МАН энэ долоо хоногт Засгийн газраа огцруулах уу, үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдгээ шийдэж, хайнаагаа хагална. Хэрэв Ерөнхий сайд танхимаа авч үлдвэл УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчээ авна. Харин Засгийн газрыг огцруулбал МАН-ын даргын асуудал ч хөндөгдөх эрсдэл бий. М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хэн нь нам дотроо хамгийн нөлөөтэй, хүчтэй байх вэ гэдгээс шалтгаалж, фракциудынх нь хуваагдал талцал хаашаа эргэх нь илүү тодорхой болох юм.
Хамгийн гол нь энэ их талцал хуваагдал дунд үндэсний язгуур эрх ашиг суларч болохгүй. Хэн нь ч эрх мэдэлтэйгээ үлдсэн, ард түмэндээ амласан амлалтуудаа ажил хэрэг болгох нь чухал байгаа. Тэр дундаа нийгэмд хамгийн их маргаан дагуулж байгаа асуудлуудыг цэгцлэх. Тухайлбал, “Эрдэнэт”-ийг барьцаанд тавин, Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан асуудлыг цэгцлэхээс эхлээд тус үйлдвэрийн 49 хувийн асуудлыг нэг талд гаргах. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компани авсан нь У.Хүрэлсүхий танхимын үед гарсан завхрал байв уу, аль эсвэл өмнөх Засгийн газрын үед ч ийм алдаа гарч байсан уу гэдгийг тогтоох.
Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслүүд ээс мөн томчууд нь бага хүүтэй зээл авч, бизнесээ дэмжсэн үү гэдгийг нягтлах.
С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн захиалагчийг олох. Төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгох тухай бичлэг бодитой юу, эсвэл эвлүүлэг үү гэдгийг эцсийн байдлаар тогтоох.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад мөрдөж, мөшгөсөн гэх хэрэг олон нийтийн дунд яригдаж байгаачлан өөрийнх нь зохион байгуулсан “хэрэг” байсан юм уу, эсвэл үнэхээр амь насанд нь халдах ажиллагаа байсан уу гэдэгт эцсийн байдлаар хуулийнхан хариу өгөх шаардлагатай болж буй.
Мөн МАН эрх барьж буй энэ жилүүддээ баялгийг ард түмэнд тэгш хуваарилж, ажилгүйдлийг багасгаж, аж үйлдвэрийг хөгжүүлэн, амьжиргааг сайжруулах зорилтоо хэрэгжүүлэх шаардлага ч тулгарч байна.
News.mn