У.Хүрэлсүх: ХБНГУ Монгол Улстай стратегийн түншлэл байгуулж буй Европын анхны улс болж байна

У.Хүрэлсүх: ХБНГУ Монгол Улстай стратегийн түншлэл байгуулж буй Европын анхны улс болж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна. Тэрбээр мэдээлэлдээ,

 

"Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ХНБГУ-ын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэхүү төрийн айлчлал нь Монгол, Германы ард түмний халуун дотно найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны ирэх 50 жилийн нөхөрлөл, түншлэл, хамтын ажиллагааны замын зургийг тодорхойлон, хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэсэн түүхэн онцгой айлчлал болж байна. 

Монгол Улс Герман Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотнын итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд ХБНГУ Монгол Улстай Стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлог юм.  Бид Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 жилийн ололт амжилтыг улам бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.

 

Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан Тунхаглал” гаргаж, олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүхийн чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, археологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны боловсролын салбарын харилцааны баялаг түүхийг үргэлжлүүлэн хөгжүүлж, оюутан сургах, дээд болон мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. 

 

Одоогоос нэгэн зууны тэртээ буюу 1920-иод онд манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй анхны 30 гаруй монгол залуус эрдэм сурахаар Герман Улсыг зорьж, манай шинэ үеийн сэхээтнүүд болон бэлтгэгдэж, орчин цагийн Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Энэхүү түүхэн жимээр өртөөлөн өнөөг хүртэл 35 мянга орчим монгол иргэн герман хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшин, Монгол, Германы ард түмний хооронд болон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирснийг өнөөдөр энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, Герман улсад суралцаж байгаа монгол залуус ч манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн гүүр болж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Түүнчлэн Герман анд нөхдийн дэмжлэг, туслалцаагаар 2014 онд үүд хаалгаа нээсэн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн бэлгэ тэмдэг болон өргөжин хөгжиж, олон зуун мэргэжилтнийг бэлтгэн, улс орны хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Манай хоёр улс 30 гаруй жилийн тэртээгээс ардчилал, хүний эрхийн нийтлэг үнэт зүйлсээр холбогдон, хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс 1992 онд Шинэ Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан засаглалыг байгуулж, хууль эрх зүйн шинэ тогтолцооны үндэс суурийг тавихад Герман Улсын шүүх, хууль эрх зүйн туршлага чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Энэ нь Герман Улсаас манай улсын хууль эрх зүйн салбарт үзүүлсэн томоохон дэмжлэг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа өнөөг хүртэл үргэлжлэн хөгжиж байна.

 

Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө нэр төртэй хүчин зүтгэж ирсэн бөгөөд бидний энэ амжилтад герман анд нөхдийн дэмжлэг туслалцаа их байсан гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил дэвшилд зориулан Германы ард түмэн, төр засгаас 530 гаруй сая еврогийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд манай ард түмэн ямагт талархдаг билээ. 

 

Өнгөрсөн жил манай хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа сэргэж, ХБНГУ Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон. Энэхүү дэмжлэг нь манай улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Цаашид бид “Стратегийн түншлэл”-ээ тууштай хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, уул уурхай, түлш, эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ХБНГУ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой бодлогыг бид харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. 

 

Анхаарал тавьсанд баярлалаа" гэлээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан