Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр нэг ширээнд суувал яасан юм

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх “Цензургүй яриа”-нд орж гэнээ. Энэ голоор нэг яриа. Элбэгдоржийн зассан “хонгил”-оор яваад ирлээ гэж ярьсан юм байх. Ц.Элбэгдорж нь сандраад “Би ч гэсэн гүйгээд очий. Цаг сунгаад жаал сууя. Эзнээсээ асуучаад эргээд яриарай” гэж сэтгүүлчид нь санал тавьжээ. “Хорыг хороор” гэдэг билүү? Одоо Х.Тэмүүжин гүйж очоод “Сарангэрэлийг хэрхэн хар тамхинд оруулснаа” Л.Мөнхбаясгаланд ярьж өгвөл монголчууд бараг л ялчих гээд байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганаар АТГ-ын даргыг солих асуудлыг оруулж хэлэлцүүлэх юм гэсэн. Араас нь залгаад Ц.Элбэгдоржийн томилсон бүх шүүгч нарыг солих байх. Тэгээд л хонгил цоо шинэ, цэв цэвэрхэн болж шинэ эзэндээ үйлчилж эхэлнэ дээ.
Л.Гансүхийн хувьд “алдсан хүн арван тамтай” гэдэг болж байгаа. Хийгээгүй хэргийн төлөө хоёр жил суугаад гарсан хүн аргагүй. Хонгилын эзэн солигдвол хэргийг нь цагаатгаж ч магадгүй. Гэхдээ яах л бол...
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хуулийн байгууллагын эрх мэдэл рүү шургаж ороод байгаа Ерөнхийлөгчийн гар, хөлийг тасдахаар” баахан хуулийн төсөл санаачилж, түүнээсээ болоод Засгийн газраа хөмрүүлсэн хүн. Харин одоо Х.Баттулгад тэр эрх мэдлийг нь улам бөхөлж өгөх хэрэг байгаа ч юм уу. Тийм эрх мэдэлгүй байхдаа л Хууль зүйн сайдын хөнжилд “хүүхэн шургуулж” дөнгөдөг байсан хүн шүү дээ. Одоо бол “хуулийн хүчээр” хийдэг болох юм байгаа биз.
Ер нь бол манай улстөрчдөд, улс төрийн том зүтгэлтнүүдэд нэг муухай чанар байна. Цагийн юмыг цагт нь ярьдаггүй. Өөд өөдөөсөө харж суугаад үнэнээ хэлэлцдэггүй. Дандаа араас нь хөөцөлдөж явдаг.
Ц.Элбэгдоржийг хаан байхад Х.Баттулга жишээ нь хэн байлаа. Амин найзынх нь хэлснээр “төрийн ажлыг хувийн ашиг сонирхлоор хардаг л нэг хулгайч” байсан шүү дээ. Худлаа гэвэл 760 тэрбум төгрөгөөр элсэнд булсан төмөр замыг нь хар. Одоо бүр Тамгын газрын дарга нь “Төмөр замын ажлын 70 хувь нь хийгдчихсэн юм шүү дээ” гэж гүтгэв. ШХАБ-аас мөнгө ороод ирвэл дуусгачих юм байх. Төмөр зам бариад зогсохгүй Майдар хотыг ч дуусгах гэнэ. Тэр болтол манай хүн энэ сэнтийгээс буухгүй нь ээ, янз нь. Дахиад нэг удаа сонгогдчихвол мануусыг нэг мөсөн сүйрүүлэх байлгүй. Эсвэл үлдсэн хоёр жилдээ багтаад ч юм уу.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчөөс хамааралтай бас нэг асуудал байгаа нь Зэсвэсгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудал. А.Ганбат гэж генералын нэр сонсогдоод удаж байгаа ч хэн байх нь чухал биш. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг л үг дуугүй гүйцэтгэх ёстой. Нөгөө Цэц рүү явуулсан хоёр нөхөр шиг.
Нээрээ цаад чинь Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа армийн бүх генералуудыг цуглуулаад “цалинтай цэрэг” билүү нэг хөтөлбөр танилцуулсан гэсэн. Цэргүүдээр төмөр замаа бариулаад сарын хоёр сая төгрөгийн цалин өгөх юм байх. Тодруулж хэлбэл түүний яриад байгаа энэ бүтээн байгуулалтад Монголын болон гадаадын ямар ч аж ахуйн нэгж оролцохгүй, буутай цэргээр мануулж байгаад цэргийн хүчээр (үнэгүй) төр өөрөө төмөр замаа барих юм гэсэн. Яг нөгөө хойд Солонгос шиг. Яваандаа айлын хашаанд барих жорлон болгоныг төр барих юм байгаа биз.
Анх эхэлсэн асуудал руугаа эргэж орьё. Хонгилын тухай...
Хүн болгон л хонгилын тухай яриад байх авч хонгилыг хэрхэн нураах тухай огт ярихгүй байгаа нь гайхамшиг юм даа. Хууль, шүүхийн байгуулагынхныг яаж улстөрчдөөс, эрх мэдэлтнүүдээс хараат бус, хуульд захирагдаж ажилладаг болгох вэ? гэж. Цагдаа, прокурор нь бол угаасаа эрх барьж байгаа намын өмч байсан. Тэр хэвээрээ л байгаа. Монголд хэрвээ шударга ёс гэж байдаг бол түүний хамгийн сүүлчийн багана болох шүүх нь одоо нурж унаж байна.
 Ц.Элбэгдоржийн үед ядаж л “шүүгчийн хараат бус байдал, шударга ёсны” тухай ярьж болдог, мөрөөддөг ч байлаа. Харин одоо хараат бус байх нь өөрөө хараат байдлыг үүсгээд байгаа учраас нэгмөсөн хараат байя. ШЕЗ ч хэрэггүй, шүүгчдийг сонгон шалгаруулах ч хэрэггүй. Ерөөөсөө Хууль зүйн яам, эсвэл Ерөнхийлөгч өөрөө шүүгчийг томилоод, тэгээд хэр шударга ажиллаж байгааг нь дээрээс хянаад явчихья гэж байна. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр тийм л зүйл яриад байгаа шүү дээ. “Шүдгүй арслан болчихлоо” гэдэг нь тийм учиртай. Араа шүд нь өөр хүний аманд явна гэнэ. Тэрийг нь батлах гэж Л.Гансүх гэдэг хүн “цензургүй” ярьсан байх нь.
Ингэж нэг нэгээрээ цуварч, нэг асуудлаар бие биенээ “гүтгэж” байхаар нийлж суугаад нэг удаа асуудлаа ярилцвал яасан юм. Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр нэг ширээнд суугаад шүүхийг, шүүгчдийг хэрхэн тухайгаа. Тэгэхгүй бол ар араасаа хөөцөлдсөн энэ хов жив, хэрүүл тэмцэл чинь Монголыг тэр чигээр нь хувааж, хагалж дууслаа. Сонгуулийн үеэр дэвшүүлсэн “Монгол ялна” уриа чинь одоо “Монгол ална” дээрээ буучихсан байна шүү, Ерөнхийлөгч өө!   

Б.Заяа
 
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан