В.Путиний онгоцыг дөрвөн сөнөөгч онгоц хамгаалан дагажээ

В.Путиний онгоцыг дөрвөн сөнөөгч онгоц хамгаалан дагажээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт АНЭУ болон Саудын Арабад айлчиллаа. АНЭУ-д түүнийг Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайян, Саудын Арабад тус улсын угсаа залгамжлах ханхүү, сайд нарын зөвлөлийн дарга Мухаммед бен Салман Аль Сауд нар угтан авчээ. Протоколын шинжтэй яриа хэлэлцээг эс тооцвол ихэнх нь хаалттай болсон байна. Оросын удирдагчийн айлчлал хоёр сарын турш үргэлжилж буй Палестин-Израилын дайн, ОПЕК+ бүлгийн уулзалтаар газрын тосны олборлолтыг дахин сайн дурын үндсэн дээр бууруулахаар тохиролцсоны дараахан, мөн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Москвад айлчлахын өмнө боллоо.

 

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, Абу-Даби руу хийсэн нислэгийн туршид Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг өөр өөр ангиллын стандарт зэвсгээр тоноглосон Су-35 загварын дөрвөн сөнөөгч онгоц хамгаалан дагалджээ. Дагалдан явсан онгоцнуудын багийнхан нутаг дэвсгэр дээгүүр нь нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг авсан байна.  Абу-Дабид Путинийг баяр ёслолын байдалтай угтан авчээ. АНЭУ-ын нийслэл хотын дээгүүр сөнөөгч онгоцнууд Оросын төрийн далбааны гурван өнгөт утаа гарган ниссэн байна. Каср аль-Ватан ордон (Үндэстний ордон) хүрэх замыг хоёр улсын далбаагаар чимэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийг Мухаммед бен Заид өөрийн биеэр угтан авсан байна.

 

Уулзалтын эхэнд В.Путин хоёр орны харилцаа “урьд өмнө байгаагүй өндөр” түвшинд хүрснийг онцолсон бол АНЭУ-ын Ерөнхийлөгч харилцааг бэхжүүлэхэд Оросын удирдагчийн биечлэн оруулж буй үүргийг цохон тэмдэглэжээ. В.Путин Эмирт Улсыг Арабын ертөнц дэх ОХУ-ын худалдааны гол түнш хэмээн нэрлэсэн байна. Түүний хэлснээр, энэ онд хоёр талын худалдааны эргэлт 67.7 хувиар өсөх төлөвтэй байна. Мухаммед бен Заид хариуд нь тус улс Оросын эдийн засагт томоохон хэмжээний хөрөнгө оруулж байгааг дурджээ. В.Путин мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болох АНЭУ-ын дэлхийн байдлыг тогтворжуулахын төлөө хийж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн байна. Талууд Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны явц, АНЭУ-ыг 2024 онд БРИКС-т элсүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

 

ОХУ-ын төрийн тэргүүн Арабын Нэгдсэн Эмирт Улсад айлчилсныхаа Эр-Риядад хүрэлцэн ирсэн байна. Оросын удирдагч “Аурус”-аараа Аль-Ямама ордонд хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү угтан авчээ.

 

"Бидний найрсаг харилцааг хөгжүүлэхэд юу ч саад болохгүй" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээний эхэнд хэлэв. Тэрбээр Зөвлөлт Холбоот Улс Саудын Арабыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг байсныг дурдаж, хоёр орны харилцаанд "маш их үйл явдал өрнөсөн" боловч сүүлийн долоон жилийн хугацаанд "урьд өмнө хэзээ ч байгаагүй чанарын өндөр түвшинд хүрсэн" гэдгийг тэмдэглэв. 

 

Мухаммед бен Салман хариуд нь хэлэхдээ, Путинийг "Саудын нутаг дахь эрхэм, онцгой зочин" хэмээгээд "Бидэнд маш том боломжууд нээлттэй байгаа бөгөөд үүнийг ашиглан бид дэлхийн сайн сайхны төлөө чухал ажил хийж чадна" гэж хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлон хэлжээ. 

 

Мухаммед бен Салманы хэлснээр, Эр-Рияд, Москва хоёр эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна. “Сүүлийн хэдэн жилийн хугацаанд эрчим хүч, хөдөө аж ахуй, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбарт томоохон үр дүнд хүрсэн” гэж тэрбээр хэлжээ.

 

Эр-Риядад хийсэн В.Путиний яриа хэлэлцээ Абу-Дабигийнхаас илүү удаан буюу ойролцоогоор хоёр цаг орчим үргэлжилсэн байна.

 

Хоёр орны төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа В.Путин, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү нар үдийн хоолны ширээний ард ганцаарчилсан хэлэлцээгээ үргэлжлүүлжээ.

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан