Манай улсад сүүлийн 50 жил үзэгдээгүй их цас орсныг мэргэжлийн байгууллага нь тодотгож буй. Өвөл шувтарч хаврын эхэн сартай золгосон ч -40 хэмийг давсан хүйтэн өдрүүд тохиосоор. Малчин түмний хаваржилт хүндэрч эрвийх дэрвийхээрээ иргэд дор бүрнээ туслахаар аян өрнүүлж байна.
Монгол орны 80 хувь нь цасанд дарагдсаны дотор Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд хамгийн аюултай төмөр буюу мөсөн зуд нүүрлээд буйг ярьж анхааруулсаар байгаа юм. Даваа гарагт улсын хэмжээнд 667.841 толгой мал хорогдсон гэж мэдээлж байсан бол өчигдрийн байдлаар 1.5 сая давжээ.
Өөрөөр хэлбэл, дөрөв хоногийн дотор 860 мянган мал хорогджээ. Малын хорогдол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт гарч байсан бол төвийн болон говийн аймгууд нэмэгджээ. Тодруулбал, Сүхбаатарт 539.095, Хэнтийд 234.933, Дорноговьд 175.683, Төв аймагт 119.246, Дундговьд 82.513, Архангайд 58.177, Булган 49.400, Увс 44.017, Дорнод 36.066 байгаа нь хамгийн өндөр хорогдолтой байгааг УОК мэдээлсэн.
2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийнх 9.6 мм буюу 1.6 аар их байгаа аж.
Засгийн газар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж орон нутаг руу тусламжийн цуваа хөдөлгөөд буй. Энэ хугацаанд улсын нөөцөөс 6000 тонн тэжээл гаргажээ. Мөн орон нутгийн нөөцөөс 20 мянга гаруй тонн тэжээл, мөн 10 мянга гаруй тонн тэжээлийн улаан буудай хүргэсэн гэв.
Улсын хэмжээнд 189.283 малчин өрхийн 72.462 малчин өрхийн амьжиргаа хүндэрчээ. Тэр дунд өвс, тэжээл дууссан 39.414, хүнс, хоолны хэрэгцээтэй 7.863, түлээ түлшний тасалдалтай 5.890, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13.677 айл өрх байна гэсэн үнэлгээ гарчээ. ОБЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ -аас 140 гаруй техник, 360 алба хаагч аймаг, орон нутгийн онцгой комисстой хамтран 14.110 өрхөд 54.398 км зам гаргаж өгсөн талаар мэдээлсэн юм.