С.Зоригийг хөнөөсөн хэргийг хааж, ажлын хэсгийг тараасан гэв үү


С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг гэж цагдаа, тагнуул нэгдсэн том баг ажиллаж ирсэн байдаг. Тэд 17-18 жил ажин түжин байсны эцэст 2015 онд эхнэр Б.Булганыг нь баривчлан хорьж, Орхон аймгийн гурван иргэнийг гүйцэтгэгч хэмээн шүүхээр яллуулсан. “Захиалагчийг удахгүй зарлана” гэсэн ч таг болсон.  Шүүхээр шийтгүүлсэн гурван иргэний ар гэр “хилс хэрэг тохлоо” хэмээн одоо болтол гомдол тасрахгүй  байгаа. Олон улсын парламентын холбоо “хүн хилсдүүлж, хэлмэгдүүлсэн зүйл байх вий” хэмээн эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Олон нийт одоог хүртэл зохиомол хэрэг гэж үзэн үнэнийг нэхсээр байгаа. Энэ эргэлзээг тайлах ёстой, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй гэсэн байр суурьт УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар хатуу зогсч ирсэн. Гэтэл оны өмнөхөн  улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хуульзүйн байнгын хорооны хуралд мэдээлэл хийхдээ  “Шүүхийн эцсийн шийдвэр гарсан болохоор гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Хэргийг дахин шалгах шаардлагагүй” гэсэн юм.  Тэгвэл өнгөрсөн баасан гаригт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан  ажлын хэсгийг тараахыг үүрэгджээ. Тэрээр Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөнд өөрийн биеэр ирж  ийм чиглэл өгсөн аж.
Уг нь хэргийг ийм байдлаар хаах учиргүй. Гурван шатны шүүхээр  аллагын гүйцэтгэгч нарыг тогтоогоод ялласан юм чинь үргэлжлүүлээд захиалагчийг олж, илрүүлэн  хэргийг нэгмөсөн мухарлах ёстой.Тэгэхээр ажлын хэсгийг тараах биш харин ч үргэлжлүүлэн ажиллуулж, захиалагчдыг илрүүлэх чиглэл өгмөөр.
Ер нь бол С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүний эрчийг сулруулах, тараах, солих, өөрчлөлт оруулах ажил байнга хийгдэж ирсэн гэлцдэг. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн аравдугаар сард ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй  хамтарсан ажлын хэсгийг өөрчлөх ажил  хийгдэж эхэлсэн гэх мэдээлэл дуулдаж байв. Тухайлбал, 2014 оноос хойш С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, гүйцэтгэгч нар болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатарыг  илрүүлэхэд оролцсон мөрдөгч н.Баттөмөрийг шалтгаангүйгээр үүрэгт ажлаа өгч ажлын хэсгээс гарахыг шаардсан талаар хэвлэлүүд бичиж байсан. Дээр нь тагнуулын нэр бүхий албан хаагчийг Ц.Нямдорж сайд өөрөө хөөж явуулан ажлаас нь халсан тухайгаа телевизийн нэвтрүүлгээр  ярьж байсан.
Энэ хэрэгт Ц.Нямдорж сайд хэрхэн хандаж ирснийг хэлсэн хүмүүсийн үг нэгийг сануулж, хоёрыг бодогдуулдаг. Тухайлбал, С.Зориг агсны хамтран зүтгэгчдийн нэг улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Энэ хэргийг битгий илрээсэй гэж, илрүүлэхгүй байхад хувийн тоглолтоо маш их хийсэн хүн бол Ц.Нямдорж. Тухайн үед цагдаа, тагнуулын байгууллага тус тусдаа ажлын хэсэг гаргасан. Дээрээс нь бид буюу С.Зоригийн фракцийнхны шахалтаар УИХ-д ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсгийг байгуулахын эсрэг байсан хүн нь мөн л Ц.Нямдорж. “Эрүүгийн хэрэгт  парламентад ажлын хэсэг байгуулдаггүй” гэж олон юм ярьж эсэргүүцсэн. Гэтэл тэр хэрэгт парламентын хяналтын зөвлөл байгуулах шийдвэр хамгийн зөв байсан. Тиймээс би Ц.Нямдоржийг гайхдаг бас харддаг” гэж ярьсан байдаг.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг бужигнуулдаг. Тэрбээр дөрвөн удаа ажлын хэсгийг тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байв.
Энэ бүхний ард М.Энх-Амгалан прокуорын хэлсэн “Б.Булганы хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгт хэрэг нээж шалгаж байгаа” гэсэн нь хэзээ хэрхэн ил болох нь асуулт, хүлээлт дагуулж байна. Зарим эх сурвалж “Булган захиалагчаа хэлсэн” гэх  таамгийг дэвшүүлээд байгаа билээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.ЗОТОЛ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан