Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” явцуухан улстөр


Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор.
Үүний нэг нь нүүрсний гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал. Чуулганаар өнөөдөр хэлэлцэх энэ асуудал олны анхаарлыг тэгж их татах болсон нь учиртай.
Бүрэн эрх нь хөндөгдөж буй гурван гишүүний хоёр нь Өмнөговь аймгаас сонгогдсон, тус аймгийн 73 мянган иргэн төрд төлөөлөлгүй болохын өмнө ирээд байна гэсэн үг. Төрд төлөөлөлгүй болно гэдэг улстөрийн хувьд ч, нийгмийн хөгжлийн хувьд ч, эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч асар их хохиролтой. Иргэдийн наад захын эрх ашиг хөсөрдөнө. Бусад тойргийн сонгогчдод хамаагүй байх л даа. Гэхдээ бүхэл бүтэн нэг аймгийн сонгогчдыг “хохь нь” гээд хаях сонголтыг Монголын төр хийх эсэхийг харах л үлдлээ.
Өмнийн говь нутаг бол байгалийн баялгийг харамгүй хайрласан, хөрсөн дороо асар их эрдэнэстэй газар. Энэ нутгийнхан баялгийн өгөөжөө ч харамгүй хүртэж, ахуй амьдралаа дээшлүүлж яваа. Жил гаруй өмнө Өмнөговьд очиход тэнд хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, амьдралын хангамж, иргэдийн худалдан авах чадвар, хэрэглээ гээд олон зүйлийг гэрэл гэгээтэйгээр ярих боломж хэдийнэ бүрдсэнийг олж харсан билээ.
Иргэдэд хүрч буй баялгийн өгөөж энэ. Харин өнөөдөр тус аймгаас сонгогдсон хоёр гишүүн нь баялгийн балгийг хүртэхдээ тулж иржээ. Ийн хэлэх болсон нь учиртай.
Эдийн засаг нь олон тулгуурт биш манай улсын хувьд экспортын орлогын цөм нь нүүрс. Тэгвэл нүүрсний экспортыг анх эхлүүлсэн хүн нь өнөөдөр шүүгдэхэд хүрээд байгаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Хятад компани эзэрхсэн нүүрсний экспортыг Монгол компанид авчирч, 30 гаруй сая долларын хөрөнгө оруулан үндэсний тээврийн “Тавантолгой транс”-ыг үүсгэн байгуулж байсныг нутгийнхан мэддэг, ярьдаг. Тухайн үед Өмнөговь аймгийн 15 сумын 350 гаруй иргэнд том оврын техник жолоодож сургах ажлыг зохион байгуулснаар анхны цуваа нүүрсний тээвэрлэлтээ эхэлж байж.
Ингэж нүүрсний экспортоос хятадын нөлөөллийг шахсан нь хожим түүнийг буруутгана чинээ бодоогүй биз, тэр өөрөө.
Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой”, “Тавантолгой транс” компанийн хоорондын өр авлагыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж буруутгасан байна лээ. ХОМ-ийг нь харахад 20 гаруй компанийн хувьцаа эзэмшдэг. Дээрх хоёр ч үүнд багтана. Гэхдээ олон мянган хувьцаа л эзэмшигчийнх нь нэг болохоос өөрөө гардан гүйцэтгэх удирдлагыг хийж яваагүй. Компани хоорондын өр авлагаас эхлээд бусад асуудал гүйцэтгэх удирдлагад л хамаатай.
За буруутгасан хоёр дахь үндэслэл нь “Тавантолгой” ХК-д захирал, нягтлан томилж, өөртөө илүү их ногдол ашиг авсан гэх. Хувьцаат компанийг хэн удирдахыг нэг хувьцаа эзэмшигч биш Төлөөлөн удирдах зөвлөл шийднэ. “Тавантолгой”-н ТУЗ 9 хүний бүрэлдэхүүнтэй, 5 нь аймгийн ИТХ-аас сонгогдсон, 4 нь 49 хувийн хувьцаа эзэмшдэг хүмүүс. Нээлттэй хувьцаат компанийн захирал, нягтлан нь ганц хувьцаа эзэмшигчтэй үгсэн хуйвалдаж илүү их ногдол ашиг тараах ямар ч боломжгүйг эдийн засгийн мэдлэггүй би ч мэдээд байхад гэх гайхшрал төрснөө нуух юун.
Нөгөөтэйгүүр ногдол ашгийг илүү авч, Капитрон банкаар дамжуулан мөнгө угаасан гэдэг. Угтаа ногдол ашгийг тараах эсэхийг тус компанийн ТУЗ, нийт хувьцаа эзэмшигчдийн хурал нь шийдэж, Хөрөнгийн бирж хянадаг. Тэгэхээр Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани “Тавантолгой”-н ямар ч асуудал Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор байх нь тодорхой.
Түүнийг буруутгаж байгаа үндэслэлүүд дотор “51 хувь буюу Өмнөговь аймгийн ногдол ашгийг дутуу олгосон” гэсэн үг өгүүлбэр байгаа. Гэтэл энэ нь Даланзадгадын дулааны станцад засвар хийх хөрөнгийг “Тавантолгой” ХК-аас гаргаж, Өмнөговь аймагт оногдох ногдол ашгаас суутган тооцох тухай аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу хийгдсэн ажил аж.
Гэх мэт олон баримт тоочиж болно. Хэнд ч илт. Гэхдээ Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэн нэгэнд маш ашигтай учраас явцгүй улстөр хийж буй ядсан арга гэж харагдаж байна.
Эцсийн дүгнэлтийг та хийгээрэй.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан