НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт Монгол Улсад айлчилж байна

 Шүүгч, хуульчийн  хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт 2023 оны 11 дүгээр сарын 6-15-нд Монгол Улсад айлчилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг өнөөдөр (2023.11.07) төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа.
       Уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албаны тусгай бүтцийн Хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Мелани Сантизо, Нью-Йоркийн Их Сургуулийн Хуулийн зөвлөх Катарина Сидов, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Б.Золбоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Б.Ундрах, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нар байлцав.
      Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт хэлэхдээ, “Бидний айлчлалын зорилго бол Монгол Улсын шүүх засаглалд тулгамдаад буй асуудлыг тодорхойлон, цаашид хэрхэн дэмжин ажиллах талаар дүгнэх юм. Өнөөдрийн уулзалт зорилгоо биелүүлэхэд маш чухал бөгөөд үр дүнтэй болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэсэн юм.


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Та бүхний айлчлал цаг үеэ оллоо гэж харж байна. Учир нь нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газарт Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа. Уг хуулиар шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийг мэргэшүүлэх, шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьсон. Мөн Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх, Хялбар ажиллагааны шүүхийг шинээр байгуулахаар тусгасан гэдгийг онцлох нь зүйтэй. Хоёрдугаарт, Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогоо тодорхойлж, төслийн саналыг УИХ-д уламжилсан байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын 2024 оны төсвийг энэ сарын 15-ны дотор УИХ-аас батална. Энэ чухал үйл явдлууд тохиож буйгаас шүүхийн үйлчилгээ, орчин нөхцөл, шүүгчийн аюулгүй байдалтай шууд холбогдохуйц төсөв хангалттай батлагдах эсэх нь нэн сорилт бүхий байгаа юм. Бидний танилцуулгын дараа айлчлалын хөтөлбөрийн дагуу зарим шүүхийн байранд ажилласны үндсэнд Таны зөвлөмжид дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгагдана гэдэгт найдаж байна ” гэв.
       Үргэлжлүүлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 117 шүүхийн үйл ажиллагаа, нөхцөл байдал, шүүгчийн хараат бус байдлын талаар товч танилцуулж, энэ талаар хэрэгжүүлж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, байр сууриа илэрхийллээ.
       Энэ үеэр шүүх хараат бус байх, нөгөө талд олон нийтийн итгэлийг хадгалж байх хоёр асуудлын тэнцвэрийг хадгалах ёстойг ярьж, уялдаа холбоо нь хангагдахад шүүхийн орчин, шүүгчийн ажлын нөхцөл, ачаалал тэнцвэрждэгийг, мөн эдийн засгийн хараат бус байдал нэн тэргүүний асуудал болох тухай дурдагдаж байлаа.
       Шүүгч, хуульчийн  хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт нь 2022 оны 10-р сард Хүний эрхийн зөвлөлөөс НҮБ-ын шүүгч, хуульчийн хараат бус байдлын асуудал эрхэлсэн Тусгай илтгэгчээр томилогдсон. Мөн Нью-Йоркийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн Клиникийн хуулийн профессор юм.
                                                                                       Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан