Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд зочиллоо

 

Нэгдсэн үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын байранд анх удаа зочилж, НҮБ-ын хамт олонтой уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра угтав. НҮБ-ын хамт олны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхтэй холбогдуулан нээсэн НҮБ-ын хүндэт зочны дэвтэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гарын үсгээ зурлаа.

НҮБ-ын хамт олонд хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, “НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш” хэмээн онцоллоо.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан шинэчлэлийн бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд НҮБ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.

Мөн Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсны зэрэгцээ олон санал санаачилга дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ.

Монгол Улс 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлснийг дурдав.

Түүнчлэн Монгол Улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг эх орондоо амжилттай хэрэгжүүлж байгаа нь тогтвортой хөгжлийн зорилгыг хангах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын хамт олонд НҮБ-ын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, үйлс бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ, “Энэхүү онцгой өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хамт олонтой хамтдаа тэмдэглэж байгаад би ихэд талархалтай байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөөх Монгол Улсын үүрэг амлалт болон НҮБ-ын эрхэм зорилгод өгч буй ач холбогдлыг илтгэн харуулж байна” гэлээ.

Түүнчлэн дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын төлөө Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг бүрд ажиллаж буй НҮБ-ын хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын байранд ажиллах үеэрээ уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ.

Тус баримлын эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт бэлэглэсэн бөгөөд Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байрны дэргэд сүндэрлэж буй.

Өдгөөгөөс 78 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү өдрийг дэлхий даяар НҮБ-ын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан