Уинстон Черчиллийн гайхамшигт амьдрал

Гайхамшигт улстөрч, цэргийн зүтгэлтэн, сурвалжлагч, зохиолч, бас зураач энэ хүний амьдрал бүжгийн танхимын өлгүүрт төрснөөр эхэлсэн байна. Ар гэрийнхэн нь, “Төрөх чинь хэзээ хэзээгүй дөхчихөөд байна” гэж хориглосоор байхад ээж Женни Черчилль нь бүжгэнд явж, тэндээ өвдөж эхэлснээр бяцхан Уинстон Леонард Спенсер Черчилль өлгүүрт төрсөн нь тэр.
Уинстон Черчилль
Улс төр сонирхдог, ялангуяа ХХ зууны түүх, шинэ цагийн английн түүхийг уншдаг, дэлхийн хоёрдугаар дайны тухай мэддэг хүн бүр энэ хүний тухай уншаагүй, харалгүй өнгөрөөгүй нь лавтай. Фашист Германыг ялсан ялалтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Английн ерөнхий сайдын тухай мэдэхгүй хүн бий гэж үү.
Гэхдээ Черчилль өөр олон сонирхолтой албан тушаал хашиж байсан юм шүү дээ. Тэр Дотоод хэргийн сайд байж, усан флотын анхны лорд, сангийн сайд ч байлаа.
Зарчимч, итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн зорилготой тэр бүр залуугаасаа л санаж бодсоноо, ялангуяа таалагдаагүй зүйлээ шууд хэлчихдэг байснаас бусдыг ямагт цухалдуулдаг нэгэн байсан гэдэг.
Бүр сургуульд байхдаа өөрт нь сонирхолгүй хичээлээ давтах судлахаас татгалздаг, үүнийг нь ч багш нар нь нэг их албаддаггүй, сурагчийнхаа энэ этгээд араншингаас гарах өөр арга зам хайдаг байсан гэнэ.
Боловсрол
Тэр цаашдаа Генрих VI-ийн үндэслэн байгуулсан Итоны коллежид сурсан нь цаашдынх нь улс төрийн төлөвшилд сайнаар нөлөөлсөн байна. Харамсалтай нь тэр нэг их амжилттай сурсангүй, сахилгаар ч таатай байгаагүйгээс түүнийг өөр сургуульд суралцахыг зөвлөж, тэгээд ч уушгины өвчтэйг нь бодоод ээж нь гэртээ ойр суралцуулахыг бодсоноор Харроу сургуульд суралцжээ.
Харин энд Черчилль өөрийнхөө дуртай хичээлүүдээ л үзэж өөр бусад хичээлээс шууд татгалзаж байжээ. Тэгээд ч эцэг, эх хоёр нь хүү нь багадаа 1500 гаруй тугалган цэрэгтэй, түүгээрээ хэдэн цагаар уйдахгүй тоглодог байсныг нь бодоод түүнийг цэргийн хүн болгохоор шийдсэн байна.
Энэ л чухам зөв шийдэл байснаар тэр шалгалтаа амжилттай өгсөн 12 оюутны нэг болж чадсан юм. Ингээд тэр Хатан хааны цэргийн сургуульд элссэн байна.
Цэргийн алба
Сургууль төгссөн бага дэслэгчийг шууд л торгон цэргийн хороонд хуваарилж эхний жилдээ хоёр ч хүнд шалгуурыг давсан байна. Тэр жил эхлээд эцэг нь, дараа нь яг өөрийг нь өсгөсөн асрагч Элизабет нь нас барсан байна. Залуухан офицер чөлөөт цаг бүхнээ өөрийгөө боловсруулахад зориулж байлаа. Тэр түүх сонирхож түүхийн янз бүрийн баримтуудыг анхааралтай үзэж харьцуулан судалж байлаа.
Залуу дайчны анхны байлдааны туршлага босогчдыг нь дэмжиж байсан Кубад болсон байна. Тийшээ явахын тулд эхийнхээ нэр нөлөөг ашигласан гэдэг.
Удалгүй Черчиллийн алба хааж байсан хороо Энэтхэг рүү, дараа нь Судан руу явлаа. Ингэж дөрвөн жил алба хаагаад Черчилль цэргээс халагдсан байна.
Цэргийн сурвалжлагч
Черчиллийг улс төрийн зүтгэлтэн, цэргийн албан хаагч гэж бодож байвал бас утга зохиолын хүн гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй. Цэргийн сурвалжлагч өгүүллүүдээ нийтлүүлж, бичлэгийн анхны шагналаа авсан нь санхүүгийн байдлыг ч сайжруулж, бас урам өгчээ. Уншигчид ч Черчиллийн бичлэгийг таашааж энэ нь бүр “Нью-Йорк таймс”-т нийтлэгдэж байжээ. Гэхдээ тэр ямагт хараат бус, өөрийнхөөрөө байсан гэдэг. Тэр цэргийн сурвалжлагч байхдаа зүгээр ч нэг бичээд суухыг бодсонгүй, жинхэнэ зоригтон, тулааны хамгийн халуун цэгт очиж үүрэг гүйцэтгэхэд бэлэн, ингэж ч хүсдэг байжээ. Энэ эр зориг нь хожмоо түний улс төрийн замналд нь тун их хэрэг болсон байна.
Уинстон Черчиллийн хэл яриа гажиг
Цэргийн алба хааж дуусаад Черчилль өөрийгөө улс төрд бэлтгэж эхэлсэн байна. Тэр юуны өмнө өөрийнхөө дутагдалтай талууд дээр ажиллаж эхэлжээ. Тэр нь тийм ч цөөн биш байлаа. Черчилль олны дэмжлэгийг хүлээхийн тулд тодорхой чанарууд эзэмших ёстой гэдгийг сайн ойлгож байлаа. Гадаад төрх ч чухал гэдгийг мэдэж байсан ч энэ талаар түүнд давуу тал байсангүй, Нуруугаар нэг их өндөр биш, нэг их таатай төрхтэй байгаагүй юм. Хамгийн гол түүний дутагдал бол бүр багаасаа л тультраа байсан явдал байв. Черчилль мэргэжилтнүүдэд хандаж, олон цагаар ярианы дасгал хийж, уран илтгэгчдийн бичлэг илтгэлийг судалж эхэллээ. Сайн илтгэгч болохын тулд хичээсэн нь талаар өнгөрсөнгүй, ярианыхаа гажгийг засаж чадсан байна.
Уинстон Черчилийн улс төрийн замнал
Черчилль нэрд гарч, олон түмний хайр талархал хүлээсэн нь англо-бурын дайнаас үүдэлтэй. Тэгэхэд тэр хуягт галт тэрэг хамгаалахад эр зоригтой тулалдан, олзлогдож, дараа нь оргож гарсан байна. Энэ явдал Английн хэвлэлээр түгж түүний эх оронч зүтгэлийг олон түмэн нааштайгаар үнэлж дэмжжээ. Энэ алдаршсан нэрээрээ тэр чу­хам төлөөлөгчдийн танхимын сон­гуульд амархаан ялсан байна. Эн­дээс л залуу улстөрч өөрийн хүлээн зөвшөөрдөггүй консерватив эрх баригчдыг айж эмээхгүйгээр шүүм­жилж байгаад дөрвөн жил өнгөрөхөд либерал намд элссэн байна.
1905 оны эцэс гэхэд тэр ко­лонч­­лолын асуудал эрхэлсэн дэд сайд болжээ. Ингээд 1908 он гэхэд Худалдаа аж үйлдвэрийн сай­даар томилогдлоо. Энэ албан тушаалд байхдаа тэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажиллах жилийн та­лаарх хууль тогтоомжийг гаргуулсан байдаг.
Дараа нь тэр Дотоод хэргийн сайдаар ажиллаж энэ хугацаанд гадаад улс төрийн бодлогод идэвх­тэй оролцож байлаа. Иймдээ ч тэр Германтай харилцаа хурцдаад ирэх үед бүс нутаг дахь цэргийн нөхцөл байдал, оролцооны талаарх баримт бичиг бэлтгэж Ерөнхий сайдад өгсөн байна. Түүний боловсруулсан баримт бичиг Ерөнхий сайдад таалагдаж түүнийг 1911 онд Английн тэнгисийн цэргийн хүчний адмиралейств гэдэг захиргааны анхны лордоор томилсон байна.
Дэлхийн нэгдүгээр дайн
Дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд Черчилль цэргийн ажиллагааны судсыг барьж байлаа. Англи улс дайнд орохоос бүр өмнө ч Черчилль усан флотыг цэргийн байрлалд оруулчихсан байсан юм. Тэр байлдааны ажил­лагаанд биечлэн оролцож анх­ны танк хийх хороонд орж ажиллаж байлаа. Дарданеллийн хоолойг эзлэх холбоотны цэргийн ажиллагааг тэр санаачилж энэ нь ч амжилттай болсноор лордын гавьяаг цуурайтууллаа. Улмаар 1917 онд түүнийг Зэвсэгт хүчний сайдаар томил­лоо. Хоёр жилийн дараа гэхэд тэр цэргийн хэргийн болон хатан хааны тэнгисийн цэргийн сайд болсон байлаа. Тэр большевизмын эсрэг хатуу байр суурьтай байж, Орост зөвлөлт засаг тогтоход аль болох саад хийх, Орост интервенц хийхийг дэмжиж байсан юм.
Черчилль Дэлхийн хоёрдугаар дайн
Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх хүртэл Черчилль Сангийн сайдын ажил хийж байлаа. Санхүүгийн асуудал түүнд ойр биш нэг л амжилттай байсангүй. Харин тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд Английн ерөнхий сайдын хувьд нэрээ мөнхөлж үлдээсэн юм. Түүнийг Английн ерөнхий сайдын суудалд нам нь нэр дэвшүүлж олонхын санал авсандаа ч биш харин өөрийнхөө хувийн чанараараа тодорсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайн Уинстон Черчиллийн хувьд улс төрийн хувьд дүүрэн амжилтын жилүүд нь байсан юм. Тэр Гитлерийн эсрэг холбоотны эвслийг үндэслэгчдийн нэг байлаа. Шинэ ерөнхий сайд тэрбээр Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг бий болгосон байна. Иймдээ ч тэрбээр дайны жилүүдэд хүн амынхаа олонхийн дэмжлэгийг хүлээж чадаж байсан юм. Түүний талд английн хүн амын 84 хувь нь байлаа.
Черчиллийн улс төрийн замналын төгсгөл
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Черчилль улс орондоо хоёрдугаар зэргийн хүн боллоо. Юун түрүү эдийн засгийн хүндрэл нөлөөлснөөр ээлжит сонгуульд тэр ялагдсан юм. Ингээд тэр улс төрөөс зайгаа барьж утга зохиолынхоо ажлаар оролдож эхэлжээ. Энд тэр “Англи хэлтэн ард түмнүүдийн түүх” бүтээхийн зэрэгцээ Дэлхийн хоёрдугаар дайны тухай дурсамжаа бичсэн байна. Түүний бүтээлүүд олны талархал хүлээж Нобелийн утга зохиолын шагнал хүртсэний зэрэгцээ тэр бас уран зураг сонирхож олон бүтээл туурвисан байдаг.
1946 онд Уинстон Черчилль Зөвлөлт холбоот улсыг олон улсын тавцан дахь хүндрэлийн төлөө ил тод буруутгасан үгээ хэлсэн байна. Хэдхэн хоногийн дараа Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины олон улсын байдлын талаарх ярилцлага “Правда” сонинд гарснаар “Хүйтэн дайн”-ы суурийг тавьсан түүхтэй. Фэлтонд Черчиллийн хэлсэн үг чухамдаа зөвлөлтийн талынханд шалтаг болсноос биш тухайн үед тэр төрийн ямар ч албан тушаал хашихгүй л байсан л даа.
Сүүлчийн жилүүд
Насны хувьд залуу биш, тэгээд ч архи, тамхи байнга хэрэглэдэг түүний бие аажмаар муудаж байлаа. 1949 онд зүрхний хөнгөн шигдээс боллоо. Гэхдээ тэр шантарсангүй дараа жил нь болсон сонгуульд нэр дэвшиж дахиад ерөнхий сайд болов. Гэвч бие нь улам муудаж байсан ч чөлөөлөгдөхийг хүссэнгүй, лордуудын танхимын суудлаасаа ч татгалзаагүй юм. Ингэсээр 1955 онд л 80 насандаа жинхэнээр чөлөөлөгдсөн байна.
Тэр анхны шагналаа 24 насандаа авч байсан бол нийтдээ Их Британийн 20, гадаадын 21 хүндэт шагнал хүртсэн юм.
Уинстон Черчилль 1965 оны нэгдүгээр сарын 24-нд 90 насандаа зүрхний шигдээсээр өөд болоход оршуулахад нь их буугаар 90 удаа буудаж ёслон, хатан хааны гэр бүлийнхэн, засгийн газрын бүх гишүүд оролцсон бол дэлхийн 112 улс энэ аугаа хүнийг сүүлчийн замд нь үдэхээр төлөөлөгчөө явуулсан байдаг.

Х.Өлзийбаяр
 
 
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан