлийн буюу ёслолын үүрэг гүйцэтгэдэг хэдий ч улс төрийн дөрвөн том албан тушаалын нэг юм. Лхагва гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй. Намын Төв хорооны хурал пүрэв гарагт товлогдсон Вьетнамын парламентын ээлжит бус чуулганы өмнө болсон бөгөөд чуулганы үеэр депутатууд намын шийдвэрийг батлах ёстой юм.

Засгийн газрын мэдэгдэлд Тхыонгийн гаргасан алдаа дутагдлын талаар дэлгэрэнгүй дурдаагүй боловч сүүлийн үед нэг нам давамгайлсан улсын удирдлагад гарч буй томоохон өөрчлөлтүүд нь бүгд хээл хахуулийн эсрэг өргөн хүрээг хамарсан кампанит ажилтай холбоотой бололтой. Энэ нь авлигыг дарах зорилготой боловч дотоодын улс төрийн тэмцлийн хэрэгсэл болж байна гэж шүүмжлэгчид мөн хардаж байна. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид, дипломатуудыг зүгээс "уг кампанит ажил нь тус улсад шийдвэр гаргах явцыг удаашруулж байна" хэмээн нэг бус удаа шүүмжилсээр иржээ. Вьетнамын цагдаа нар төв нутгийн Куанг Нгай мужийн дарга асныг 10 жилийн өмнөх авлигын хэргээр баривчилснаа зарласнаас хэдхэн хоногийн дараа Вьетнамын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохоор болсон байна. 

 

Тхыонг мөн Хо Ши Мин хотын намын хороонд удирдах албан тушаалтан байсан бөгөөд тус хотод олон тэрбум долларын санхүүгийн луйвар дэгджээ. Одоо тэнд томоохон хэмжээний шүүх хурал явагдаж байгаа ажээ. Ерөнхийлөгч Тхыонгийн хувьд түүнийг Вьетнамын хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүдийн нэг, авлигын эсрэг кампанит ажлыг санаачлагч гэгддэг Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нас ахиж буй Нгуен Фу Чонгтой ойр байсан гэж үздэг байжээ.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агрентлаг

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан